Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрч, арваннэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд орсон хүчтэй цасан шуурганы улмаас монгол орны нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.
Цасан шуурганы үеэр 12 аймгийн 24 суманд 46 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 38 иргэнийг эсэн мэнд олж, найман иргэн амь насаа алдсан харамсалтай явдал болсон.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян суманд иргэд амь насаа алдсан. Эндээс хамгийн хүндрэлтэй нөхцөл үүссэн Төв аймгийн Эрдэнэсант суманд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, нийт нутаг дэвсгэрт долоон ажлын хэсэг үнэлгээ дүгнэлтүүдээ хийж байна.
Мөн тус суманд туулах чадвар сайтай машинаар малчдыг өвөлжөө рүү нь нүүлгэх, зам гаргах болон шатахууны дэмжлэгийг хүргэж байна. Амь насаа харамсалтайгаар алдсан иргэдийн ар гэрт эхний ээлжид таван сая төгрөгийн дэмжлэгийг УОК-оос өгөх шийдвэр гаргажээ.
Цаашид цас их орж зам даваа хаагдах эрсдэл бий учир малчдад хүнс, малын тэжээл хүргэх ажлыг төлөвлөж, эхлүүлжээ.