Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр /2023.11.13/ эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгасан байна. Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон. Иймээс нийслэлийн 2023 оны аравдугаар сарын төсвийн гүйцэтгэл, жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Тодруулбал,
- Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг;
- Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөсөн зардлаас 1.1 тэрбум төгрөг;
- Нийслэлд хэрэгжиж буй есөн нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлаас нийт 7.8 тэрбум төгрөг;
- Нийтийн тээврийн газрын тээврийн үйлчилгээний машин цагийн зардлаас 10.8 тэрбум төгрөг;
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжихээр тооцон төлөвлөсөн 800 сая төгрөгийг тус тус хэмнэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эхний 10 сарын гүйцэтгэлд үндэслэн гэрээ байгуулагдаагүй хоёр төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 6 тэрбум төгрөг, бодит гүйцэтгэл дутуу 14 төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 9.2 тэрбум төгрөг, нийт 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар тооцон төлөвлөжээ.
Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 15.2 тэрбум төгрөг, нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүнд,
- Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр 27.6 тэрбум төгрөг;
- Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14.4 тэрбум төгрөг;
- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил (Улаанбаатар хот) 800 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр тусгасан аж.
Дээрх асуудлаар танилцуулга хийсэн хотын захирагч Х.Нямбаатараас НИТХ-ын төлөөлөгч нар асуулт тавьж, хариулт авлаа.
НИТХ-ын төлөөлөгч П.НАРАНБАЯР:
-500 тэрбум төгрөгийн бонд гаргаж чадаагүй учраас төсвөө тодотгож байна. ХҮН намаас бонд гаргахыг дэмжиж байсан. Нийслэлийн дэд бүтцийг сайжруулахад хэрэгтэй гэдэг агуулгаар нь. Гэхдээ хүү өндөртэй гарах гэж байна гэдэг зүйлийг хэлж ирсэн Хүү өндөртэй бонд гаргахаар банкинд л ашигтай тусна. Хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ. Сэлбэ, дэд төвтэй холбоотой бичгийг хүргүүлсэн та бүхэнд. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд дулааныг орлож байгаа чухал төвүүд. Бодит амьдрал дээр гурав дахин өндөр дулааны төлбөр авч байна. Улаанбаатар хотын хаана амьдарч байгаагаас үл шалтгаалж, дулааны болоод бусад үйлчилгээг ижил үнээр авах эрх бий иргэдийн хувьд. Сэлбэ төв 1000 гаруй хэрэглэгчийг дулаанаар хангах боломжтой. Ашиглалтад ороод хоёр жил болоход 37 хон хэрэглэгчтэй, 1000-д хүргэхэд хэдэн жил болох вэ. 20 гаруй жил хүлээх үү. Нийслэлээс татаас өгөхгүй бол дулаанд холбогдсон ААН-үүд буцаад уурын зуухандаа орж байна. Юун агаарын бохирдлыг бууруулах. Татаас өгөөд ижил үнээр дулаан хэрэглэх боломж байна уу?
Урт цагааныг нураах эсэх асуудал дээр 3400 хүн саналаа өгсөн нь нийслэлийн хүн амын 0.0002 хувь ч хүрэхгүй. Гэтэл нураа гэдэг шийдвэр гаргаж байна. Мэргэжилтнүүдээс асуух ёстой. НИТХ-наас 2015 онд нийслэлийн хоёрдугаар зэргийн хамгаалалтад оруулсан байдаг. Нийслэлийн түүхийн ач холбогдолтой бүтээн байгуулалт, барилга байшингаа нураагаад байвал юу болох вэ? Консулын байшинг нураасан, Монгол Улсын анхны Ерөнхий сайд асан Гэндэнгийн байшинг нураагаад хаячихсан. Ой санамж бүх түүхээ арчсаар кино зураг авалт хийх ч газаргүй боллоо. Соёлын дурсгалаа хамгаалахдаа ингэж хандмааргүй байна. Тэнд ажиллаж, амьдарч байгаа 400 гаруй хүн бий. Тэдэнтэнй хэл амаа ололцож болдоггүй юм уу? Гадаа жагсч байна шүү дээ.
