Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 9-ний өдөр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болов. Ийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс түүнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байна.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2022 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг. Мөн түүнийг тухайн үед Авлигатай тэмцэх газраас түр саатуулж, цагдан хорьж байсан юм. Улмаар нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тодруулбал, Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм.