Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод 2023 оны 10 дугаар сарын 30-ны “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн №26 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, цаашид Сүү ХК-ийн зөвлөхөөр ажиллахаар боллоо.
Гүйцэтгэх захирал М.Болод нь Монголын томоохон групп компаниудад дээд удирдлагын түвшинд тууштай ажиллаж, туршлага хуримтлуулсан. “Сүү” ХК-д 2013-2019 онуудад 6 жилийн турш Маркетинг борлуулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад 2020 оны 12 дугаараас хойш 3 жилийн хугацаанд тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан.
Ажиллах хугацаандаа Хөрөнгө оруулалт, Менежментийн шинэчлэл, Засаглал төвтэй бодлого бариж ажилласнаар үйлдвэрлэлд тулгамдаад байсан шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн борлуулалтын төлөвлөгөөнд хүрч ажилласнаар Сүү ХК 100 тэрбумын үнэлгээтэй компани болсон бөгөөд сайн засаглалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа олон улсын түвшинд үнэлүүлж Жендерийн тэгш эрхийг хангах чиглэлээр Европын холбооны тогтвортой хөгжлийн Алтанд медалийг Монгол улсаас анх удаа хүртээд байна. 2022 онд үргэлжлүүлэн менежментийн шинэчлэлийн чиглэлээр ЕСБХБ-тай хамтран олон улсын зөвлөх үйлчилгээний төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэх мэт ХАА-н салбарын ур чадвар, өндөр шилдэг удирдагчдын нэг юм. Тэрээр Хүнсний Хувьсгал ТББ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Сүү ХК-ийн ЗӨВЛӨХ-өөр үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэн ажиллах юм.
Сүү ХК-ийн дараагийн гүйцэтгэх захиралаар Б.Гантулга энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан тушаалдаа томилогдож байна. Тэрээр Монгол Улсын томоохон санхүүгийн групп компаниудад 2004 оноос эхлэн дээд удирдлагын албан тушаалд ажиллаж байсан туршлагатай. Гүйцэтгэх захирал Б.Гантулга нь 2014-2018 оны хооронд нийт 5 жилийн турш Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирлаар өмнө нь ажиллаж байсан юм.
Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн түгээх эрхэм зорилгынхоо хүрээнд сүүний нөөцийг бүрэн ашиглах стратегийн төлөвлөгөө боловсруулж үндэсний зах зээлээ хангаад зогсохгүй, өөрсдийн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ экспортлох гарцыг бий болгохоор зорилготой ажилдаа орж байна. Манай хойд, урд хөрш болох ОХУ болон БНХАУ нь сүү, сүүн бүтээгдэхүүний импортоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд сүү бэлтгэлийн процессыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулсанаар эдгээр улсад экспорт хийх бүрэн боломжтой гэж харж байгаа юм.
Монгол сүүгээр дэлхийг ундаалах арвин үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа шилдэг удирдагчиддаа цаашдын их ажилд нь амжилт хүсэе.