Түгжрэлтэй тэмцэх, гэр хорооллыг барилгажуулах төслийг УИХ-д өргөн барсны дараа нь олж харлаа. Нутгийн өөрөө ёсны удирдлага хаачив аа? Иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг яаралтай горимоор оруулах шаардлага байсан уу? Газрын асуудал. Барилгын салбарынхан дуугарахгүй байна уу? Эрх ашиг нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлгүүдтэй яаж хэлцэл хийж байна. СӨХ-ны төлбөрийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм хуулиа санаачлаач ээ. Автобусны асуудал дээр тэгш хариуцлага хүлээлгээч ээ. Дээд албан тушаалтан нь хариуцлагэ хүлээхгүй байна гэж юу байсан юм.
Х.НЯМБААТАР:
-Бид бондыг үр өгөөж муутай, өндөр хүүтэй гэдэг утгаар зогсоосон. Уг бонд 17.5 хувийн хүүтэй босохоор байсан. Ажлын хэсэг гарсан, Засгийн газрын үнэт цаасны хүүгээс илүүгүй 8.65 хувиас доош байдлаар эх үүсвэр босгохоор ажиллаж байна. Явцыг нь сар бүр НИТХ-д тайлагнаад явахад асуудалгүй та бүхэн оролцоод явж болно.
Сэлбэ дэд төвийн хэрэглэгч 37 хэрэглэгч хэзээ 1000 хэрэглэгчтэй болох вэ гэлээ. Орон сууцны хороолол барихаар дэд төвийн чадал нь хүрэхгүй. Гэр хорооллын чөлөөлөгдсөн газар дээр АХБ-ны төслөөр ирэх хавар дараагийн дулаан хангамжийн эх үүсвэр баригдана, 2025 онд ашиглалтад орно. Зах зээлийн бус юм ярьсаар байгаад сүүлийн 30 жил бүх салбараа өвчлүүлсэн. Цахилгаан станцууд дандаа татаас, тарифын хөнгөлөлт эдэлж ирсэн. Аль болох бүх салбаруудад татаас өгдөг бодлогоос ажил хариуцаж байгаа үедээ татгалзана.
"Шинэ эх үүсвэр барихаар төлөвлөсөн. Энэ сарын 17-нд НИТХ-д мэдээлэл хийхдээ энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө"
Урт цагааныг та өөрөө очиж харсан уу? Тал блок нь нураад уначихсан байгаа. 2020 оноос хойш нэг ч түрээсийн төлбөр аваагүй. Анхны түрээслэгчийг шалгуулъя гэдэг хүсэлтээ цагдаад өгсөн. НИТХ-д сууж байсан, нийслэлийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээр анхны түрээсийн гэрээ хийлгээд цааш нь давхар түрээс хийсэн мөнгө угаадаг систем явж байгаа. Маргаж байгаа гээд сүүлийн 3 жил нийслэлд нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй. Энэ асуудлыг 17-нд НИТХ-аанд оруулна, та бүхэн шийднэ. Өмчийн эзэн нь НИТХ. Өмчийн ашиглалтыг сайжруулах үүрэг хүлээсэн алба тушаалтан нь би. Тийм учраас түгжрэл дээр түгжрэл нэмээд 20 давхар барилга барьж түгжрэл үүсгэх үү, тал нь нурчихсан барилгаа тэр чигээр нь үлдээх үү гэдгээ эргээд ярилцаж шийдье, хэдүүлээ. Бид цаашид иргэдийнхээ саналыг авч байя гэж бодож байгаа, 3400 иргэний санал гэдэг бага тоо биш. Оролцоог нь нэмэгдүүлэх ёстой.
