"Манба Дацан-Бодь сэтгэлтэн" эмнэлгийн Зөвлөх, Хүний гавьяат эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
1. Өвөл махан хоол боловсруулах чадвар сайжирдаг.
Гадна байгаль цаг уур туйлдаа хүртэл хүйтрэх бөгөөд хүний биеийн шар үсний сүв хаагдаж, дотоод галын илч ихэсдэг. Тиймээс бодисын солилцоо сайжирч идэвхждэг.
Энэ үед шим тэжээлтэй, бас хүнд чанартай махан хоолыг боловсруулах чадвар сайжирдаг. Тиймээс өвлийн идэш, сүү, аарц цагаагаа хөлдөөж базааж хэрэглээрэй. Өвлийн улиралд бие махбодоо хамгийн шим тэжээлтэй хоолоор тэжээн тэтгэх нь чухал.
2. Дулаан явбал 1000 лан
Өвөл сарны хүч туйлдаа хүртэл ихэссэнээр шөнө уртасна. Нарны хүч туйлдаа хүртэл багассаар өдөр богино болно. Байгаль цаг уур туйлдаа хүртэл хүйтэрч, газар хөлдөнө.
Тиймээс гэр орноо сайтар дулаалж, үслэг, ноосон хувцас гэх мэт зузаан, дулаан гутал хувцас өмсөж биеийг даарч хөрөх, хөлдөх, өвчлөхөөс бүрэн сэргийлээрэй.
3. Өвөл бие, сэтгэлийн ачаалал даах чадвар сайжирдаг.
Өвлийн улирлын био хэмнэлтэй уялдаад хүний бие махбодод шар амарлиад, бадган хураагдаж, хий махбод амарлингуй байдалтай байдаг.
Өвөл бусад гурван улирлыг бодвол бидний бие харьцангуй тэнцвэртэй, амгалан, хамгийн дээд хэмжээндээ хүртэл дэгжирч сайжирдаг гэсэн үг.
Улирлын ийм таатай үед бие, сэтгэл хоёулаа ачаалал даах бядтай байна. Тиймээс эрч хүчтэйгээр сурч судлаж, идэвхтэй ачаалалтай ажиллаж, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.