"Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Б.Нарантөгтэй ярилцлаа.
-Хариуцлагатай бичил уурхай гэж юу вэ?
-Сүүлийн жилүүдэд хариуцлагатай байхыг алхам тутамдаа ярьж байна. Ямар нэгэн байдлаар олборлолт хийж л байгаа бол хариуцлага гэдэг зүйл дагаж байдаг. Манай бичил уурхайчид одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 2 заалт болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан 296-р журмын хүрээнд уул уурхайн олборлолт хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна. Яг журмын дагуу, ямар нэгэн байдлаар журмаас гажихгүй, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу л хариуцлагатайгаар ажиллаж байгааг “Хариуцлагатай бичил уурхай” гэж байгаа юм.
Бид нарын үзэж байгаагаар, гэрээ байгуулаад ажиллаж байгаа бол тэр хариуцлагатай бичил уурхай. Гэрээнд бичиг баримтын бүрдэл, хэрэглэх тоног төхөөрөмж, гэрчилгээ нөхөрлөлүүдийн олборлолт явуулах талбайн зураглал, төлөвлөгөө зэрэг бүгд багтдаг.
Яг журмын дагуу, ямар нэгэн байдлаар журмаас гажихгүй, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу л хариуцлагатайгаар ажиллаж байгааг “Хариуцлагатай бичил уурхай” гэж байгаа юм.
-Тухайн бичил уурхай эрхлэгчдийг хариуцлагатай болгож байгаа нэг хэлбэр нь гэрээ гэж ойлгож болох уу?
-Болно. Энэ бол яах аргагүй хэрхэн хариуцлагатай ажиллахыг нь зааж байгаа нэг хэлбэр. Хамгийн түрүүнд нөхөрлөлүүд өргөдлөө өгнө. Өргөдөл өгөхдөө ийм бичиг баримт бүрдүүл, энэ шаардлагыг ханга гээд холбогдох байгууллагуудаас тодорхой заагаад өгдөг. Тухайлбал, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Тухайн орон нутгийн, сумын оршин суугч байна. Татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх ёстой. Нийгмийн даатгал төлдөг байх ёстой гээд бүгдийг багтаасан байдаг. Энэ бүгдийг ягштал баримтлаад ажиллаж байгаа бол тэр хариуцлагатай бичил уурхай гэж ойлгож болно. Одоогийн байдлаар 100 гаруй нөхөрлөл гэрээ байгуулаад ажиллаж байна.
-Гэрээнд ямар байгууллагын төлөөллүүд оролцдог вэ?
-Гэрээнд орон нутгийн удирдлагууд, олборлолт хийх нөхөрлөлүүд, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” гэсэн талуудын төлөөллүүд гарын үсэг зурдаг. Өөрийн үүрэг, хариуцлагаа хүлээж ажилладаг.
-“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-нд гэрээ байгуулсан нөхөрлөлүүд албан ёсны бүртгэлтэй болж байна гэж ойлгох нь зөв үү. Өмнө “Бичил уурхайчид” гэсэн албан ёсны бүртгэл байгаагүй байх нь ээ?
-Тийм. Өмнө нь бол тодорхой бүртгэлгүй, хэн нь бичил уурхай эрхлэгч вэ гэдэг нь бүрхэг байсан. Өнгөрсөн зунаас эхлээд орон нутгуудад сургалт явуулаад ингэж ажиллах ёстой, хууль нь ийм, дагаж мөрдөх журам нь ийм, үүний дагуу ажиллах ёстой гэдгийг нь нэг бүрчлэн зааж сургаж байна. Цаашид ч сургалтуудыг тогтвортойгоор явуулна. Бичил уурхай эрхлэгчдийг илүү хариуцлагатай байх нөхцөлийг тавьж, холбооны зүгээс чиглүүлж байна. Гэрээнд заасны дагуу манай холбоо татвараа, Нийгмийн даатгалын шимтгэлээ хэрхэн яаж төлөх, Экологийн цагдаагийн албатайгаа яаж ажиллах тухай сургалтуудыг төрийн байгууллагуудтай хамтран өгөх үүрэгтэй. Үүнийхээ дагуу чиглүүлэх сургалтыг тогтмол явуулж байна.
Сургалтад суусан хүмүүс, гэрээ байгуулсан нөхөрлөлүүдийн нэгдсэн мэдээллийн сан одоо бий болж байна. Гишүүддээ үйлчлэх үүрэгтэй мэргэжлийн холбооны хувьд “Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо” энэ ажлыг эхлүүлээд мэдээллийн дата бааз бий болгохыг зорьж байна.
MNB.MN