Өнгөрөгч сард хугацаат цэргийн албанд татагдсан алба хаагч өчигдөр өглөө Зэвсэгт хүчний 326-р ангид учир битүүлгээр нас барсан хэрэг гараад байгаа. Тус ангид алба хааж байгаа алба хаагчдын ар гэрийнхэн хүсэлт гаргасны дагуу өнөөдөр алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт оруулж байна.
Алба хаагчдаас Засгийн газрын 441-р тогтоолд заасан хугацаат цэргийн алба хаагчдаас авдаг найман төрлийн ерөнхий шинжилгээ авч, 14 төрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байна. Эрүүл мэндийн шинжилгээ, эмчийн үзлэгт 326-р ангид алба хааж байгаа хугацаат цэргийн бүх алба хаагчид хамрагдах бөгөөд үзлэг, шинжилгээний дүгнэлт шинжилгээ авч дууссанаас хойш дөрвөн цагийн дараа гарна гэж Цэргийн төв эмнэлгээс мэдээлжээ.