Авлигатай тэмцэх газраас “но”-той ногоон автобусны хэргийг шалгаж дууссан болохыг мэдээлэв. Энэ талаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс ногоон автобусны хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэлээ. Тэрбээр NTV телевизид өгсөн ярилцлагадаа “Уг автобуснуудын улмаас учирсан хохирол нийт 88.4 тэрбум төгрөг гарсан. Үүнээс 11.5 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын явцад бэлнээр нөхөн төлүүлэх байдлаар төлүүлсэн. Үлдсэн хохирлыг нөхөн төлүүлэх байдлаар нийт 59 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 71.7 тэрбум төгрөгийг битүүмжлэн авахаар болсон. Дээрх хэрэгт тендерийн үнэлгээний гишүүд, шийдвэр гаргасан бүх албан хаагчид болон тендерт шалгарсан компани болон гадаадын компанийг шалгасан.
Хяналт шалгалтын явцад 27 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр 100 ногоон автобус нь үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн байж болзошгүй нь тогтоогдсон” гэжээ.
Үргэлжлүүлэн мөрдөн байцаалтын явцад гарсан хяналт шалтгалтын талаар мэдээлснээр нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318.7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар тендер анх зарлагдсан байна. Ингээд “Тэнүүн Огоо” ХХК шалгарч эхний санхүүжилтээр 134.5 тэрбум төгрөгийг тус компанид шилжүүлсэн бөгөөд Евро-2 маркийн 100 автобус буюу ногоон автобус, дунд багтаамжийн 50 автобус, их багтаамжийн цахилгаан автобус 55 ширхэг тус тус нийлүүлсэн байна. Үүнээс техникийн шаардлага хангасан 46.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан автобус 55, дунд багтаамжийн 50 ширхэг автобусыг тендерийн шалгуурт нийцэж, улсын орлого болгон хүлээн авчээ. Харин ногоон автобус гэх тодотголтой автобуснууд тендерийн шаардлагад нийцээгүй тул хүлээн аваагүй байна.
Сануулахад, Парк шинэчлэлийн хүрээнд есдүгээр сарын 26-нд 80 автобус орж ирсэн бөгөөд тус автобус нь БНСУ-ын Young An корпорацын ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг, 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартынх хэмээн Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээлж байв. Гэвч 2023 оны цоо шинэ гэгдэх уг автобус нь засаж, янзалсан, хэд хэдэн хэсэг халцарч, будаг нь хуурсан “но” илэрч дуулиан тарьж тендерийн булхай илэрсэн байдаг.