Х.Нямбаатар багтайгаа ирүүтээ долоо хоногийн дотор хууль бичээд, УИХ-д өргөн барьсан юм биш. Нийслэлийн төвшинд сүүлийн хоёр жил боловсруулагдсан төсөл. Нийслэлийн Засаг дарга болсны дараа л Засгийн газрын хуралдаанд оруулж, өргөн барьсан. Агаарын бохирдол, түгжрэл дээр алгуурлах зүйл байхгүй. Хэдүүлээ агаарын бохирдол, түгжрэл гэдэг хоёр зүйл дээр улс төржиж болохгүй. Ширээний ард тойрч сууж байгаад зөв бодлого уралдуулах ёстой.
Түгжрэлтэй тэмцэх, гэр хорооллыг барилгажуулах тухай анхдагч хууль батлагдсаны маргаашнаас удирдлагын баг хэрэгжилтийг хангахын төлөө амралтгүй, цаг наргүй ажиллахыг шаардана. Жилд 50 мянган машин орж ирээд байхад хэчнээн зам, гүүр бариад, өргөсгөөд түгжрэлтэй тэмцэхгүй.
Байрнуудын гадна талд 3 жил тавьсан, хучлагатай машин байгаа гэдэг судалгаа бий. Олон аж ахуй нэгжийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Их тойруу дотор 1500 өндөр таур босох юм уу гэдгээ НИТХ, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Энэ асуудалтай холбоотойгоор олон аж ахуй нэгжийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ би бүгдийг зогсоохгүй. Зарим нь сууриа хийчихсэн газрууд бий. Ийм барилгуудыг журмынхаа хүрээнд явуулах л байх. Харин Улсын нэгдсэн эмнэлгийн хашаан дотор 20 давхар барилга барихыг зөвшөөрөхгүй. Ялгаж салгаж хэдүүлээ шийдэл гаргая гэж байгаа.
Сая нийслэлд 0 зогсолт болсон. Хүйтрээд ТЭЦ-3, ТЭЦ-4 рүү 28 удаа таталт хийхэд л 0 зогсолт үүсч байгаа. Тэг зогсолтыг зогсоох уу, яах вэ гэдгийг НИТХ шийднэ. Тийм учраас энэ бүх эрхийг НИТХ-д авчирч байгаад шийдье гэж байгаа юм.
Улаанбаатар хотын 700 худалдаа эрхлэгчтэй өчигдөр би уулзсан. Бүгд бухимдалтай байна лээ. Шөнийн тээврийг зогсооё гэсэн. Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт Барс, Нарантуулыг орлохуйц агуулах худалдаа, том тээвэр ложистикийн төв байгуулах шийдвэр гаргаж өгье. Тэгвэл Дамбадаржаа, Хайлааст, Баянхошуу, Чингэлтэй, Толгойт төвүүдэд агуулах худалдаа байгуулчихвал иргэд зөвхөн Хархорин, Барс руу явж бараа авах гэж явахгүй. Нэгдүгээр эгнээг гацаахгүй.
Худалдаа эрхлэгчид авлига албан тушаалтай холбоотой асуудалд цэг тавь гэсэн. Манай нийслэлийн нийтийн тээвэрт маш олон жил бугшсан, аж ахуйн нэгжтэйгээ хуйвалддаг, авлигын тогтолцоо байгаа. Өмчийн харилцааны газрынхан зориудаар шүүх дээр ялагддаг авлигын тогтолцоо байгаа. Газар албанд ч авлигын тогтолцоо байгаа. Энийг засахын тулд нийслэл газар олгохгүй гэдэг өөрчлөлтийг хуульд оруулж ирж байгаа.
Автобусны тухайд холбоотой бүх дарга нарыг шалгуулъя гээд өргөдөл өгсөн. Миний ажил үүргийн хувиар биш, мөрдөх байгууллага шийднэ. Удахгүй шүүхэд шилжүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ. Дараагийн шинэ автобус дээр алдаа гаргахгүйн тулд олон улсын тендер зарласан. Гэхдээ манай Худалдан авах ажиллагааны тухай хуулийн нэг зарчим нь үнийг нэгдүгээрт тавьдаг. Хөгжиж байгаа орнууд үнэ тэнцүү чанар тавьдаг. Ийм ангилалтай хууль руу шилжихгүй бол хамгийн хямд үнэ гэдэг зарчмаар явах нь буруу байгаа. Аж ахуйн ажил хийхээр зовлонг нь мэдэрдэг юм байна.
