“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог.
Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж 2022 онд 29 орны 23,690 хүн оролцсон бол энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна.
Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ.
"Улаанбаатар марафон-2023" өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж байна.
Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой юм.
Олон улсын марафон гүйлтэд оролцох иргэдэд зориулж Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн зөвлөгөө өглөө.
Энэ талаар НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн ахлах мэргэжилтэн Д.Энхтүвшин "Маргааш болох марафон гүйлтийн үеэр хаагдсан зам талбай дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний таван цэг байрлаж, ажиллана.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний цэгүүд нь гараа, барианы буюу Сүхбаатарын талбай дээр, Туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль болон ОБЕГ-ын хажууд, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд талд байршина.
Мөн МУИС, Багшийн дээдийн уулзвар, "Бишрэлт" их сургуулийн дэргэд түргэн тусламжийн машин зогсоож, бэлэн байдлыг хангаж байна" гэлээ.
Мөн тэрээр олон улсын гүйлтэд оролцох иргэдэд хандан дараах зөвлөгөөг өглөө.
- Өнөөдөр сайн унтаж, амрах;
- Гүйхийн өмнө хүнд махан хоол бага, илчлэг сайтай, хөнгөн хоолыг түлхүү идэх;
- Гүйж байх хугацаандаа усны цэгүүдээс ус авч, 100-200 мл-ээр багаар шимж уух;
- Шинэ гутал, хувцас өмсөж гүйх нь хөл холгох зэрэг эрсдэлтэй байдаг тул өөрсдийн өмсөж дадсан хувцастайгаа оролцохыг зөвлөж байна.