Гадаад харилцааны сайд, "Монголын улаан загалмай" нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаеваг гуравдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хүмүүнлэгийн хүч чармайлтыг өндрөөр үнэлж, тус байгууллага МУЗН-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирснийг сайшаан дурдав.
Мөн тэрбээр Монгол Улсад тохиолдож буй зудын нөхцөл байдал, үр дагавар, түүнийг даван туулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгцээ шаардлагын талаар танилцуулж, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн хариу арга хэмжээний сангаас 1,900 өрхөд 459,250 швейцар франкын тусламж, уг холбоогоор дамжуулж Европын Холбооноос 1,850 өрхөд 500,000 ам.долларын тусламж үзүүлэх болсонд талархал илэрхийллээ.
Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаева сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, МУЗН-ийн үйл ажиллагаа улам бэхжиж байгааг онцлов.
Тэрбээр манай улсад тохиолдож буй зудын гамшгийг даван туулахад тус байгууллага болон улс орнуудын үзүүлэх тусламжийг яаралтай хүргэх, нэмэгдүүлэхийн төлөө үргэлжүүлэн ажиллахаа илэрхийлсэн.
Хатагтай Ольга Жумаева зудын гамшигт хамгийн их өртөж, их хэмжээний хохирол амссан Сүхбаатар, Дорнод аймагт ажиллах юм.