Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Жил болгон өрсөлдөх чадварын чуулганыг зохион байгуулаад чамлахааргүй хугацаа өнгөрлөө. Энэ жил Төвийн бүсийн өрсөлдөх чадварыг чуулганыг зохион байгуулах гэж байгаа. Өмнөх чуулгануудаас ямар онцлогтой вэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 2013 оноос аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж ирсэн. 21 аймгийг харьцуулсан судалгаа гаргадгаараа ач холбогдолтой. 2014 оноос аймгуудын өрсөлдөх чадварын тайланг олон нийтэд хүргэх, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор бүс нутгийн форумуудыг зохион байгуулж ирлээ. Энэ жилийн хувьд Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг Дархан-Уул аймагт энэ сарын 26-нд зохион байгуулна. Төвийн бүсийн дөрвөн аймаг болох Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийнхан “Өнөөдрийн шийдвэр-Ирээдүйн хөгжил” гэсэн уриатай энэ чуулганд оролцоно.
-Төвийн бүсэд Улаанбаатар хот орохгүй юу?
-Улаанбаатар төвийн бүсэд оршдог ч нийслэл хот учраас аймгуудтай харьцуулшгүй өөрийн гэсэн статустай. Хөгжлийн хувьд ч арай өөр. Тийм учраас бид аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланд ч, хэлэлцүүлгүүдэд ч Улаанбаатар хотыг оруулдаггүй. Мэдээж, бодлогоо тодорхойлдог яам, тамгын газруудаас төлөөлөгчдийг урьж аваачдаг. ДНБ-ий 76 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэдэг. Энэ тоо заримдаа 78-79 хувьд хүрдэг. Гэтэл Орхон аймгийн хувьд Монгол Улсын “саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр тэнд үйл ажиллагаа явуулдаг мөртлөө манай улсын ДНБ-ий 4.1 хувийг л үйлдвэрлэж байх жишээний. Өмнөговь аймагт Оюутолгой, Тавантолгой, МАК, “Энержи ресурс” зэрэг томоохон уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг ч ДНБ-ий 1.8 хувийг л үйлдвэрлэдэг юм билээ. Энэ мэтийн сонирхолтой үзүүлэлтийг нь дүгнэж үзээд бид Орхон аймгийг хангайн бүсэд, Өмнөговь аймгийг говийн бүсийн чуулганд оролцуулсан.
-Янз бүрийн нэртэй олон хурал, форум энд тэндгүй л болох юм. Гэхдээ үр ашиг нь ямар вэ? Өрсөлдөх чадварын бүсчилсэн форумд бусдаас давуу тал юу байна?
-Бид эдийн засгийн судалгаагаараа дагнах зорилготой. Тогтмол нэг л аргачлалаар энэ судалгаагаа хийж үзүүлэлтүүд нь сайжирч байна уу, эсвэл муудаж байна уу гэдгийг гаргаж ирдэг. Орон нутгийн төвшний хамгийн их дата мэдээлэл манайд байгаа гэхэд хилсдэхгүй. Эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй судалгаануудыг харахаар ихэнх нь ганц удаа нэг том судалгаа хийчихээд дараа жил нь хийдэггүй. Харин бид нэг аргачлалаар тасралтгүй судалгаагаа хийснээр урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг гаргана гэж үздэг. Бусад судалгаа шинжилгээний байгууллагуудаас ялгарч буй гол онцлог нь энэ. Бид орон нутгаа хөгжүүлж, орон нутагтаа ажлын байр бий болгохгүй бол наад зах нь нийслэл руу шилжих урсгал буурахгүй. Хоёрдугаарт, орон нутаг дахь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Ингэхийн тулд хаана нь юуг хийвэл илүү зохистой вэ гэдгийг бидний хийсэн судалгаан дээр анализ дүгнэлт хийх маягаар шийдэж болно.
-Өрсөлдөх чадвар гэж яг юу вэ? Танайхан их олон үзүүлэлтээр үүнийг гаргаж ирдэг шиг харагдсан...
