Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад олгохоор болсон билээ.
Өнөөдөр тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг хүртэх Морин хуурын чуулга нь байгуулагдсан цагаасаа эхлэн АНУ Нью-Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж ирсэн юм.
Морин хуурын чуулгыг 2022 онд Монгол улсын гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад Харилцааны яамнаас “Монгол Улсын Соёлын Элч”-р өргөмжилсөн билээ.
“Чингис Хаан” одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн, хуулийн этгээдэд олгож эхэлсэн билээ.