Чингис хаан Үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна.
БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд манай улсын орон нутгийн 3, Улаанбаатар хотын найман байгууллагын 28 мэргэжилтэнд сэргээн засварлалтын орчин үеийн арга технологийг танилцуулж, үзмэрт сав баглаа боодол хийх, шавар болон керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, дадлага хослуулан зааж байгаа аж.
Сургалт энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд мэргэжилтнүүд олон улсын сертификаттай төгсөх юм байна.
Сануулахад жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг. Уламжлал ёсоор энэ өдрүүдэд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг билээ. Одоогоор иргэдэд үнэгүй үйлчлэх музейн хуваарь гараагүй байна.