Нийслэлийн Захирагчийн албанаас өчигдөр нийтийн тээврийн маршрутыг хоёр дахиа өөрчилж, зарим замын зөрчих хөдөлгөөнийг өөрчилсөн нь түгжрэлийг зохиомлоор өсгөлөө хэмээн иргэдийг бухимдуулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалттай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албанаас Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд:
-"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, иргэдийг тайван байдлаар хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэх эрх, үүрэгтэй.
Тус хуулийн 8.1-д замын хөдөлгөөний хэвийн аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал чиглэлийг өөрчлөх, хаах эрх үүрэгтэй. Тиймээс гуравдугаар сарын 12-ны 17:50-19:20 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл хойноос урагш чиглэж буй 2 км замын хөдөлгөөний хоёр эгнээг гурав болгосон.
Олимпын гудамжтай холбоотойгоор "Шангри Ла"-ийн уулзвараас урагшаа И-мартын уулзвар хүртэл 1.7 км газарт замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор эсрэг талын урсгалын нэг хөдөлгөөнийг сөрүүлж, ачааллыг сийрэгжүүлэх зохион байгуулалт хийсэн.
17:50 цагт Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг гурван эгнээ болгож, хойноосоо урагш чиглэлд явуулахад 18:40 цагийн үед ямар нэгэн байдлаар энгийн үеэс эрс өөр, ачаалал багассан.
Үүнийг 30 минутаар сунгаж үзэхэд Уулын зам, Зайсангийн замын орчимд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг 19:30 цагт авч, 20:45 цагт хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн.
Нэгэнт үүссэн хөдөлгөөний ачааллыг сийрэгжүүлэх чиглэлээр ажиллаж 21:40 цагт байхгүй болсон. Энэ зохицуулалтыг хийхээс бусад үед замын хөдөлгөөний ачаалал 22:00 цагт хэвийн болдог. Баяр ёслолын үед энэ ачаалал 23:00 цаг хүртэл сунгагддаг.
Өчигдрийн урсгалынхаа дагуу өнөөдөр 07:00-07:30 цагт замын хөдөлгөөний зураг авалт хийсэн. Ингэхэд 08:26 цагт Улаанбаатар хот руу орж ирэхэд хамгийн их ачаалал үүсгэдэг цэг болох Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны орчимд ямар нэгэн замын ачаалал байхгүй болсон.
Урьд нь ХААИС-ийн хойд талын Туулын шинэ гүүр баригдахаас өмнө замын ачаалал нэмэгдэж гацаадаг байсан. Энэ тохиолдолд 20-45 удаа тухайн замын зорчих хэсгийг түр хугацаагаар хааж хөдөлгөөнийг сийрэгжүүлсний дараа тухайн замыг нээдэг байсан.
Иргэдийн сэтгэл ханамжийг тодруулж үзсэн. Энэхүү шийдвэрийг цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлж саармагжуулсан" гэв.