Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан талаар шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
С.Амарсайхан:
-Нэгдүгээрт, олон нийтийн дунд асуулт хэрэгтэй байгаа Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийн асуудлаар өчигдөр бизнес аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсгийн ахлагч нартай хамт уулзаж, ярилцлаа. Өнөөдөр энэ асуудлаар Л.Гантөмөр сайд танилцуулга хийсэн.
Энэ хэлэлцээрийн асуудлыг түр хойшлуулах, хэлэлцээрийг цааш нь үргэлжлүүлж үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг нарийвчлан тусгах, нөгөө талаараа экспортлогч аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ дэмжих, хэрэглэгчдийнхээ хэрэглээг хамгаалах, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартай нийлүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх агуулгаар хэлэлцээрийг цааш үргэлжлүүлж, аж ахуйн нэгжүүдийнхээ саналыг тусган, харилцан ойлголцсон ийм нөхцөлд хийх ёстой гэдэг агуулгаар хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Хоёрдугаарт УОК, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцсэн. Мөн өвөлжилт хаваржилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг явц ямар явагдаж байгаа талаар болон Шадар сайдын тушаалаар аймаг орон нутаг болон сумуудад шуурхай бүлэг ажиллаж, зудын эрсдлийн үнэлгээ хийх, шинэ хоршоо төлбөрийн дүгнэх, малчид шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх, бэлтгэл ажлын талаар анхаарах асуудлыг судалж, газар дээр шийдвэр гаргасан.
Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдааны байгууллага болон мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг зах худалдааны төвд хяналт шалгалт хийгдэж байгаа гэв.