Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар:
-"Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олголт хийж, замбараагүй орон сууцны хорооллууд барьсан. Эхнээс нь дурдаж хэлье.
Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Голден парк гамшиг болсон хороолол. Үүний алдааг засах гэж ажиллаж байгаа. Айлуудаас газрыг нь янз бүрийн байдлаар шахаж, шаардаж авахаар барилгын компаниудын удирдлагууд хэвлэл мэдээлэлд захиалга өгч нийслэл рүү дайрах ажлуудыг зохион байгуулдаг юм билээ. Үүнээс шантрахгүй. Энэ жил Голден паркийг дахиад сургууль, цэцэрлэгтэй болгох ажил эхэлнэ.
Хоёрдугаарт Алтай хотхон. 12,000 айлтай хэрнээ сургууль, цэцэрлэггүй. Сургууль, цэцэрлэгтэй болгох асуудлыг энэ жил шийднэ. Маршал таун, Эко констракшн, Кинг тауэр гээд маш их асуудал дагуулсан хороолол барьж буй нөхөд бий. Гурав дахь өдөр Кинг тауэрт очно. Тус хорооллын урд талын 5,000 м.кв газрыг авах асуудлаар газар дээр нь очно. Улсын сургууль, цэцэрлэг барих мөнгийг одоо тавина. ААН-үүд надтай шүүхэдвэл шүүхэднэ биз, шийдвэрээ гаргасан.
"Тайгам Алтай" компанийн захирлууд багахан шиг дарваганаарай гэж хэлмээр байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцөлд гацаа хийгээд байгаа юм. Алтай, Олимп хотхоныг "Тайгам Алтай" компани барьсан. Тайгам Алтай компанитай холбоотой бүх ажлыг зогсоо. Яг адил явна. Авсан бүх газар нь цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг надад танилцуул.
Хан Хилс хотхон өөрийн газар дээр барилгаа дүүргэж барьчихаад нийтийн эзэмшил дээр сүүдрэвч, иргэдийн амрах орчин барьчихаад байна. Энэ бол хөгийн шунал. Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд газрууд хэрхэн олгогдсоныг мэднэ. Барилгын хэдэн том компаниудтай үзэж байгаад дуусна. Өмнө нь хэдэн том авлигачидтай үзээд ард нь гарсан. Барилгын компаниуд хэрхэн газар, зөвшөөрөл авсан, ямар ашиг олсныг мэдэж байгаа. Одоо жоохон ч гэсэн сэтгэл гаргаад байранд орсон хүмүүсээ сургууль, цэцэрлэгтэй болгох газар нийслэлд өгчихөөч.
Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны алдартай хороолол байгаа. НИТХ-ын төлөөлөгч нарт газрыг олголоо гэж яригдаж байсан, дараа нь га, га-гаар газрын наймааны золиос болсон. Түгжрэл энэ бүхэн чинь өнгөрсөн 30 жилийн алдааг хийсэн нөхөд гурван сар ажиллаж байгаа над дээр тохно гэвэл ёстой үгүй.
Барилгын том компаниудтай үзсэн шиг үзээд дууссан шиг дуусна. Би газрыг, бизнесийг булааж авах биш хотхон, хорооллын оршин суугчдын хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг барих гэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн газар өгөхгүй гэж бүгд уллаж суугаа" гэсэн байна.
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4,002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4,000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөжээ.