Улсын Дээд шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигчийг “Монголын зэс” корпораци гэж үзэн, хоёр жил үргэлжилсэн маргаанд цэг тавилаа. Тэгвэл энэ талаар болон бусад сэдвээр “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинтэй ярилцсанаа хүргэж байна.
-Улсын Дээд шүүхийн шийдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргааныг хууль эрхзүйн хувьд бүрэн эцэслэсэн гэж ойлгож болох уу?
-Улсын дээд шүүхийн есдүгээр сарын 19-ний шийдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчидтэй холбоотой маргааныг бүрэн эцэслэлээ. Энэ маргаан анх 2017 оны гуравдугаар сарын 29-нд эхэлж, Засгийн газраас 14 дүгээр тэмдэглэл гаргасан. Тус баримт бичигт “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт (ТӨБЗГ) үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу ТӨБЗГ-ын албан тушаалтнууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, тус үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид мэдэгдэлгүйгээр шууд төрийн өмч болгосон. Ингээд үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг амралтын өдрүүдэд төрийн эзэмшилд бүртгүүлсэн байдаг. Үүнээс үүдэн 2017 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдөр манай компани Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани Засгийн газрын 14 дүгээр тэмдэглэл болон захиргааны зарим акт нь илт хууль зөрчсөн гэж үзсэн. Мөн Засгийн газар өөрийн эрх мэдлээс хэтэрсэн хэрэг шийдвэрлэсэн хэмээн бид үзсэн. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийг томилдог. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 болон 49 хувийг эзэмшигчид хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэнэ гэсэн үг. Тиймээс бид иргэний шүүхэд гомдол гаргасан. Иргэний шүүх 2017 оны арванхоёрдугаар сард энэ маргааныг эцэслэн шийдвэрлээд, хувьцаа эзэмшигчдийн хурал нь хууль бус гэж дүгнэсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийг оролцуулахгүйгээр, 51 хувийг эзэмшигчид хурал хийснийг шүүхээр тогтоосон. Энэ шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар хүлээн зөвшөөрч, 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр манай компанийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авч, мөн оны арванхоёрдугаар сард буцаагаад “Монголын зэс” корпорацийн мэдэлд шилжүүлсэн. Гэвч удалгүй 2018 оны нэгдүгээр сард Засгийн газар шинээр байгуулагдаж, дахин тогтоол гаргаж, 49 хувийг дахиад төрд авсан. Тэгвэл дээд шүүхийн уржигдрын буюу 2018 оны есдүгээр сарын 19-ний шийдвэрээр Засгийн газрын 2017, 2018 оны тогтоолууд, түүнийг дагасан ТӨБЗГ-ын дүрэм, шийдвэрүүд бүхэлд нь хууль бус гэж үзсэн.
- “Монголын зэс” корпорацийн хувьцаа эзэмшигчийн эрх хуульзүйн хүрээнд ийн баталгаажлаа. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар эрсдэл тулгарч магадгүй байна вэ?
-Захиргааны болон иргэний хэргийн шүүхээс хоёр асуудлыг шийдсэн. Нэгдүгээрт, 2017 онд улсын дээд шүүхийн иргэний танхимаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшигч нь “Монголын зэс” корпораци мөн гэдгийг нь баталсан. Мөн Засгийн газар хэлэлцээ хийлгүйгээр хувьцааг хууль бусаар шилжүүлсэн гэж дүгнэсэн юм билээ. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүн бүр биелүүлэх үүрэгтэй. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг манай компанийн нэр дээр нэн даруй бүртгэх үүрэгтэй. ингэснээр хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурал зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Эдгээр хурлаар, ялангуяа, хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдэх шаардлагатай олон асуудал “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанид бий. Өнгөрсөн оны оргил үетэй харьцуулахад олон улсын зах зээлд зэсийн ханш ойролцоогоор 1500 ам.доллараар унаад байна. Түүнчлэн Арбитрын шүүхээс эцсийн шийдвэр гарч, “Эрдэнэт үйлдвэр” “Стандарт” банкны маш өндөр өр төлбөрт унаад байна. Энэ мэт асуудлыг компанийн эрх бүхий этгээд болох ТУЗ, хувьцаа эзэмшигчид шийдэх хуулийн заалттай. Түүнээс биш хэзээ ч Парламент, Засгийн газрын түвшинд ийм асуудал шийддэг жишиг олон улсад байхгүй. Үүнийг Засгийн газар бие дааж эсвэл хөндлөнгийн этгээд дур мэдэн шийдвэрлэх эрхзүйн боломж байхгүй. Хэрэв хүч түрэн ийн шийдвэл энэ нь цаашид урт хугацаанд үргэлжлэх олон улсын маргаан руу хөтөлж, ноцтой үр дагавар авчрах эрсдэлтэй.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Монголын зэс” корпораци алдагдсан боломжийн өртгөө тооцвол багагүй дүн гарах болов уу?
-Манай компани санхүү, хуульзүйн зардал зэрэг алдагдсан боломжоо тооцсоор ирсэн. Маш их зардал гарч байгаа. Гэхдээ хамгийн харамсалтай нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Стандарт” банктай холбоотой асуудал улам даамжирч, 2008 оноос эхтэй энэ асуудал улс орны түвшинд хүрлээ. 2016 оны зургадугаар сард “Монголын зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл 2016 оны тавдугаар сард Арбитрын шүүхэд “Стандарт” банкинд 50 гаруй сая ам.доллар төлөх шийдвэр гарсан. Мэдээж, “Жаст” компани уг төлбөрийг төлбөл хоёрдогч төлбөр төлөгч этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” үүнийг барагдуулахгүй.
“Хэн нэгэн этгээдийг хаацайлахаас илүү үндэснийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина”
Одоо “Стандарт” банкинд төлөх ёстой төлбөрийн хэмжээ бараг 300-гаад тэрбум төгрөг буюу 112 сая ам.долларт хүрээд байна. Энэ төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” төлбөл үйлдвэрийн ажилчид, 51 хувийг эзэмшигч Монгол улсын төр, иргэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж буй хэрэг. олон улсын Арбитрын шүүхээс энэ хэрэг нь тодорхой хувь хүн, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болохыг тогтоосон. Харин үүнийг Монголын шүүхийн байгууллагаас эцэслэн баталгаажуулж, гэм буруутай этгээдүүдээс нь хохирлыг нөхөн төлүүлбэл “Эрдэнэт үйлдвэр” энэ хохирлыг төлөхгүй байх бүрэн боломжтой. Үүнийг ч бид өмнө нь илэрхийлж байсан. Харамсалтай нь, 2016 оны тавдугаар сард Арбитрын шүүхийн анхны шийдвэр гарахтай зэрэгцэн “Стандарт” банкны өр төлбөр анхаарал татаж эхлэх үед 2016 оны сүүлээр 49 хувийн эзэмшилтэй холбоотой маргаан дэгдсэн. Маргаан үүсч, манай компанийн төлөөллийг ТУЗ-өөс гаргасан. улмаар хууль бусаар ТУЗ байгуулж, “Стандарт” банкны өр төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлүүлэхээр хэлэлцсэн. Бас Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, уг өр төлбөрийг төлөхөөр оролдож буй зэрэг нь энэ асуудал анхнаасаа зохион байгуулалттай, хариуцлагагүй байдлыг дарах зорилгоор эхэлсэн байх магадлалтай. Харин одоо “Монголын зэс” корпораци хуулийн дагуу ТУЗ байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”, цаашлаад 51 хувийг эзэмшиж буй иргэд, татвар төлөгчдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллана. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголын зэс” аль аль нь үндэсний компани. Бид цөөн албан тушаалтан, хэн нэгэн этгээдийг хаацайлахаас илүү үндэснийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Үүний төлөө хууль зүйн бүх боломж бололцоог ашиглан ажиллана.
-Төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ хэд хэдэн удаа хуралдаж шийдвэр гаргасан. Эрхзүйн чадамжгүй ТУЗ-ийн гаргасан шийдвэрүүдийг цаашид хэрхэх бол?
-Эдгээр шийдвэрийг шүүхэд өгөөд хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Шинэ ТУЗ байгуулагдсанаар эхний ТУЗ-ийн хурлаар эдгээр шийдвэрийг хүчингүй болгох талаар хэлэлцэнэ. Мөн эрхзүйн чадамжгүй ТУЗ шийдвэр гаргаж, түүнийг нь биелүүлэхээр оролдсон тохиолдол байгаа. Эдгээр нь компанид ямар нэг хохирол учруулбал холбогдох хүнд нь хариуцлага тооцохыг үгүйсгэхгүй.
