Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-ны өдөр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Засгийн газрын хуралдаанаар цэрэг яагаад амиа алдсан талаар мэдээлэл өгчээ.
Үүний дараа Засгийн газраас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрээр "Цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонслоо.
Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар боллоо. Болж буй асуудлаар урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд буюу зэвсэгт хүчний, хилийн, дотоодын цэргийн ангиуд хэрхэн мөрдсөнийг авч үзэж, дүгнэлт боловсруулна.
Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргалаа" гэв.