НИТХ-ын төлөөлөгч Ж.АЛДАРЖАВХЛАН:
-Яармагийн дахин төлөвлөлт гэж иргэдийг хохиросон төлөвлөлтийг хол яваагүй дээр нь зогсоомоор байна. Хэрэв зөвшөөрвөл бетонон ширэнгэ болно. Сургууль цэцэрлэг байхгүй, 16-21 давхар барилгатай болох юм билээ. Дахин төлөвлөлтийг эргэж харах шаардлагатай. Яармагийн дахин төлөвлөлтийг авсан “Ивээлт цахмаг” компани 15 айлын түрээсийг өгч чадахгүй байгаа. Яаж ийм компани тендерт шалгарсан юм. Яаж 20 га газарт 20 мянган айлын орон сууц барих юм.
“Фүжи девелопмент” компани "Ажилчны алдар" талбай руу 4 метр түрж орсон. Бид зогсоосон ч "Барилгаа томруулах хүсэлтээ Хот төлөвлөлтөд өгсөн, удахгүй шийдвэр гарна" гээд явж байна. Хэрвээ тэр компанид зөвшөөрөл олгох юм бол бид зөвшөөрөхгүй шүү. Хотын стандартын газартай ярьтал дарга нь бэмбэгнэсэн юм ярьж байгаа. Бидэнд эрх өг л дөө. Тэд хууль зөрчөөд ухаж болдог, бид яагаад хуулиа биелүүлэхийг шаардаж болдоггүй юм.
Х.НЯМБААТАР:
-"Ажилчны алдар" талбай руу 4 метр талбай хэтрүүлсэн компанид П.Сайнзориг нар өнөөдөр очиж ажиллаад зогсооно. Би өөрөө амралтын өдөр очиж харсан, мэдээллийг авсан.
Улаанбаатар хотод орон сууцжих 4 төрлийн харилцаа явж байна. Нэгд, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нурааж шинээр барих. Хоёрт, гэр хороололд дахин төлөвлөлт хийгээд, санхүүгийн чадавхи муутай компани 2-3 айлын газрыг чөлөөлж байгаад өндөр барилга барьж, норм хэмжээг зөрчиж байна. Гуравт, дэд төвийг орон сууцжуулах. Манай хот дээр хоорондоо уялдаагүй олон нэгж байна. Дахин төлөвлөлттэй холбоотой болохгүй байгаа ААН-ийг зогсоож, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг нэгдсэн байдлаар танилцуулна. УИХ-д өргөн барьсан хуулиуд дээр хэд, хэдэн эрхийг нийслэлд авахаар байгаа. Дахин төлөвлөлтийг нэн яаралтай зогсоох 3 байрлал нь Дэнжийн мянга, Ногоон нуур, Яармаг.
Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд дэд төв байгуулахад АХБ оролцъё гэж байгаа. Өчигдөр 20 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт дулааны шугам задарсан. Хүйтний эрч 20 градус орчим болж, дулааны чадлыг бага зэрэг нэмэхэд л ийм байдал үүсч байгаа. Дулааны бүх шугам сүлжээ аваарын байдалтай ажиллаж байгаа. Тийм учраас дулааны шугамын хамгаалалтын бүс зөрчиж барилга барьсан компаниудаас үл хөдлөхийн татвар авахаар хуульд суулгаж өгсөн. Хууль зөрчсөн тэдний үйлдлийг бусад татвар төлөгч нь шэйрлэх ёсгүй. Тэндээс татвар авч байж шугам сүлжээний шинэчлэлээ хийе гэж төлөвлөж байна.
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг 17-ны баасан гаригт болно.