-Улс орнууд байгаа бүх нөөц бололцоогоо ашиглан ард иргэдээ сайхан амьдруулах орчныг бүрдүүлэх гэж хичээдэг. Ялангуяа бизнесийн орчноо өөрсдийн бүхий л нөөц боломжоор дэмжиж байж ийм орчин бүрдэнэ гэж үздэг. Бизнесийнхэн ажлын байр бий болгож, татвар төлдөг. Гэхдээ бизнесийн орчныг аятай таатай байлгахад хууль, эрх зүйн орчныг бүрдүүлдэг засаглалын үзүүлэлт их чухал. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин ямар байна вэ, тэнд ямар асуудлууд тулгамдаж байна вэ гэдэг нь дээрх хоёр үндсэн үзүүлэлтээр гараад ирдэг. Гуравдугаарт, эдийн засгийн орчин. Дөрөвдүгээрт, дэд бүтэц их чухал гэж үздэг. Яагаад гэвэл, дэд бүтэц хөгжиж байж эдийн засгийн боломжуудыг бий болгоно. Дэд бүтэц дотроо хатуу, зөөлөн гэж хоёр хуваагдана. Сүүлийн үед зөөлөн дэд бүтэц түлхүү яригдаж байна. Энэ мэтчилэнгээр үндсэн дөрвөн бүлгийн 181 үзүүлэлтээр л тухайн аймаг, орон нутаг, сум, дүүргийн өрсөлдөх чадварыг тодорхойлдог юм. Үүнийг та олон гэж харж байна. Мэдээж, төгс төгөлдөр зүйл гэж хаана ч байхгүй. Маш олон давуу тал, бас маш олон сул талтай байдаг. Үүнийгээ л ашиглах хэрэгтэй. Аль тал нь арай их байна гэдэгтээ анализ дүгнэлт хийгээд давуу талаа яаж ашиглаж, сул талаа яаж нөхөж сайжруулах вэ гэдэг дээр илүү ажиллах ёстой. Тиймээс 21 дүгээрт эрэмбэлэгдсэн аймаг бүх зүйлээрээ муу гэсэн үг биш. Зарим нэг үзүүлэлт нь сайн л байгаа. Үүнийгээ ашиглах хэрэгтэй.
-Өнөөдөр ч гэсэн 330 суманд баахан хөндий хоосон байшин барих төсөв УИХ дээр орж ирж байна. Гэтэл нийслэлд эмнэлэг, сургуул, цэцэрлэг нь хүрэлцдэггүй. Ийм бэлэн судалгаа байгаад ашиглахгүй бол хэрэг юун?
-Бид аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс шийдээд тогтчихлоо. Үүний нэг жишээ нь наад эмнэлэг, цэцэрлэгийн асуудал. УИХ-д сонгосон гишүүдээ бид “Юу хийв” гэж байнга асуудаг. Тэр хүмүүс ажил хийсэн гэж харуулахын тулд тойрогтоо нэг цэцэрлэг барьдаг. Энэ яг тэр газартаа хэрэгтэй байна уу, үгүй юу гэдэг нь тэр хүмүүст огт сонин биш. Би ажил хийсэн шүү хэмээн өөрийнхөө арьсыг хамгаалахын тулд л ингээд байна. Тухайн орон нутгийн хөгжилд яг хэрэгтэй зүйлээ хийхгүй байна. Бид энэ тогтолцооноосоо гарах цаг нь болсон. Ингэхийн тулд бидэнд улс төрийн шинэ соёл хэрэгтэй. Бид одоо юм хийх чадвартай цоо шинэ хүмүүсийг сонгож гаргаж ирэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ихэнх хүмүүс тойргоо солиод л байнга сонгогдож байна. Хоёрдугаарт, орон нутгийн иргэд нэгдэж байгаад гишүүдээс зөв шаардлага тавих ёстой. Бид ихэнхидээ ингэхгүй, “За, тэр хийчих болов уу” гээд өөр хүнд найдаад суугаад байна. Бидний хийсэн бэлэн судалгааг аваад, өөрсөддөө яг хэрэгтэй байгаа тэр зүйлээ хамтраад хийж болно шүү дээ.
-УИХ-ын гишүүд ч гэсэн тухайн орон нутагт юу хэрэгтэй вэ? гэдгийг судлах үүрэгтэй хүмүүс дээ, уг нь?