-Засгийн газарт танай компанийн эсрэг дахин зарга үүсгэх эрхзүйн боломж бий юү?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал анхнаасаа улс төржиж, хүндэрсэн болохоос биш хууль зүйн хувьд хүндрэлтэй маргаан биш. ТӨБЗГ, улсын бүртгэлийн ерөнхий газар энэ асуудлыг зориуд хүндрүүлээд байгаа гэж бодохгүй байна. Харин төрийн албан хаагчид дээрээс өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлж байгаа. Манай компанитай холбоотой маргаан Монгол улсад шүүх засаглал тодорхой түвшинд бэхжсэнийг харуулсан шалгалт боллоо. Шүүх засаглал төр хэмээх инстутитын эсрэг жирийн иргэнийг хамгаалж буйд залуу хүний хувьд би бахархаж байна. Үүнээс үүдэн дотоод, гадаадын компанийн эрх ашиг хамгаалагдана гэсэн итгэл найдвар хөрөнгө оруулагчдад төрж буй болов уу.
-Цаашид ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-2018 он тун онцгой жил болж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40, “Монголросцветмет”-ийн 45 жилийн ой энэ онд тохиолоо. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрээд 40 гаруй жилийг үдэж буй энэ хоёр үйлдвэрт сайны хажуугаар саар зүйл олон байна.
-
Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрээд 40 гаруй жилийг үдэж буй энэ хоёр үйлдвэрт сайны хажуугаар саар зүйл олон байна.
-
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шийдвэр гаргалтыг хамтын бас ил тод, нээлттэй болгосон.
-
Үйлдвэрийн нөхөн сэргээлтийн зардлыг тооцолгүй өдий хүрснээс ирэх жилүүдэд энэ төрлийн зардал компанийн санхүүд томоохон дарамт үүсгэх нь.
-
Шүүх засаглал төр хэмээх инстутитын эсрэг жирийн иргэнийг хамгаалж буйд залуу хүний хувьд би бахархаж байна.
“Монголросцветмет” компани гэхэд 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Төмрийн хүдрийн үнэ унаснаас компанийн орлогын эх үүсвэр саарч эхэлсэн. Техник, тоног төхөөрөмжийн насжилт өндөрсөж, хуучирсан. Томоохон хэмжээний технологийн шинэчлэл олон жил хийгээгүй. Товчхондоо, цаашид яг яаж ажиллах талаар ярих цаг ирчихээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ч ялгаагүй. Идэр насанд хүрсэн энэ үйлдвэрт цаашид хийх зүйл их байна. Дэд бүтэц, тоног төхөөрөмж нь элэгдэж, хуучирсан. үйлдвэрийн хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн зардлыг тооцолгүй өдий хүрснээс ирэх жилүүдэд энэ төрлийн зардал компанийн санхүүд томоохон дарамт үүсгэх нь. Мөн үйлдвэрийн ажилтан албан хаагчид, Эрдэнэт хотын оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, ая тух, нийгмийн халамжийг нь сайжруулах шаардлага тулгарч байна.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн менежментийг хариуцан ажилласан богино хугацаанд “Монголын зэс” корпораци ямар шинэчлэл хийсэн бэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шийдвэр гаргалтыг хамтын бас ил тод, нээлттэй болгосон. Өмнө нь зөвхөн ерөнхий захирал бүх асуудлыг шийддэг байсан бол өдгөө 10 хүний бүрэлдэхүүнтэй баг шийдэж байгаа. 2017 оны хоёрдугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар манай талаас тендерийн журам танилцуулсан, улмаар зургадугаар сард баталсан. Түүнээс хойш уг журмын дагуу 500 гаруй худалдан авалтын үйл ажиллагаа зохион байгуулаад байна. Та бүхэн анзаарсан байж магадгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийг интернэтээр авдаг болсон. Хэдийгээр энэ үйлдвэр Азид томоохонд орох зэсийн уурхай боловч үйлдвэрийн үйл ажиллагаа, өнгө төрхийг сэргээх шаардлага бий. Гэхдээ үйлдвэрийн жирийн инженер, техникийн ажилчдын сэтгэл зүрх үргэлж үйлдвэрийнхээ төлөө байдаг. Цөөхөн хүн энэ үйдвэрийг шахааны бизнесийн үүр болгож харагдуулдаг боловч үйлдвэрийн мянга мянган ажилчин үнэнч шударга, хоёргүй сэтгэлээр ажилладаг гэдгийг дахин хэлмээр байна.
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин