“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 12-нд Баянгол дүүрэгт үргэлжиллээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд 6 дугаар Бичил хороолол буюу Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны төрийн албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар тус хэсгийг “Бичил төв” болгон бүсчлэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн юм.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот хүнсний хангамж, аялал жуулчлалын асуудлаа 21 аймгийн тусламжтай шийддэг. Тээвэр логистикийн асуудлаа шийдэхийн тулд Төв аймгийн зарим сумдтай хамтран ажилладаг. Энэ мэтчилэн бусад аймгуудтайгаа харилцан таталцаж байж Улаанбаатар хотын асуудлыг системтэй шийдэж чадна. Тиймээс хотын хөгжлийн асуудлыг дангаар нь ярих бус хот орчмын бүсүүдтэй нь хамтатган хэлэлцэх учиртай. Цаашид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчидтайгаа хамтдаа хэлэлцэж, тулгарч болзошгүй асуудлуудыг сонсон, шийдэл боловсруулах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм” хэмээв.
Баянгол дүүргийн 34 хороонд 252,979 хүн оршин суудаг.
Тус дүүргийн хувьд 2021-2024 онд боловсролын салбарт 172.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 цэцэрлэг, 13 сургууль ашиглалтад оруулсан. Мөн 205 байршилд тохижилт хийж, 58.6 км авто зам шинээр тавин, шинэчлээд байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 3, 10, 11, 22 дугаар хороонд хэрэгжиж байгаа бөгөөд өдгөө 336 айлын гурван блок барилга ашиглалтад ороод байгаа юм. Харин “Бичил төв” буюу 9, 10, 21, 22, 23 дугаар хороо нийт 36,777 хүн амтай. Тухайн бүсийн 20 хувь нь орон сууцны хороололд, 80 орчим хувь нь гэр хороололд оршин суудаг байна.
Уулзалтад оролцсон Баянгол дүүргийн төрийн албан хаагчдын зүгээс гэр хороолол ихтэй тус хэсгийг бүсчлэн хөгжүүлж, дэд бүтэц, стандартын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг онцолж байв. Түүнчлэн анхан шатны нэгжүүдэд тодорхой хэмжээний эрх мэдэл олгож, иргэдийн гаргасан өргөдөл, саналыг газар дээр нь шийдэх боломж нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн чадамжийг олгох хэрэгтэйг дурдаж байлаа.