Монгол улсын экспорт сүүлийн 20 жилийн хугацаанд төрөлжөөгүй, нэг төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай. Энэ нь дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан жилүүдэд ДНБ-ний хэмжээ буурч, үнэ өсөх үед ДНБ-ний хэмжээ нэмэгддэг тогтворгүй өсөлтийг бий болгоод байна.
Иймд цахим эдийн засгийн шилжилтэд тулгуурлан эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлж, экспортын боломжийг өргөтгөхөд хувийн хэвшилд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор төр, хувийн хэвшлийн төлөөллүүд саналаа солилцож байна.
Тус хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С. Баясгалан оролцож байр сууриа илэрхийлэв.
Тэрээр, манай улсын экспортод гаргаж байгаа нийт бараа бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн экспорт. Тиймээс уул уурхайн бус, ХАА-н гаралтай болон бусад бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхэд цахим эдийн засаг, цахим шилжилт нь маш чухал. Цахим шилжилт нь худалдааны асуудлаа илүү хөнгөвчлөх, аж ахуйн нэгжүүдээс гарч буй зардлыг бууруулах, бизнесийн процессууд илүү тодорхой болж, хэрэглэгчдийн ашиглаж буй платформ руу бараа бүтээгдэхүүнээ хэрхэн байршуулах вэ гэх мэт эдийн засгийн маш олон боломжууд гарч ирнэ гэсэн үг.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр эдгээр асуудлыг мөн экспортын боломжийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй ямар асуудал байна, хэрхэн шийдэж болох шийдлийг хамтдаа хэлэлцэнэ гэдгийг хэлэв.
Хэлэлцүүлгийг ЭЗХЯ, МҮХАҮТ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгууллаа.