Оросын арми хамгийн сүүлийн үеийн дунд тусгалын “Орешник” системийг ашиглан цөмийн цэнэгт хошуугүй, дуунаас хэт хурдан баллистик пуужингаар Днепр хотод цохилт өгсөн гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Өчигдөр буюу пүрэв гаригт телевизээр хийсэн мэдэгдэлдээ "Барууны орнуудаас нийлүүлсэн холын тусгалтай зэвсгээр Оросын нутагт хоёр удаа цохилт өгсөн" гэж Украины Зэвсэгт хүчнийг буруутгажээ. Путиний хэлснээр, Украины тал цохилт өгсөн зорилгодоо хүрээгүй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ "Тухайн зэвсгийг үйлдвэрлэсэн орны мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр Оросын объектуудад барууны зэвсгээр цохилт өгөх боломжгүй байсан бөгөөд Оросын объектуудад цохилт өгөхөд зэвсгээ ашиглахыг зөвшөөрсөн улс орнуудын эсрэг Орос улс өөрийнхөө зэвсгийг хэрэглэх эрхтэй. Дайныг хурцатгасны хариуд яг ижил арга хэмжээг шийдэмгий авахаар төлөвлөж байна" гэж мэдэгдсэн байна.
АНУ: Орос Украин руу тив алгасагч баллистик пуужин харваагүй
Оросын арми Украины нутагт тив алгасагч баллистик пуужингаар бус, харин дунд зайны тусгалтай баллистик пуужингаар цохилт өгсөн гэж АНУ-ын шинжээчид үзсэн ба энэ тухай AFP, Reuters агентлагууд тус улсын засгийн газрын төлөөлөгчдийн хэлснийг эш татан мэдээлжээ.
Америкийн албаны хүн AFP агентлагт ярихдаа, Днепрт өгсөн цохилт нь Украины эсрэг хийж буй Оросын дайнд "шийдвэрлэх цохилт" болж чадаагүй гэж онцлон тэмдэглэсэн байна.
Украины Зэвсэгт хүчин: ОХУ Днепр хот руу тив алгасагч пуужин харвасан
Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө Оросын цэргүүд олон төрлийн пуужин харвасан гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдээлжээ. Тодруулбал, “Кинжал” аэробаллистик пуужин, долоон “Х-101” далавчит пуужин, тив алгасагч баллистик пуужин харвасан байна.
Украины ажиглагчдын мэдээлснээр, 50 тонн жинтэй, цэнэгт хошуу нь салдаг РС-26 “Рубеж” тив алгасагч пуужингаар Днепрт цохилт өгсөн байна. Уг пуужинг 2000-аад оны дундуур Зөвлөлтийн үеийн загвараар зохион бүтээж үйлдвэрлэжээ. 6000 км хүртэлх зайд буй байг устгах чадалтай энэ пуужинг 2011 онд анх удаа туршиж байв.
Үүнээс өмнө Украины Зэвсэгт хүчин дайн эхэлснээс хойш анх удаагаа Оросын нутагт Их Британийн "Storm Shadow", Америкийн "ATACMS" пуужингаар цохилт өгсөн юм.
Үүний хариуд В.Путин тус улсын цөмийн шинэчилсэн номлолыг баталсан. “Цөмийн зэвсэггүй аливаа улсын зүгээс цөмийн зэвсэг эзэмшдэг улс орны оролцоо, дэмжлэгтэйгээр ОХУ-ын эсрэг хийсэн түрэмгийллийг ОХУ руу хийсэн хамтын халдлага гэж үзнэ” гэсэн заалтыг оруулсан нь тухайн номлолд оруулсан гол өөрчлөлт ажээ.