Судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүнд олон улсад өндрөөр үнэлэгддэг. Гэвч дотооддоо нэр хүнд нь тийм ч сайн биш байгаа нь үнэн. Энэ ялгаатай ойлголтыг засахын тулд юу хийж, ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж та харж байна?
-Зэвсэгт хүчний эсвэл цэргийн албаны нэр хүнд дотооддоо сайн биш гэдэг нь харьцангуй ойлголт биз ээ. Гэхдээ бодлогын хувьд анхаарах асуудлууд бий юу гэвэл байна. Миний хувийн бодлоор Төрийн албаны доороос эхлээд дээшээ удирдах аливаа албан тушаалд томилоход иргэний үүргээ биелүүлж хугацаат цэргийн алба хаасан эсэхийг зайлшгүй харгалзахыг хуульчилж өгөх. Тэр иргэн гадаадад удаан хугацаагаар байсан, нарийн өндөр мэрэгжилтэй эсэх нь ердөө ч падгүй шүү.
Төрийн захиргааны удирдлага нь цэргийн мэргэжлийн удирдлагад хутгалдан сулруулж буй хандлагыг зогсоох, цэргийн цолны асуудлыг нэн даруй журамлах хэрэгтэй. Мөн төрийн цэргийн байгуулал гэгч байгууллагуудын давхардсан, данхайсан бүтцийн оронд хөнгөн, хөрвөх чадвартай бүтцийг сонгох, заримыг нийлүүлж нэгтгэж болно.
Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагын төрийн захиргааны нэгдмэл удирдлагыг бий болгоно гэдэг зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, хэн нэгэн хүнд цэргийн дээд цол олгохын тулд дуртай байгууллаа төрийн цэргийн байгууллага гэдэг хууль гаргахаа УИХ зогсоох, Монголын УИХ, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Засгийн газар бол батлан хамгаалах салбарт иргэний хяналт тавина гэдэг зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гээд байна.
-Батлан хамгаалах салбарын гадаад, дотоод нөхцөл байдал нь хэр ялгаатай байгаа вэ. Магадгүй энэ салбар нэлээд хоцрогдсон уу. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хамгийн чухал нэг хэсэг нь улсын батлан хамгаалах бодлого мөн. Ер нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нэг цэгт хүрээд зогсдоггүй, байнга үргэлжлэх үйл явц байдаг. Учир нь улс орны гадаад, дотоод нөхцөл байдал байнга өөрчлөгддөг, үүнийг дагаад аюулгүй байдлын төдийгүй батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа ч өөрчлөгдөн уян хатан зохицож байх ёстой. ХХI зуун гарсаар биднийг хүрээлэн байгаа гадаад орчин маш хурдан өөрчлөгдөж байгаатай батлан хамгаалах салбар хөл нийлүүлж байна уу эсвэл хоцорсноос зөрчил үүсэж байна уу гэдгийг нэн тэргүүнд тодорхойлох нь чухал.
Монгол Улс нийгмийн шинэ харилцаанд шилжсэнээс хойш батлан хамгаалах бодлогын үндэс нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт болсон. Харин батлан хамгаалах салбарт гадаад, дотоод нөхцлийн өөрчлөлтөд хөндөгдөхгүй үлддэг нэг л зүйл байдаг. Энэ бол цэргийн алба. Төрийн онцгой ганцхан алба байдаг нь цэргийн алба. Өөр үүн шиг ямар ч онцгой алба үгүй.
