x

С.Ариунболд: Эрчим хүчний хэмнэлтээр өвлийн оргил ачааллыг давах шаардлага тулгараад байна

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Ариунболдтой ярилцлаа. 

-Эрчим хүчний салбарын энэ жилийн болон ойрын жилүүдэд тулгамдаж буй гол асуудал юу вэ?

-Монгол Улсын эрчим хүчний салбар 2022 онд 8.17 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 2.16 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авч, 6.83 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг борлуулсан байна.

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-7 хувиар тогтмол өсөж байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 90.8 хувь буюу 7.42 тэрбум кВт.ц эрчим хүчийг дулааны цахилгаан станцаас хангаж, үлдсэн 9.2 хувь буюу нийт 748.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг нар салхины 9 эх үүсвэрээр хангасан. Үндсэндээ дотоодын дулааны цахилгаан станцууд нөөц тоноглолгүй ажиллаж байгаагийн зэрэгцээ импортоор авч буй цахилгаан эрчим хүчний чадал тулсан, цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжиж буй эрчим хүч нь авч болох дээд түвшиндээ хүрсэн. Өөрөөр хэлбэл, ойрын 2-3 жилд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй, үүнээс шалтгаалан хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орж байгаа нь ойрын жилүүдийн гол тулгамдсан асуудал болоод байна.

-Дээрх тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Эрчим хүчний яам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг урт, дунд хугацааны бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байгаа хэдий ч үр дүн гартал тодорхой хугацаа шаардлагатай.

Ойрын тулгамдсан асуудал буюу шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг зохицуулахад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй 80МВт-ын хүчин чадалтай 200 МВт.ц багтаамжтай цэнэг хураагуурын станц гол үүрэгтэй оролцох хэдий ч оройн 17-22 цагийн оргил ачааллаас 80 МВт-аар 2 цаг гаруй хуваалцах төдий л техникийн бололцоотой юм. Тухайн нөхцөлд чадлын дутагдалд орохгүйн тулд хэрэглэгчдийг эрчим хүчээ хэмнэхэд уриалж, хэрэглэгчдийн дэмжлэгээр өвлийн оргил ачааллыг даван туулах шаардлага тулгарч байгаа.

Тэрчлэн Эрчим хүчний сайдын зөвлөлөөс  эрчим хүчний хэмнэлт хийх ажлыг улс орон даяар явуулахаар шийдвэрлэж, Эрчим хүчний сайдын тушаалаар “Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах” ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, хэрэглэгчдийг эрчим хүчний хэрэглээгээ бууруулахад уриалсан нөлөөллийн ажлуудыг 2026 он хүртэл хэрэгжүүлэн ажиллана.

Энэ хүрээнд эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын эрчим хүчний хэмнэлт хийх “Тог-оо тохируулъя 17-22” санаачилгыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрөөс санхүүжилтээр дэмжиж ажиллахаар болсон. Айл өрхийн хэрэглэгчдэд өвлийн оргил ачааллын 17-22 цагт хэрэглээгээ бууруулахыг уриалах замаар эрчим хүчээ хэмнэх дадал хэвшилтэй болгох зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн 2023-2024 оны түвшинд эрчим хүчний системийн ачаалалд гол нөлөөтэй 283 том хэрэглэгчийн хэрэглээнд менежмент хийх, оргил ачааллын үеийн чадлын оролцоог бууруулахаар харилцан тохиролцсон. Эдгээр ажлуудын үр дүнд нийт 98 МВт-ын хэрэглээг бууруулах бололцоотой гэсэн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж болон ахуйн хэрэглэгчид нийтээрээ эрчим хүчээ хэмнэснээр дээр дурьдсан цэнэг хураагуурын станцтай ижил хэмжээний чадлыг хэмнэх боломж бүрдэх юм.

-Эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангахын тулд хэрэглэгчид, ард иргэд нэн тэргүүнд юун дээр анхаарах шаардлагатай байгаа вэ?

