Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Талийгаач цэргийн үхлийн шалтгааныг тогтоохоор цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдөр идсэн хоол зэргээс дээж авсан. Талийгаач цэрэг нас барахынхаа өмнөх өдөр бүжгийн сургуулилт хийж, гадна талбайн цас цэвэрлэсэн байсан.
Шүүхийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. 14 хоногийн дотор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа.
Цэргийн ангид байгаа камеруудад үзлэг хийж, тухайн бичлэгүүдийг үзэх хүсэлтийг ар гэрийнхний зүгээс гаргасан. Хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр нь дамжуулж Эрүүгийн хуулийн Хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4.1-т заасны дагуу хүсэлтийг хангаж шийдвэрлэж, өчигдөр бичлэгийг үзүүлэхээ мэдэгдсэн.
Буяны ажилтай холбогдуулан өнөөдөр 13:00 цагт бичлэгийг үзэх хүсэлт ирүүлснийг ханган шийдвэрлэлээ" гэв.