НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2674 мандатын хүрээнд Кипр улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчийн албан тушаалд Зэвсэг хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбат томилогдлоо.
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар олон орноос нэр дэвшсэн офицеруудын дунд хэд хэдэн үе шаттай мэргэжлийн ур чадвар, англи хэл, манлайлах ур чадвар, ажиллагааны туршлага, нөхцөл байдлыг үнэлэх чадвар, шийдвэр гаргах чадвар, сэтгэн бодох чадвар зэрэг өндөр шалгууртай сонгон шалгаруулалт явуулсны эцэст Б.Эрдэнэбат генералыг сонгон санал оруулжээ.
Үүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны 22 жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар томилогдсон байна.
Генерал Б.Эрдэнэбат нь 2013 онд АНУ-ын Агаарын хүчний Команд штабын коллеж, 2017 онд АНУ-ын Хуурай замын Дайны коллеж тус тус төгсчээ. Тэрбээр Ирак, Сьерра Леоне, Косово, Судан, Өмнөд Судан улсуудад энхийг дэмжих ажиллагаануудад Ажиллагааны офицерын туслах, Оперативын дарга, Багийн захирагч, Цэргийн ажиглагч, Секторын штабын дарга, Секторын командлагч зэрэг албан тушаалуудад нийт найман удаа үүрэг гүйцэтгэсэн байна.
Тэрбээр Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, НҮБ-ын I, II, III медаль, Бельгийн вант улсын медаль, НАТО-гийн медалиудаар тус тус шагнагдаж байв.
Кипр дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь өнөөдөр дэлхий дахинд НҮБ-аас явуулж байгаа 12 энхийг сахиулах ажиллагааны нэг бөгөөд 1964 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус улсад Их Британи, Австри, Аргентин, Унгар зэрэг 10 орны 800 шахам цэргийн албан хаагч, офицер үүрэг гүйцэтгэж буй.
Газар дундын тэнгисийн гурав дахь том арал болох Кипр улс 1960 оны наймдугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхагласан, 9251 хавтгай дөрвөлжин км нутагтай, 1.2 сая хүн амтай, грек, турк хоёр үндэстэн зонхилон суудаг ба өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдан сөргөлдөөний байдалтай байна. Тус улс 2004 оны тавдугаар сарын 1-нээс Европын холбооны гишүүн болсон байна.