Дүнжингаравын уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон дэлбэрэлтийн улмаас түлэгдэж, бэртэж гэмтсэн 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ. Тус иргэдийн биеийн байдал, эмчилгээний явцын талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэнхийн төвийн тасагт одоо хоёр үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал тогтвортой. Нэг үйлчлүүлэгчид нэг мэс засал, нөгөөд нь хоёр мэс засал хийгдсэн. Мэс заслын эмчилгээ амжилттай болж, эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
Мөн тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан хоёр үйлчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа.
Эрчимт эмчилгээний тасагт зургаан үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байсан. Үүнээс
- Хоёр нь ар гэрийнхний хүсэлтээр гадаад улс руу эмчилгээнд явсан.
- Дөрвөн үйлчлүүлэгч харамсалтайгаар нас барсан.
Дөрөв дэх үйлчлүүлэгч Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд, гурав дахь үйлчлүүлэгч 4-5 хоногийн өмнө нас барсан. Нас барсан иргэдийн түлэгдэлтийн зэрэг нь 80-95 хувь буюу амь нас насны заалттай, амьсгалын аппаратын тусламжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан юм. Одоо Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй.
- Нэгдүгээр сарын 27-нд нэг иргэн
- Нэгдүгээр сарын 31-нд нэг иргэн
- Хоёрдугаар сарын эхээр нэг иргэн
- Хоёрдугаар сарын 10-нд нэг иргэн нас баржээ.
Мөн ослын үеэр гурван гал сөнөөгч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон билээ.