Тиймээс бид Үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй гэж заасан. Өөр албыг ингэж заагаагүй шүү дээ. Бас цэргийн алба хаахад хүйсийн ялгааг ер дурдаагүй. Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчинтэй байна, цэргийн албыг иргэн бүр хаах үүрэгтэй гэдгийг ард түмэн нэгэнт шийдсэн. Нөгөө талаар батлан хамгаалах үйл ажиллагааг зөвхөн Зэвсэгт хүчнээр төсөөлж болохгүй, энэ бол дипломат бодлого, эдийн засаг, сэтгэл зүй, хүн амын талаарх нийгмийн бодлого гээд цогц зүйл. Энэ цогц бодлогыг бид хангаж чадаж байна уу гэвэл үгүй. Хамгийн энгийн жишээ гэхэд бид энэ онцгой албаныхаа удирдах дээд шатны албан тушаалтнуудыг өөр орнуудад бэлтгэхгүй, зөвхөн дотоодынхоо их дээд сургуульд бэлтгэдэг болмоор байгаа юм. Монгол Улс үндэсний аюулгүй байдлыг хангахад улс төр, дипломатын аргыг урьдал болгоно гэсэн бодлоготой. Энэ нь батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчнийг үгүйсгэсэн явдал биш. Дэлхийн дийлэнх орнууд ийм л чиг бодлоготой байдаг. Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогод хүйтэн дайнаас хойш мэдэгдэхүйц, гарт баригдахаар гэдэг шиг гурван том дэвшил гарсан. Бид гуравдагч хөршийн бодлоготой, олон улсын хэмжээнд цөмийн зэвсэггүй статустай улс орон гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн, НҮБ-ын мандаттайгаар энхийг сахиулах олон улсын ажиллагаанд идэвхтэй оролцох болсон. Энхийг сахиулахад оролцсоноор цэргийн албан хаагчид улс орныхоо гадаад аюулгүй байдлыг хангахад маш том хувь нэмэр оруулж байна.
-Та зэвсэгт хүчинтэй байх, үгүй эсэхийг ард түмэн л шийддэг гэж хэллээ. Сүүлийн үед хаанаас ч юм, хэнээс ч юм “Зэвсэгт хүчин хэрэг байна уу, зөвхөн хилийн цэрэг байхад л болох биш үү” гэсэн өнгө аястай яриа цухалзаж байна ?
-Үндсэн хуулиар “өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гээд нэгэнт заачихсан. Тэнд зөвхөн хилийн цэрэгтэй байна гэж заагаагүй биз дээ. Цэргийн албыг зөвхөн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд л хаадаг. Зэвсэгт хүчин хэрэггүй гэх яриаг Монголын ард түмэн гаргаж байгаа гэдэгт итгэхгүй байна. Ийм яриа гарч буйг би дуулаагүй, гарч байгаа бол маш гэнэн хэрэг.
-Цэрэг амиа алдаж байна. Энэ салбар олон жил бугшсан цэргийн дэглэлтийг байхгүй болгох ёстой, дэглэлт байгаа цагт цэрэгт хүүхдээ битгий явуул гээд л. Энэ бас гэнэн яриа юу, та ямар байр суурьтай байна вэ?
-Цэргийн алба хаахыг эсэргүүцэх нь Үндсэн хуулийн эсрэг шинжтэй үйлдэл гэж үзэж болно. Цэргийн алба яагаад онцгой вэ гэвэл цэргийн хатуу чанд сахилга, захирах, захирагдах ёс, хууль, нэгдсэн нэгдмэл удирдлага энэ гурав дээр л тогтдог. Цэргийн албанд мордуулсан үр хүүхэд нь амь насаа алдсан тэдгээр гэр бүлийнхний уй гашуу, бухимдлыг ойлгож болно. Харин энэ тохиолдлыг далимдуулан Үндсэн хуулийн эсрэг шинжтэй явуулга үйлдэх нь гэнэн биш хүмүүсийн гаргаж байгаа “гэнэн яриа” л байх гэж бодож байна.
-Гэхдээ асуудлыг мэддэг ойлгодог хүмүүс нь ийм асуултуудад хариулж, ойлголт өгөхгүй бол гэнэн хүмүүсийн яриаг олон нийт хүлээж аваад буруу ойлголттой болох тохиолдол бас байна шүү дээ?
-Цэргийн хөдөлмөрийн онцгой талыг олон нийт сайн мэдэхгүй байж болно, мэдүүлж ойлгуулах нь батлан хамгаалах салбарын үүрэг. Олон нийтийн дунд хугацаат цэргийн алба юу хийдэг вэ, “юу ч хийдэггүй” гэсэн гэнэн ойлголт мэр сэр байдаг. Цэргийн хөдөлмөр хүнд шүү дээ. Офицер, ахлагч нар яагаад тэтгэвэрт харьцангуй эрт гардаг вэ. 25 жилийн туршид амьдралаа зөвхөн тушаалаар, захирагдах ёсоор зохицуулсан хүний сэтгэл зүй, цаг, наргүй дууддагдаг, ар гэр амьдралаа төрийн төлөө хойш тавьсан энэ хүмүүсийн нуруун дээр л төр тогтдогт учир байдаг юм даа. Олон улсын байдлаас үзвэл цэргийн алба хаахаас иргэд гурван шалтгаанаар л татгалздаг л даа, улс төрийн шалтгаан байж болно, шашин шүтлэгийн улмаас би “хүн алах” сургууль хийхгүй гэдэг бас би эрхээ зөрчүүлэхгүй, бусдын захиргаанд байж чадахгүй гэдэг.
