Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг олон улсын гүйлт буюу "Улаанбаатар марафон" маргааш болно.
Уг гүйлтийн тэмцээнд оролцогчдыг сар гаруйн хугацаанд бүртгэсэн бөгөөд тавдугаар сарын 30-нд хаахаар товлосон байсан юм. Тэгвэл иргэн, ААН-үүдийн хүсэлтээр таван километрийн марафон гүйлтийн бүртгэлийг сунгаад өнөөдөр 17:00 цагт хаахаар болсон гэдгийг албаныхан мэдээллээ.
Нийслэлийн биеийн тамир спортын газрын Захиргаа, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан "Тэмцээнтэй холбогдуулан маргааш өглөө 06:00 цагт автомашины хөдөлгөөнийг маршрутын дагуу хязгаарлах юм. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд 09:00 цагт тэмцээнд оролцогчдыг гараанд оруулснаар 09:30 цагт нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Үргэлжлүүлэн 10:00 цагт бөөн гараагаар гаргана. Ингэхдээ, хагас, бүтэн марафон болон 10 километрийн гүйлтийн тамирчид толгойн группт, 12-17 насны таван километрийн гүйлтийн тамирчид, таван километрийн эрүүл мэндийн гүйгчид гэсэн дарааллаар гүйх юм.
Харин МУИС-ийн нэгдүгээр байрны талбайгаас 13:00 цагт 1.5 километрийн зайнд хараагүй, тэргэнцэртэй иргэд гүйнэ. Гэр бүлээрээ оролцох иргэдийн хувьд уг байршлаас 1.5 км зайд гүйж, төв талбай дээр барианд орно.
Мөн 14:00-16:00 цагийн хооронд 1.5 болон таван километрийн гараанд амжилт гаргасан тамирчдыг, 16:00 цагаас хойш хагас бүтэн марафон болон 10 километрийн зайд түрүүлсэн тамирчдыг урамшуулна" гэлээ.
Марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликэйшнээр бүртгэж байна.