Өнгөрөгч сарын 20-нд хугацаат цэргийн албанд татагдсан 21 настай оюутан залуу Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байхдаа энэ сарын 12-13-нд шилжих шөнө учир битүүлгээр нас барсан эмгэнэлт хэрэг гарчээ.
Өчигдөр буюу 13-ны өглөө 06.21 цагт 326-р ангиас хугацаат цэргийн алба хаагч нас барсан тухай дуудлага, мэдээллийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст өгсөн юм байна. Энэ дагуу ХУД-ийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газраас прокурорын байгууллагатай хамтран хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Хэрэг гарсан өглөө алба хааж байсан цэргийн ангиас амиа алдсан цэргийн ар гэр лүү залгаж болсон явдлыг мэдээлсэн бөгөөд, ар гэрийнхэн нь ирж хүүхдийнхээ цогцсыг харсны дараа шүүх эмнэлэг рүү авч явж, задлан шинжилгээнд оруулсан тухай хүүгийн аав мэдээлжээ. Одоогоор задлан шинжилгээний хариу гараагүй, алба хаагч нас барсан шалтгааныг тогтоогоогүй байна.
Мөн өнөөдөр буюу 14-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн ар гэрийнхэнтэй холбоо барьж, эмгэнэл илэрхийлжээ. Үүний дараа Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг хэргийн мөрдөн шалгалтанд хөндлөнгөөс хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.