-Сэтгэл гаргаж ажиллахгүй байна. Бидний хийсэн судалгаанаас харахад Хөвсгөл аймагт нэг эмчид бараг 650 хүн ногдож байна. Нэг эмч 650 хүнийг яаж үзэх юм бэ. Энэ чинь эргээд эмнэлгийн үйлчилгээний чанарт нөлөөлнө. Ер нь тоон үзүүлэлт маш их зүйлийг хэлдэг. Нөгөөтэйгүүр, орон нутгийн иргэдийнхээ хэрэгцээнд тулгуурлаж байж л аливаа ажлыг хийх ёстой. Ингэхгүй энд тэндгүй баахан хоосон барилга барих чинь хөгжил биш. Эцэст нь эдийн засгийн ямар ч үр ашиггүй баахан урсгал зардал гарна шүү дээ.
-Гэхдээ л сум болгонд сургууль, цэцэрлэгийн байшин, соёлын төв, театр барих гэж байна. Саяхан л төсөв хүнд байна, эдийн засаг хямралтай байна гэж ярьж байгаагүй юм шиг. Таны хувьд ирэх оны төсвөөс хамгийн их анхаарал татсан зүйл юу вэ?
-Сум болгонд барилга барих гэж байгаа нь үнэн. Ялангуяа, Соёлын төв, театрууд барина гэдэг төсөл шууд нүдэнд туссан. Театр, соёлын төв барьснаар ажлын байр бий болохгүй. Орон нутагт хамгийн их хэрэгтэй байгаа нь ажлын байр. Хоёрдугаарт, ам.долларын ханшийг бодит бусаар авч үзсэн байна. Ам.долларын ханшийг багаар авч үзсэн нь их хэмжээний орлого орж ирнэ гэж төсөөлсөнтэй нь холбоотой болов уу. Миний таамаглалаар энэ бараг боломжгүй гэж айж байна. Манайх маш ихээр доллараас хамааралтай эдийн засагтай улс. Аж үйлдвэр нь хөгжсөн эдийн засагтай оронд бол өөр. Гэтэл манай гол экспортын бүтээгдэхүүн бол уул уурхай бүтээгдэхүүнүүд. Тиймээс бид хүссэн хүсээгүй дэлхийн зах зээлийн үнээс л хамааралтай байна. Энэ үнэ ханшид бид шууд нөлөөлж чадахгүй. Нөгөөтэйгүүр, манай улс гадагшаа маш их хэмжээний өртэй. Үүнийгээ валютаар төлдөг. Валют гадагшилж байгаа учраас ханш тийм ч амар буухгүй. Мөн бид импортоос маш их хараат. Өөрөөр хэлбэл, бид долларжсан эдийн засагтай улс. Тэр хэмжээгээрээ ам.долларын ханшийг буулгана гэдэг бол маш хүнд. Ойрын хугацаанд л лав боломжгүй.
Мөн зэс, нүүрсний үнийг их өөдрөгөөр авч үзсэн байна билээ. Энэ ч бас учир дутагдалтай. Яагаад гэвэл, тэр хэмжээний орлогыг бүрдүүлж чадахаар үнэд хүрэхгүй бол төсөв алдагдалтай л болно. Төсөв алдагдалтай батлагдаж байгаа бас нэгэн шалтгаан нь цалин хөлсний нэмэгдэл. Эдийн засгаа найман хувиар өсгөнө, инфляцийг найман хувьд барина гэж өөдрөгөөр төсөөлсөн байна. Би хувьдаа эдийн засгийн өсөлт 5-7 хувьтай байх болов уу гэж бодож байна.
-Уг нь хүмүүс цалингаа нэмүүлчихвэл амьдрал сайжирна гэж хүлээж байгаа шүү дээ. Гэтэл үүнээс нь өрсөөд үнэ өсчихлөө?
