Улс төр судлаач Б.Болдбаатартай удахгүй болох УИХ-ын ээлжит сонгууль, улс төрийн гуравдагч хүчний талаар ярилцлаа.
-Юуны өмнө УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байгаатай холбогдуулан өнөөгийн улс төрийн намуудын рейтинг ямар байгааг сонирхон асууя. Судлаач хүнийхээ хувьд энэ чигийн судалгаа, тооцооллыг байнга харж байгаа байх?
-Миний хувьд улс төр хэмээх салбарыг 10 гаруй жил судалж, тодорхой саналуудаар ганц, нэг ном гаргаж байсан. Сүүлийн гурван жилийн турш улс төрийн нам, улстөрчдийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна. Тэр утгаараа нам, улстөрчдийн рейтинг ямар байгаа цаашид унах уу өсөх үү гэдгийг өөрийнхөө түвшинд судлахаас гадна зарим улстөрч, намуудад саналуудаа хүргэдэг.
Монголд улстөрчдийн рейтинг тогтоох судалгаа хийдэг олон байгууллага, хувь хүмүүс, судлаачдын нэгдэл бий. Гэхдээ ихэнх нь цаанаа улс төрийн намуудын захиалгатайгаар судалгааны дүнгээ танилцуулдаг нь нууц биш. Миний хувьд энэ төрлийн судалгааг хамгийн бодитой гаргадаг байгууллагыг Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төв юм болов уу гэж харж байгаа. Тэр утгаараа тус төвөөс сүүлийн үеийн судалгааг саяхан танилцуулсан байна лээ. Би буруу хараагүй бол 100 жилийн түүхтэй өнөөгийн эрх баригч МАН-ын рейтинг түүхэнд байгаагүйгээрээ унасан байсан. Харин сөрөг хүчин болох АН-ын рейтинг бага зэрэг өссөн ч цагаан сонголтын хувьд хүрэхгүй байна. Харин бусад намуудын рейтинг мэдэгдэхүйц өссөн зүйл ажиглагдаагүй.
-Гуравдагч хүчин гэгддэг ХҮН намын хувьд рейтинг нь өсөөгүй байна уу?
-ХҮН нам Монголын улс төрийн гуравдагч хүчин гэж ярих нь өрөөсгөл. Учир нь МАН, АН-тай харьцуулахад аймаг, орон нутгийн үүрийн хэмжээнд ч гишүүдийнхээ тоогоор болон рейтингээрээ хүрэхгүй байгаа. Гэхдээ яваандаа ХҮН намын рейтинг өсөх хандлагатай гэдгийг хэлье. Одоохондоо Монгол Улсад АН болон МАН гэсэн улс төрийн хоёр голлох хүчин байна. Тиймээс гуравдагч хүчин албан ёсоор гарч ирэх цаг арай болоогүй болов уу.
-Гуравдагч хүчин гэснээс саяхан УИХ-д суудалгүй хоёр нам нэгдэн эвсэл байгууллаа. Уг эвслийг улс төрийн шуугианы эзэн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр тэргүүлэхээ мэдэгдлээ. Энэ эвслийн цаашдын чиг баримжаа ямар байхаар байна вэ?
