МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар БНХАУ-ын Ляонин мужийн Худалдааны Танхимын орлогч дарга Сүй Еэ Туо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийн Монгол Хятад хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын хүрээнд Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах Ляонин муж нь Монгол улстай хамгийн ойр далайн боомттой муж гэдгийг ноён Сүй онцлоод Монгол улстай боомт, тээвэр логистик, уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй тэр дундаа ноос ноолууран эдлэл, махан бүтээгдэхүүн, хятад маягаар амталсан борц худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол, МҮХАҮТ-ын зүгээс Монгол улсад үзэсгэлэн, логистикийн төв барих шаардлага байна гэдгийг онцолж, “UB Expo Үзэсгэлэн, Логистикийн төв” төслийг танилцуулж, Хятадын төлөөлөгчдийг хамтран ажиллах талаар ярилцлаа.
Талууд өөрсдийн сонирхсон салбарын чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох B2B уулзалт, хурал, харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлыг МҮХАҮТ-ын 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусган ажиллах дээр санал нэгдэв.