"Улстөрчдийн дийлэнх нь цаашид эрх мэдэлтэйгээ яаж үлдэх вэ гэдгээ л тэргүүнд тавьдаг явцуухан бодолтой хүмүүсээс бүрдэх болж..."
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цаг үеийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Орон нутагт цас зудтай. Хот суурин газруудад эрчим хүч, бензин түлшний асуудал хомсдолтой гэх мэт. Яагаад бид өнөөгийн ийм хүнд нөхцөл байдал руу орчихов. Цаашид байдал улам л асуудалтай болох шинжтэй байна шүү дээ?
-Манай улс төрчид түлш, шатахуун, эрчим хүчээр хойд хөршөөсөө хамааралтай гэдгээ ирэх ч биш мэддэг байх. Үүний цаана ямар хор уршиг оршиж байгааг нь харин сайн ухаардаггүй юм болов уу. Энэ талаар хэлэхэд нэг их ач холбогдол өгөхгүй л өдий хүрлээ. Анхаараа ч гэхээр попорлоо гэнэ. Ер нь улс орны үндсэн язгуур эрх ашиг байхгүйтэй адил болсон байна. Улстөрчдийн дийлэнх нь цаашид эрх мэдэлтэйгээ яаж үлдэх үү гэдгээ л тэргүүнд тавьдаг явцуухан бодолтой хүмүүсээс бүрдэх болж дээ. Язгуур эрх ашгаа эрхэмлээд шийдье гээд зүтгэл гаргасан бол хөрөнгө мөнгө дутаагүй байх.
-Тодорхой жишээ байна уу?
-Жишээ нь, 2019 онд ковидын үед иргэд, аж ахуй нэгжийн тог, цахилгааны мөнгийг 800 гаруй тэрбум төгрөгөөр төлнө гэж байсан.
Тухайн үед би энэ мөнгө чинь 200 МВт-ын цахилгаан станц барьчих хөрөнгө. Тиймээс цахилгаан станцтай болохгүй бол ирэх 2024 онд хүндэрч эхлэх гээд байна шүү гэж анхааруулан хэлж байсан. Тэр үед хэлж байсан миний энэ үгийг хэн ч ойшоогоогүй. Эцэст нь би юу гэж хариулах гээд байна гэхээр, уг асуудлыг шийдье гэсэн сэтгэл дутаад байна л гэж…
-Сэтгэл үнэхээр дутаж байгаа нь өнөөгийн байдлаас илүү тодорхой харж болохоор байна л даа. Ер нь өнгөрсөн 30 гаруй жил энэ асуудлыг дотооддоо шийдэх боломж байсан уу. Та үүнд тодорхой хариулт хэлэхгүй юу?
-Би байсан л гэж хариулах байна. Дээр нэг л жишээ хэллээ шүү дээ. Бидний нэг жилд халамжинд зарцуулж буй хоёр их наяд төгрөгөөр 500 МВт-ын станц барьж болно. Гэх мэт… Нөгөө талаар, нэг станц барих гэсэн оролдлого бүрийг ямар нэг байдлаар саринуулж, нураадаг нэг хүчин зүйл бас байгаад байгаа юм. Тухайлбал, ДЦС-V-ыг барих гэхэд нь газаргүй гэж баахан будилуулж байснаа эцэст нь Багануурын цахилгаан станцыг оронд нь гаргаж ирээд нурааж байх жишээтэй. Багануурыг нь болохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс явуулж болохгүй гэсэн шийдвэр гаргаад л. Мөн Тавантолгойн ДЦС-ыг явуулах гэж миний хувьд хоёр ч удаа Засгийн газарт оруулаад олигтой үр дүнд хүрээгүй. Рио Тинто Оюу толгойгоор бариулахгүй монголчууд өөрсдөө барина гээд л өнгөрсөн. Одоо ч барьсан юм байхгүй. Харин намайг эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ДЦС-IV-ын хүчин чадлыг 90 МВт-аар, Эрдэнэтийн ДЦС-ыг 50МВт-аар тус тус нэмэгдүүлэх төсөл болон 150 МВТ цагийн батарей хуримтлуурын станцын төсөл хэрэгжээгүй байсан бол балрах байлаа. Мөн тухайн үед санал болгож байсан ДЦС-III, Амгалангийн ДС-ын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг хийчихсэн бол арай л дээр байх байсан болов уу. Даана ч хэрэгжүүлсэнгүй.
-Тэгвэл цаашид яах ёстой юм бэ. Яаж бид эрчим хүчний хараат байдлаас гарах вэ?
