2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтийн зам, талбайн цэвэрлэгээний ажлыг дүүргүүд хариуцан ажиллаж байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн зам, талбайн цэвэрлэгээний ажлын талаар Засаг даргын орлогч Д.Ундармаа мэдээлэл өглөө.
Тэрээр "Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний найман байгууллагын 215 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн 239 км авто зам буюу 3,736,980 мкв талбайг цэвэрлэж байна.
Бодис, давс сайн уусгаж хайлуулж байгаа боловч газрын гадаргаа хүйтэн байгаа юм. Зам талбайн ажилчид маань нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, овоолсон хар цасыг ачих, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр дүүргийн хэмжээнд хоёр ээлжээр буюу шөнийн тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулан ажилладаг" гэв.
Мөн тус дүүргийн зам, талбайн үйлчлэгч Н.Амарбаясгалан "Цасны давтамж өмнөх өвлийнхөөс арай л их байна. Бид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Даанч цас их орсны улмаас зам, талбайг цэвэрлэж амжихгүй байгаа. Зам, талбайг цэвэрлээд дууссаны дараа дахиад цас орчихдог. Энэ жил хайрга дайрга, бодисыг хангалттай цацаж байгаа" гэлээ.