МҮХАҮТ, МУИС хамтран энэхүү судалгааг 3 жил бүр явуулдаг бөгөөд бизнесийн орчны нөхцөл байдлыг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтүүдээр судалдаг, мөн хамгийн олон аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг үндэсний хэмжээний бизнесийн орчны хамгийн том судалгаа юм.
Бизнес эрхлэх нөхцөл байдлыг нарийвчлан судлахад, төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахад хүндрэлтэй, байдаг төдийгүй бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр хомс, бизнесийн маргаан шийдвэрлэх байдал хангалтгүй байна. Мөн Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд дотоод, гадаад тээврийн нөхцөл байдал, гадаадын улс орнуудын тарифын болон тарифын бус зохицуулалт, худалдаа эрхлэгчдэд тусгайлан хандсан бизнесийн үйлчилгээ хангалтгүй байгаа нь саад болж байна. Гадаад худалдаа эрхлэх боломжийг сайжруулахын тулд хамгийн түрүүнд валютын ханшийн хэлбэлзэл их, тээвэрлэлтийн зардал их хугацаа урт,санхүүжилтийн үйлчилгээ хангалтгүй байгаа нь шийдвэрлэх чухал алхам гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн хэлж байлаа.
Судалгааний гол үр дүн:
2023 оны Бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн ба үнэлгээг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр буурсан дүн байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзсэн.
Судалгааг ерөнхий 5 орчны болон нарийвчилсан дэд орчны 300 орчим үзүүлэлтүүдээр үнэлж үр дүнг нэгтгэдэг. Ерөнхий 5 орчны үнэлгээг авч үзвэл Засаглал хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага ба 2.40 байна.
Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзлээ.
2020 оноос сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт байна. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэжээ.
Энэ удаагийн судалгааг 4-12 сарын хугацаанд үндэсний хэмжээнд хийж, нийт 4606 аж ахуйн нэгжийг хамруулан авсан байна.