-Аливаа улс төрийн намын бие даасан хүчирхэг байдлыг хангадаг гурван хүчин зүйлс гэж бий. Нэгдүгээрт, гишүүнчлэл буюу тухайн нам, эвслийн цар хүрээ гэсэн үг. Хоёрдугаарт, санхүүгийн чадамж, хөрөнгө мөнгө буюу цар хүрээнээсээ хамаараад ямар хэмжээний хөрөнгө босгож чадахаар байна вэ гэдэг асуудал. Гуравдугаарт, бодлого буюу үзэл санаа. Ийм гурван хүчин зүйлээс шалтгаалж тухайн улс төрийн намын нэр хүнд, нөлөөлөл, дэмжлэг нэмэгддэг. Тэр утгаараа Монголын ногоон нам болон Монголын үндэсний ардчилсан нам гэдэг ямар түүхтэй, ямар үзэл баримтлалтай нам бэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Ногоон намын үүссэн түүх бол ардчилсан хувьсгалтай зэрэгцэн яригдана. Мэдээж үзэл баримтлалын хувьд ногоон улс төр буюу төвийг сахисан, зүүний бодлоготой нам. Харин Монголын үндэсний ардчилсан намын хувьд консерватизм буюу үндсэрхэг үзэлтэй нам. Чөлөөт эдийн засгийг дэмждэг гэхээрээ зарим талаараа баруун үзэлтэй ч адилхан гэмээр. Харьцангуй шинэ улс төрийн хүчин гэж хэлж болно. Хоёулаа УИХ-д суудал авч үзээгүй. Тэгэхээр энэ хоёр нам нэгдэж эвсэл болж байгаа нь тийм ч сонин үзэгдэл биш. Харин эвслийг нь хэн тэргүүлж байгаа нь сонин байлаа.
-Н.Номтойбаярын хувьд тус эвслийг тэргүүлэх болсон нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татсан гэж ойлгох уу?
-Тийм. Жишээ нь Н.Номтойбаяр биш өөр улстөрч тухайлбал, хоёр намын даргын аль нэг нь уг эвслийг тэргүүлсэн бол олны анхаарлыг тийм ч их татахгүй. Харин Н.Номтойбаяр тэргүүлж байгаа учраас л олны анхаарлыг татаад байгаа юм. Олны анхаарлыг татаж чадаж байна гэдэг нь тухайн улстөрчид өөрийн гэсэн улс төрийн хүрээлэл, имиж байна гэсэн үг шүү дээ. Түүний хувьд УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хашиж байсан туршлагатай. Магадгүй олны хэл аманд их өртдөг боловч тэр нь улс төрийн зоригтой шийдвэр, том улстөрчдийн болон намынхаа буруу бодлогын эсрэг тэмцдэгтэй нь холбоотой гэж ойлгодог. Тиймээс л энэ хүн өөрийн гэсэн улс төрийн өнцгийг бүрдүүлж чадсан гэж хэлж болно.
-Үндэсний эвслийн цаашдын замнал юу байна вэ?
-Ирэх оны сонгууль том тойргоор явагдах учир эвсэл байгуулагдах явдал үүгээр ч зогсохгүй болов уу. Ерөнхийдөө жижиг намуудын хувьд эвсэлд нэгдсэн нь илүү үр дүнтэй байх болно. Тиймээс Үндэсний эвсэлд нэгдэх сонирхолтой бусад улс төрийн хүчнүүд цөөнгүй гарч ирэх байх. Магадгүй МАН, АН-ын угшилтай улстөрчид ч энэхүү эвсэлд нэгдэн орохыг үгүйсгэхгүй. Улс төр судлаач хүнийхээ хувьд нэг зүйлийг тодорхой хэлье. Сонгуулиас өмнө Н.Номтойбаярын тэргүүлсэн “Үндэсний эвсэл”-ийг гүйцэх улс төрийн нэгдэл гарч ирэхгүй болов уу. ХҮН намын хувьд ч энэхүү эвсэлд орж магадгүй гэсэн шум улс төрийн хүрээнд дуулдаж байгаа. Тэр утгаараа уг эвслийг бусад улстөрчид болон улс төрийн намууд боломж гэж харж байгаа. Тэр ч утгаараа уг эвсэл цаашид илүү томорно. Магадгүй МАН, АН-ын түвшинд өрсөлдөх хүчтэй нэгдэл болж гарч ирэхийг үгүйсгэхгүй.
-Н.Номтойбаярын хувьд цагтаа МАН-ын залуу лидер явсан түүхтэй. Тэр утгаараа түүний ард МАН-ын зарим нэг ах нар бий гэж ярьдаг. Тэр хүмүүс уг эвсэлд нэгдэх болов уу?