-Эрчим хүч хэрэглэгчид, ялангуяа айл өрхийн хэрэглэгчид эрчим хүчний хувьд үр ашигтай буюу хэмнэлт үүсгэдэг цахилгаан хэрэгсэл ашиглах, мөн ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгах буюу унтраах, оргил ачааллын цагаар өндөр зарцуулалттай цахилгаан зуух болон бусад төхөөрөмжүүдээ зэрэг ажиллуулахгүй, хэмнэлттэй хэрэглэвэл өвлийг хүндрэлгүй давах төдийгүй өрхийн зардалд ч бодит дэмжлэг болж чадна. Мөн орон сууцны цонх, хаалга болон гэрийн дулаалгаа сайн хийх, дулааны алдагдалтай хэсгүүдээ дулаалах, цонхоо олон цагаар онгойлгохгүй байх зэрэг ахуйн хэрэглэгчдийн хариуцлагаас шалтгаалах үйлдлүүд станцуудын үйлдвэрлэлд маш эерэг нөлөө үзүүлдэг.  

Айл өрхүүд ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгах, ашиглахгүй өрөөнийхөө гэрлийг унтраах зэрэг энгийн үйлдлүүдээр дамжуулан эрчим хүчний хэрэглээгээ 15-20 хувиар бууруулах боломжтой байдаг. Энэхүү эрчим хүч хэмнэлтийг нийтээрээ хийж чадвал улсын хэмжээнд жилд 200-300 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэмнэлт хийх бүрэн боломж бидэнд бий.

-Монгол Улсын эрчим хүчний салбарт ялангуяа засаглалын хувьд анхаарах шаардлагатай ямар асуудлууд байгаа вэ? Ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа эсхүл хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Эрчим хүчний салбар 100 жилийн ойгоо энэ жил тэмдэглэсэн. Өнгөрсөн хугацаанд цахилгаан ба дулааны хэрэглээг хамтад нь хангах зорилгоор дулааны цахилгаан станцуудыг томоохон хотуудаа түшиглэн байгуулж, өргөтгөж иржээ. Цаашид тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах мөн дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах улс орны үүргээ биелүүлэхийн тулд бусад улсын жишгийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Экспертүүдийн ярьж байгаачлан үнэ тарифыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх шаардлага ч бий. Гэхдээ манай улс энэхүү шилжилтийг хийхэд сорилтуудтай тулгарч байна.

Тухайлбал сэргээгдэх эрчим хүчнийг дэмжихийн тулд хэрэглээгээ найдвартай эх үүсвэрээр хангах том чадлын эх үүсвэр, нар салхины үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг хуримтлуулах цэнэг хураагуур болон усан цахилгаан станцын төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ингэсний үр дүнд бид ногоон, цэвэр эрчим хүчний төслүүдийг далайцтай хэрэгжүүлж, эрчим хүчний шилжилтийг хийх боломж бүрдэх юм. Мөн түүнчлэн одоо хэрэгжиж байгаа хууль эрхзүйн баримт бичигт ирээдүйн эрчим хүчний хөгжил рүү чиглүүлэхэд шаардлагатай өөрчлөлтийг цаг тухай бүрд нь оруулж, хэрэгжүүлж явах нь зохистой юм.

Нөгөө талаас дэлхийн улс орнууд эрчим хүчний системээ 2050 он хүртэл буюу урт хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөлтөө хийж, олон улсад энэхүү стратегийг зарлаж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгож эхлээд байна. Энэхүү төлөвлөлт нь хувийн хэвшлийг эрчим хүчний хөгжлийн чиглэлтэй уялдуулж бизнесээ төлөвлөх, боловсролын байгууллагыг бүтээн байгуулалтад оролцох инженер техникийн ажилчдыг бэлтгэх эрэлттэй нийцүүлж, сургалтын чиглэлээ төлөвлөх, санхүүгийн корпорацууд эрчим хүчний салбарт шаардагдах хөрөнгө оруулалтыг босгох зэрэг бүхий л салбартай уялдуулж хөгжүүлэх нөхцөл рүү аяндаа түлхэж байна.

Монгол Улсын хувьд ч Алсын хараа-2050, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны бодлоготойгоо уялдуулан эрчим хүчний системийн шилжилтийн төлөвлөгөөг боловсруулах зорилготой ажлын хэсэг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Энэхүү төлөвлөлт нь нэн тэргүүнд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах технологи дээр суурилах нь дамжиггүй юм.