-Одоо эдийн засаг найман хувиар өслөө ч инфляци бүгдийг нь идчихнэ л дээ. Нөгөөтэйгүүр, бид маш хүнд тойрогт орчихлоо. Бид уг нь эдийн засаг сайн байх үедээ хуримтлал үүсгээд, төсвөө хумих бодлогыг явуулах хэрэгтэй байсан. Эдийн засагчид үүнийг олон жил зөвлөсөөр л ирсэн. Гэвч дандаа төсвөө тэлэх бодлого явуулж, дандаа алдагдалтай төсөв баталсаар ирсэн. Дээрээс нь гадаад өр гэх мэт хүнд асуудлууд байгаа. Үнэндээ манайх эдийн засгийн загваргүй яваад байна. Улс төрийн мөчлөгөөр л яваад байдаг. Намууд ард түмэнд таалагдаж гарч ирэхийн тулд юу ч хамаагүй амладаг. Маш олон халамжийн хөтөлбөртэй. Гэтэл үүнийгээ даах төсөв байхгүй. Гэсэн ч үүнийгээ хасч чадахгүй хиймлээр бариад л байдаг. Тиймээс ард иргэд эдийн засаг 18 хувиар өсөөд байхад миний амьдралын чанар яагаад сайжраагүй вэ гэж асуугаад байгаа юм. Ингэж асуух нь зөв шүү дээ. Төрийн үйлчилгээ муу, хүнд сурталтай байгаа нь ч үнэн. Наад захын жишээ маш олон жил ажил хийгээд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөөд л явж байгаа. Гэтэл эрүүл мэндийн даатгалаараа эмнэлэгт үзүүлж чадаж байна уу. Үгүй. Эмнэлэгт очно оо, хүлээлт дугаар нь гүйцэгдэхгүй. Нэг өдрийг цаг авахад зарцуулж дугаарлана. Дараа нь авсан цаг дээрээ үзүүлж чадахгүй бас дугаарлана. Энэ чинь бидний төлж байгаа мөнгө эргээд зүй зохистой зүйлдээ зарцуулагдаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг хөнддөг. Манай улсын тэтгэвэр, нийгмийн даатгалыг биднийг тэтгэвэрт гарах үед баталгаатай байлгаж чадах уу гэвэл би үгүй л гэж хэлнэ. Би өнөөдөр өчнөөн мөнгө төлчихөөд тэтгэвэр авах уу, үгүй юу гэдэг нь тодорхой бус байна шүү дээ. Олон жилийн турш тэтгэврийн сангийн мөнгийг маань төсвийн алдагдал нөхөхөд зарцуулж ирсэн. Нэрийн данс нээсэн боловч энэ нь бодит биш, хийсвэр. Өөрөөр хэлбэл, тэнд мөнгө байхгүй. Гэтэл гадаад орнуудын жишгийг харахад энэ сан төсвөөсөө ангид байдаг. Дансандаа мөнгө нь байж байдаг, үүнийг нь бүр өсгөөд байж байдаг. Гэтэл манайд ийм бүтэц алга. Уучлаарай, энэ мөнгө уг нь банкинд хийж буй хуримтлалтай адил зүйл байхгүй юу. Тэр мөнгө нь бодитоор байж байх ёстой. Тэгээд өсч байх учиртай. Эрүүл мэндийн даатгалын сан ч яг адилхан. Би мөнгө төлсөн, энэ мөнгийг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулах учиртай. Гэтэл бид эрүүл мэндийн байгууллагаас авах ёстой үйлчилгээгээ ч бүрэн авч чаддаггүй. Наад захын жишээ нь бид 1989 оноос хойш шинээр нэмж эмнэлэг барьсан юм уу. Үгүй шүү дээ. Нөгөө байдаг хэдэн улсын эмнэлэг маань л ачааллаа дааж ядан уухилж байгаа. 1980-аад оны төгсгөлд Эх нялхсын эмнэлэг барьсан. Одоог хүртэл ийм хэмжээний эмнэлэг нэмээд барьчих чадалгүй л байна шүү дээ.
-Танайх судалгааныхаа санхүүжилтийг хаанаас авдаг вэ?