-Зөвхөн МАН-ын гэлтгүй АН-аас салсан ах улс төрчид уг эвсэлд нэгдэхээс өөр сонголт байхгүй л болов уу. Би зүгээр судлаач хүнийхээ хувьд энэхүү эвсэлд нэгдэх сонирхолтой байж мэдэх хэдэн улстөрчийн нэрийг хэлье л дээ. Тухайлбал, УИХ-ын даргын суудлаа шахалтаар өгсөн М.Энхболд байна. Энэ хүний ард тухайн цаг үедээ МАН-ын удирдах албан тушаал хашиж байсан цөөнгүй улстөрчид бий. Мөн МАН-аас хасагдсан улстөрчид олон бий. Ё.Баатарбилэг, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат гэх мэт. АН-аас М.Энхсайхан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нарын хүмүүсийг нэрлэж болно. Өөр содон олон улс төрчид уг эвсэлд нэгдэх магадлалтай. Нөгөөтэйгүүр тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл нь Монгол Улс, Монгол хүний төлөө хийж бүтээе гэсэн чөтгөртэй ч анд болно” гэж тодорхой хэлсэн. Энэ үгний цаад утга учир маш нарийн. Өөрөөр хэлбэл манай эвсэлд МАН, АН-аас хөөгдсөн, зарим талаараа олны итгэлийг алдсан гэж шүүмжлэгдэх улс төрчид ч орж ирж магадгүй шүү гэсэн анхааруулга гэсэн үг. Нөгөөтэйгүүр үндэсний эвслийн хувьд одоогоор нэгдье, нийлье гэсэн хүн болгонд үүд хаалгаа нээнэ. Цаг үе, улс төрийн нөхцөл байдлаасаа шалтгаалж ирсэн хүн болгоныг хүлээж авахаас өөр аргагүй. Тиймээс миний харж байгаагаар уг эвслээс ирэх сонгуулиар УИХ-д суудал авах магадлал өндөр харагдаж байна. Нөгөөтэйгүүр уг эвслийн зарчим нь үндэсний ардчилсан үзэл санаа бөгөөд цаашид нэг нам болох зорилготой. Тэр утгаараа сонгуулийн дараа улс төрийн шинэ хүчин байгуулагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв энэ замналаар явбал ирэх 2028 оны сонгуулиар энэхүү эвсэл жинхэнэ утгаараа Монголын улс төрийн гуравдагч хүчин болох магадлал өндөр байна.
-Н.Номтойбаяр уг эвслийг тэргүүлж байгаа учраас уу. Яагаад гуравдагч хүчин болох магадлалтай гэж?
-Би ярианыхаа эхэнд хэлсэн. Аливаа улс төрийн нам, улстөрчийн чансааг тодорхойлох гурван хүчин зүйл байдаг гэж. Тэр утгаараа Н.Номтойбаярын хувьд хөрөнгө босгох боломж байна. Хүрээллээ тэлэх улс төрийн тодорхой бааз суурь нь байна. Мөн өөрийн гэсэн баруун төвийн болоод либерал үзэл баримтлал байна. Энэ гурван хүчин зүйлс түүнд төвлөрч байгаа учраас Үндэсний эвсэл цаашид нэг нам болж, Монголын гуравдагч улс төрийн хүчин албан ёсоор болох боломж үүслээ гэж харж байгаа. Миний хувьд Н.Номтойбаяртай ямар нэгэн байдлаар харилцаж үзээгүй. Улстөрч хүнийх нь хувьд хэн бэ гэдгийг маш сайн мэднэ. Тэр утгаараа хувь улстөрчтэй нь холбож ийм дүгнэлт гаргаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөөсөө л улс төрийн үйл явц, цар хүрээ, зураглалаараа ингэж тодорхойлогдож байгаа юм.
Өдрийн сонин
Сэтгэгдэл (2)