-Тулгарч буй асуудлын талаар шийдвэр гаргагчид, улс төрчдөд зөв ойлголт, мэдээлэл өгснөөр салбарын хувьд хэрэгтэй чухал бодлого шийдвэрийг гаргах байх. Улс төрчид нэн тэргүүнд ямар бодлого, асуудалд анхаарлаа хандуулаасай гэж бодож байна вэ?

-Шийдвэр гаргагчдад хандаж хэлэхэд, шинээр баригдах нүүрс шатаадаг дулааны цахилгаан станцуудын хөрөнгө оруулалтыг манай банкны салбар, хувийн хэвшлүүд нийлээд ч босгох бололцоогүй, олон улсын донор болон санхүүжүүлэгчдийн хөрөнгө оруулалт, дэмжлэгт тулгуурлахаас өөр аргагүй байгаа. Гэтэл олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хий ялгаруулдаг төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн тул энэ хувилбараар явахад хүндрэлтэй. Иймд томоохон станц барих санхүүжилтийг эрчим хүчний салбарын нэг худалдан авагчийн загварт хөрөнгө хуваарилах замаар бүрдүүлэх буюу эрчим хүчний үнэ тарифт хөрөнгө оруулалт хийх зардлыг нэмж тусгах байдлаар шийдвэрлэхэд анхаарахыг хүсэж байна.

-Дээрх асуудлаас гадна тус салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэгчид болон ААН-үүдийн оролцоо ойлголцол бас чухал байгаа. Энэ талаар та хэрэглэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-Жишээн дээр ярихад эрчим хүчний үнэ тариф чөлөөт эдийн засагт шилжсэн Герман улсад өнгөрсөн жилийн оргил ачааллын үеийн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ байгалийн хийн хомсдолтой холбоотойгоор 1.5 евро /5500 төгрөг/ хүрсэн. Улмаар албан байгууллага, иргэд нарны үүсгүүр цэнэг хураагуурын системийг ашиглахад маш их хөрөнгө оруулалт хийхэд хүрсэн.

Манай улсын хувьд аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний үнэ тариф оройн оргил ачааллын үед буюу 17-22 цагт төрлөөсөө 256-390 төгрөг ба ахуйн хэрэглэгчдийн тарифаас харьцангуй өндөр байгаа тул эрчим хүчээ хэмнэх, цаашдаа хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтаа тооцоолж, эрчим хүчний чадлын дутагдалтай, хүндрэлтэй үеийг даван туулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

-Эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр "Тогоо тохируулъя 17-22" нөлөөллийн ажил эхэлж байгаа юм байна. Энэ ажлын ач холбогдол юу вэ?

-Дээр дурдсанчлан салбарын зүгээс олон нийтэд чиглэсэн мэдээллийн нөлөөллийн аяныг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, эрчим хүчний үр ашиг, зохистой хэрэглээний талаарх мэдлэг мэдээлэл, боломж, шийдлийг иргэд олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэх, улмаар эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн оргил ачааллын цагт цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулахыг уриалсан “Тог-оо тохируулъя 17:00-22:00” аяныг эхлүүлж байгаа нь их ач холбогдолтой юм. Эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг ойлгож, салбарын байгууллагуудын санаачилгыг хэрэгжүүлэхэд Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн тусламж үзүүлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт дахин талархал илэрхийлье.

Эрчим хүч хэрэглэгч айл өрхүүд, байгууллагуудад дахин уриалахад эрчим хүчний салбарт үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад иргэд, олон нийтийн оролцоо хамгийн чухал байгаа тул нийт ард иргэд, байгууллагууддаа 24 цагийн турш эрчим хүчээр тасралтгүй хангаж, хариуцлагатай ажиллаж байгаа эрчим хүчний салбарынхан, нийт инженер техникийн ажилтан нарыгаа хүндэтгэж эрчим хүчээ хэмнэж, зүй зохистой хэрэглэхийг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 23 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 1 цаг 13 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 1 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 2 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 19 цаг 54 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 21 цаг 44 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 21 цаг 56 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 22 цаг 1 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 23 цаг 18 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 23 цаг 26 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 47 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top