-Манайх бол ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага. Бидний хийж байгаа судалгаанууд ч гэсэн аль нэг байгууллага, улс төрийн намын захиалгаар хийдэггүй. Монгол Улсын хөгжилд юу хэрэгтэй байна вэ гэдэг хандлагаар л бид судалгаагаа хийдэг. Бид өөрийн бүтээгдэхүүнүүд буюу харьцуулсан судалгаануудаа байнга гаргадаг. Өөрсдөө гардаж бүх судалгаагаа хийдэг. Мөн сар бүр макро эдийн засгийн судалгааг гаргадаг. Инфляци хэдэн хувьтай байна вэ, ДНБ-ий өсөлт, ханшийн өөрчлөлт гээд ерөнхий үзүүлэлтээр макро эдийн засгийн тоймыг гаргадаг юм. Мөн банкуудын өрсөлдөөний тоймыг улирал тутам гаргадаг. Олон улсын байгууллагын тендерт оролцож, хараат бус судалгааг ч хийдэг.
-Манайд бизнес хийх орчин яг одоо ямар байна вэ? Жил ирэх бүр л хүндрээд, боломж нөхцөл нь хумигдаад байх шиг харагдах юм?
-Бизнес хийх орчин хумигдмал, боломж багатай байгаа нь үнэн. Татварын хэм хэмжээ харьцангуй бага орнуудын нэг мөртлөө манайд албан бус буюу далд эдийн засаг их байдаг. Үүнийгээ яагаад албажуулахгүй байна вэ гэвэл татвар, мэргэжлийн хяналт гээд төрийн дарамт шахалт, шалгалт шүүлгээс иргэд айгаад байна. Тиймээс хэдэн төгрөгөөр аргалаад л нуугаад байх сонирхолтой. Бизнесийн орчинд бас нэг тушаа болж байгаа зүйл нь эрчим хүч. Үйлдвэрлэл хөгжүүлье гэхэд манайд эрчим хүч байхгүй байна шүү дээ. Бүхий л боломжоороо өргөтөл бариад ч бидэнд эрчим хүч хангалтгүй. Мөн бүртгэлийн асуудал маш чухал. Манайд анхнаасаа бүртгэлийг маш буруу хийгээд явчихсан. Монгол Улсад нэг компани дампуурлаа зарлахын тулд дөрвөн жил явдаг. Дампуурлаа зарлах гэхээр нь “Та нар татварт өргүй” гэсэн бичиг авч ир гэдэг. Дампуурсан компани яаж өргүй байх юм бэ. Татварт л лав өртэй байж таарна шүү дээ. Ингээд баахан бичиг цаасаар дарамтлаад компаниудыг дампууруулахгүй бариад байдаг. Ер нь компани байгуулж, бизнес хийнэ гэдэг бол хариуцлагын асуудал шүү дээ. Гэтэл манайд нэг сая төгрөгтэй хүн ХХК байгуулаад байна шүү дээ. Швейцарьт бол ХХК байгуулахад 20 мянган евро хэрэгтэй. Энэ нь компанийн өмч болно. Хэрэв компани дампуурвал та өөрийнхөө өмчөөр гуравдагч хүмүүсийн гомдлыг барагдуулах үүрэг хүлээдэг. Гэтэл манайд ийм хариуцлалгын тогтолцоо нь байдаггүй.
-Сонирхолтой нь манайд компаниа дампууруулсан хүмүүс нь улам баяжаад, тухайн компанид ажиллаж байсан хүмүүс нийгмийн даатгалаа ч төлүүлж чадалгүй хохироод үлдсэн жишээ олон?
-Наадах чинь бас их сонин. Нийгмийн даатгалын өрийг цагаатгадаг. Яагаад цагаатгаж байгаа юм бэ, тэнд ажиллаж байсан хүмүүс цалингаасаа татвар, даатгалаа төлчихсөн байдаг. Улсад тушаах үүргээ компани нь биелүүлээгүй байхад яагаад түүнээс нь чөлөөлөх шийдвэрийг гаргаад байна вэ. Энэ мэтээр дампууралтай холбоотой олон асуудлыг хариуцсан ажлын хэсэг Хууль зүйн яаманд байгуулагдаад олон жил өнгөрсөн мөртлөө өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй, бугшсан олон асуудал нь хэвээрээ л байна.
Г.Ганчимэг "Ардчилал таймс" сонин
Сэтгэгдэл (2)