Монгол бол ардчилсан улс тул цэргийн албанаас татгалзах улс төрийн шалтгаан манай иргэдэд байхгүй, харин бусад хоёр шалтгааныг харгалзан дүйцүүлэх алба, оюутан цэргийн хөтөлбөр гээд бид хуульчилж, журамлаж өгсөн шүү дээ. Залуучууд бол цэргийн алба хаах хүсэл, сонирхол өндөр, судалгаанд хамрагддаг 18-25 насныхны 70 хувь нь цэргийн хугацаат алба хаах сонирхолтой гэж гардаг. Энэ бол маш өндөр тоо.
Зэвсэгт хүчин гэдэг хаана ч адил, тухайн нийгмийнхээ толь байдаг. Нас, хүмүүжил, мэдээллийн түвшингээр ялгаатай, харилцан адилгүй ахуй нөхцөлд өссөн, эрүүл мэндээр ч адилгүй залуучуудыг нэг хэвэнд цутгаж оруулах нь хүнд хөдөлмөр. Амьдралын нэг хэв загвараас хугацаат цэргийн алба гэсэн нөгөө хэв журамд богино хугацаанд шилжих нь хүн бүрт амаргүй. Цэргийн албаны хугацааг тогтоох нь ердөө л төсөвтэй холбоотой асуудал. Дээрх “гэнэн” гэж миний нэрлээд байгаа яриа гарч байгаагийн үндсэн шалтгаан бол төр сулрахаар цэрэг сульдаж байгаатай л холбоотой.
-Батлан хамгаалахын сайдыг цэргийн албан хаагчийн амь насаа алдсантай холбогдуулан огцрохыг шаардаж байна. Харин Д.Амарбаясгалан дарга хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байгаа нь биднийг цэрэг армийн асуудалд тавих анхаарлаа сулруулахад хүргэсэн гэж мэдэгдлээ. Та ямар дүгнэлт хийх вэ?
-Хэрэв өөрөө сайн дураар хүсэлт гаргаагүй мөн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдоогүй эсвэл кабинет огцроогүй бол батлан хамгаалахын сайд гээд тэр бүр огцруулаад байдаггүй хоёр гурван албан тушаал ямар ч улсад байдаг юм. Батлан хамгаалах салбар нь үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй эмзэг үйл ажиллагаа. Сайд Г.Сайханбаяр бол тэнд өсөж, хүмүүжиж торнисон “салбарынхаа” сайн мууг мэддэг, “дээврийн” хаанаас ус гоожиж байгаагаа ойлгодог, хаана ямар засвар хийхээ сайн мэддэг хүн. Д.Амарбаясгалан дарга ч бидний хөндсөн тэр “гэнэн “ гээд байгаа ярианд оновчтой хариулт өгсөн гэж бодож байна. Олон улсад тогтсон батлан хамгаалах салбартай холбогдох нэг нийтлэг жишиг байдаг юм. Цэргийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл, иргэнээс албаны нөхцөл байдал, харилцаа, зэвсэг техникийн талаар гомдол гаргах эрхийг хууль, журмаар хангаж өгдөг. Тэр гомдлыг парламентын засаглалтай улсад гол төлөв парламент хүлээж авна, манайхаар бол УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэд ажиллаж байх ёстой хяналт шалгалтын бүлэг хариуцна. Гомдлыг шалгах зарчим бол “буруутан албан тушаалтныг хайх биш” харин тогтолцооны гажиг, сул талыг илрүүлэхэд оршдог. Тогтолцоо бол нэг хүнээс шалтгаалахгүй. Энэ нь иргэний хяналт үүрэгтэй субъектээс шалтгаална. Манай УИХ батлан хамгаалах бодлогод анхаарал тавих цаг болсон. УИХ-ын Төрийн цэргийн байгууллагын байнгын хороо ч юм уу дээрх хорооноос тусдаа байгуулагдах цаг болсон. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо төдийгүй батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо бүрдээгүй “гажгууд” байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин