Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нийт гишүүдийн хамтаар тайлангийн хурлаа амжилттай зохион байгуулж, 2024 оны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ.
Тайлангийн хурлын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган АмЧам Монголын гишүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр АмЧам болон АНУ-ын Элчин сайдын яам хоорондын харилцаа нь АНУ-Монгол Улсын худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Элчин сайд хэлсэн үгэндээ АмЧамаас АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллах хүчин чармайлтыг дурдаж, бизнесийн орчинд тулгарч буй өнөөгийн сорилт, боломжуудын талаар онцлон амжилттай жил улиран өнгөрч буйг “Бидний хамтын ажиллагаа үр дүнтэй, харилцан бие биеэ дэмжсэн агуулгаар улам батжиж байна” хэмээв.
Мөн түүнчлэн бизнесийн орчны хөгжилд АмЧам Монголын зүгээс зохих хувь нэмэр оруулж буй үйл хэргийг онцолж, тухайлбал, “Ил тод байдлын гэрээ”-ний хэрэгжилтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж байна” гэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, УИХ-тай хамтран сурталчлан таниулах хүчин чармайлт гаргаж байгааг сайшаалаа.
Элчин сайд Буанган Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихээ амлаж, хоёр улсын худалдаа, бизнесийн харилцааг идэвхжүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлж буй татвартай холбоотой аливаа маргааныг шийдвэрлэх үйл явцад анхаарал хандуулахыг Монголын Засгийн газарт энэ үеэр уриалав.
Төгсгөлд нь Элчин сайд нэн чухал ашигт малтмал, цахим эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч зэрэг Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудыг хөгжүүлэх санаачилгыг дэмжих нэмэлт хүчин чармайлт гаргахаа онцлон тэмдэглэв.
АмЧам Монголын ТУЗ-ийн Дарга Гари Биондо “2023 оныг эргэн харахад бид хамтдаа хүрсэн амжилтаараа бахархаж байна. Манай танхим инновац, өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзлээ. Бид нийт гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ манай байгууллагын гол зарчим болох чөлөөт зах зээлийн эдийн засгийн замналыг ямагт баримталсаар байх болно” хэмээв.
Хурлын үеэр ТУЗ-ийн шинэ гишүүдийг сонгох сонгууль өрнөж, нийт 11 нэр дэвшигч дундаас санал хураалт явуулж, таван төлөөлөгчийг олонхын саналаар сонголоо. Үүнд:
- Батсүрэнгийн Баттүшиг, ОНДО ХХК-ийн Стратеги хариуцсан захирал,
- Найдандоржийн Түмэндэмбэрэл, Мера группийн Гүйцэтгэх захирал,
- Эрдэнэбаярын Энхцэцэг, Блүүмберг ТВ Монголиагийн Гүйцэтгэх захирал,
- Энхсайханы Хонгорзул, Рио Тинто Монгол ХХК-ийн Компанийн хөгжил хариуцсан захирал, ба
- Лхагважавын Энхтөр, М-Си-Эс Инвестмент ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал нар багтав.
Хурлын хаалтын үеэр шинэ гишүүд болох "Nice Move Logistics" ХХК болон "Mongolian National Rare Earth Corp" ХХК- ийн төлөөлөгч нарт баяр хүргэж, шинэ гишүүнчлэлийн өргөмжлөл гардуулав.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.