Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом” 42 дахь удаагийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо. Хоёрдугаар шатанд үлдсэн шилдэг 28 яруу найрагч өчигдөр Улс тунхагласан өдөр Улсын Филармони тайзнаас шүлгээ уншиж өрсөлдөв.
Сүүлийн шатанд үлдсэн найрагчдаас МЗЭ-ийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Дундговь аймгийн харьяат яруу найрагч А.Лхагва түрүүлж, тэргүүн цом эзэн боллоо. Дэд байрт Яруу найрагч Л.Торой шалгарч, яруу найрагч На.Батболд, Ч.Ууганбаяр, Д.Нямдорж нар айргийн тавд үлдэв.
"Болор цом" наадмыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж санаачилж 1983 оноос зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Наадмын тэргүүн шүлгийг уншигчиддаа хүргэж байна.
"Морин хуурын хэл”
Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Энэ хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярана
Тэнгэрийг
Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туйлсан их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг Талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Тальн хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансарыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа