Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон Төрөөс томилогдсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дарга, гишүүд гэх хүмүүс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар хуралдаж үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах, үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах зорилготой хийж байгаа дээрх бүтцийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон болон 49 хувийн хувьцааг төрд шилжүүлсэн Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, түүнийг дагаж хийгдсэн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр түдгэлзүүлсэн. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар дээрх Засгийн газрын тогтоол, хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэрэг 10 захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон.
Төрөөс 100 хувь томилсон шийдвэрийг нь шүүхээс хүчингүй болгосон байхад хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай уландаа гишгэсэн, албан тушаалаа хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хэт улайрсан үйлдэл юм.
Иймд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг санаатай зөрчиж, хууль бус ТУЗ-ийн хурал зохион байгуулсан нэр бүхий албан тушаалтнууд, ТУЗ-ийн дарга, гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах болохыг мэдэгдье.