Оны эхний сард Монгол Улсад 34 мянга гаруй жуулчин ирснийг БОАЖ-ын сайд мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн үзүүлэлт болж байна. 2023 оны нэгдүгээр сард Монгол Улс 19.3 мянган жуулчин хүлээн авч байжээ.
“Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр хэрэгжсэнээр нэг суманд дунджаар 15 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжтойг салбарын сайд онцолсон байна. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад хамгийн ихээр зорчсон солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, бодлогын хүрээнд олон улсын аялагчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа. “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг Булган аймагт хэрэгжүүлэх бол “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг Архангай аймгаас эхлүүлэхээр болоод байгаа юм.
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, малчин, нутгийн иргэдийг тогтмол орлогожуулах зорилготой “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг “Монголд зочлох жил” болон “Өвлийн аялал жуулчлалыг дэмжих” тогтоолын хүрээнд санаачлан, хэрэгжүүлж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сар дуустал олон улсын болон үндэсний 26 арга хэмжээ хийхээр төлөвлөжээ.
2024 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авч салбарын орлогыг хоёр тэрбум ам.доллар хүргэх зорилт тавиад байна.