-Тодорхой. Ажил хийе гэсэн сэтгэлтэй эхлээд болох хэрэгтэй. Дараа нь хийх гэсэн ажлаа дуустал хийж чаддаг байх шаардлагатай. Угаасаа эрчим хүчний хараат байдлаар гарахын тулд шинэ станц л барих ёстой. Ялангуяа хурдан маневрын зохицуулах чадамжтай Усан цахилгаан станц болон хийн станц барих хэрэгтэй. Ингэж байж л эрчим хүчний хараат байдлаасаа гарна. Үүнийг ч улиг болтол л ярилаа даа. Хийе, болгоё гэдэг нь харин цөөхөн юм.
-Орон нутагт цаг агаарын нөхцөл байдал тун хүнд байна. Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ жилийн өвлийг малчид, иргэд яаж даван туулахаар байна вэ?
-Саяхан би орон нутгаараа явж, иргэд малчдын нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Ер нь зудтай сумдын нөхцөл байдлыг харахад цас эрт унаснаас шалтгаалж, мөн эрт орсон цас багасах битгий хэл улам нэмэгдснээс болж мал бэлчээрлэх боломжгүй болсон байна лээ. Тиймээс орон нутгийн иргэд, малчид маань өвлийг хохирол багатай давахын тулд малаа юун түрүүнд их хэмжээгээр нядалж байна. Өөрөөр хэлбэл мал хэт муудахаас өмнө эрт нядлаад эдийн засгийн эргэлтэд оруулчихъя гэсэн малчид олон байсан. Ер нь малчдын хувьд УИХ, Засгийн газарт гурван зүйлийг хандаж тавьж байна лээ. Нэгдүгээрт, бидний нядлаж байгаа малыг худалдаж авах тэр эдийн засгийн боломжийг бий болгоход анхаарч гэж байгаа юм. Хоёрдугаарт, өвөлжилт эрт хүндэрч байгаа учраас өвс тэжээлийн үнийг хямдруулаад өгөөч гэж байна. Гуравдугаарт, орон нутагт түлш шатахууны хомсдол их байна. Үүнийгээ шийдээд өгөөч ээ л гэж байна. Отор нүүдлээ хийх гэхээр түлш шатахуун нь байхгүй. Нөгөө нядласан хэдэн малаа сум оруулъя, аймаг, нийслэлд хүргээд ирье гэхээр түлш байхгүй. Зуд болоод яаядаа гэж байхад нэмээд түлш шатахуунгүй болчихлоо гэдэг зүйлийг хэлээд байгаа юм.
-Малчдын хувьд малаа ингэж их нядлаж байгаа нь мэдээж үнэ буурах шалтгаан болно байх л даа. Тэр нь эргээд малчдадаа эдийн засгийн хувьд үр өгөөжгүй болж ирнэ. Тэгэхээр үүнд төр, засгийн хувьд ямар бодлого барьж ажиллах ёстой юм бэ?
-Жилдээ 10 сая орчим бог мал нядлаж байгаа болов уу. Үүний зөвхөн арьсыг нь 10 ам.доллар болгъё гэвэл оройлцоогоор 100 сая ам.долларын эдийн засгийн орчин үүснэ. Гэтэл бид өнөөдрийг хүртэл энэ 100 сая ам.долларын эргэлтийг зүгээр л хаячихаж байна. Монгол Улс эрчим хүчний хараат байдалтай байгаа. Эрчим хүч хомсдож байна. Гэтэл үнэндээ бидний хаяж байгаа тэр 100 сая ам.доллар гэдэг чинь үнэндээ 100 МВт-ын станц л байхгүй юу даа. Нөгөө талдаа бидний их том дутагдал байна. Байгаа боломжоо огт ашигллаж чаддаггүй дутагдал. Жишээлбэл, сүү байна. Бид нийт 20 орчим сая бог сааж байгаа. Үүн дээр нэмээд хоёр сая үнээ сааж байна. Тэгэхээр нэг литр сүүг нэг ам.доллар гэж бодъё. Тэгвэл 400 сая литр сүү гэдэг нь дор хаяж 200-300 сая ам.доллар болно. Үүнийг бид ашигладаггүй. Ашигллаж чадвал энэ нь өөрөө 300 Мвт-ын цахилгаан станц л гэсэн үг. Боломжоо ашиглладаггүй байдал нь бидэнд бэлэн шахуу орж ирдэг байгалийн баялагтай л холбоотой. Энэ жаахан нөөцөө бид эдийн засгийнхаа голлох судас болгочихоод бусад боломжоо огт харахгүй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл биднийг юм хийх сэтгэлгээгүй болгочихсон гэсэн үг. Юм хийх сэтгэлгээгүй байхад бусдаас хараат байхаас өөр яах билээ.
Эх сурвалж: Өдрийн сонин