УИХ ирэх оны төсвийн төслийн 3 хэлэлцүүлгийг хийж байна. Төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын төсвийн байнгын хороо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 2011 оны тогтоолд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж УИХ-аар хэлэлцүүллээ.
Төсөлд, малчин, мал бүхий иргэдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж, баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгохоор өөрчлөн найруулсан байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төсөлд ерөнхий боловсролын сургуулийн анги танхимыг интернэт, дотоод сүлжээнд бүрэн холбох, багш бүрийг компьютержүүлэх, хүүхдийн авьяасыг дэмжих, цахим системд суурилсан нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгахыг Засгийн газарт даалгажээ.
Түүнчлэн нийслэл, орон нутагт гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавьж, цаашид боловсролын хүртээмжийг дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, ажилчдад зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгасан байна.