x

С.Батболд: Туул голын сав, Богд уулын амны газрыг хотын мэдэлд өгвөл 30 хувийг нь иргэдэд зориулна

“MN-25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцсон, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ярилцлагыг хүргэж байна.

 

-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар автомашины улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох зохицуулалт хийхээр ярилаа. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах вий гэж болгоомжлохгүй байна уу?

-Улаанбаатар хотын замын ачаалал хэрээс хэтэрлээ. Миний гар утсанд ирж буй мессежний ихэнх нь замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах санал, хүсэлт байдаг. Улаанбаатар хотын замыг нэг жилийн дотор өргөсгөн, давхар гүүрэн гарц барих тун хэцүү. Нийслэлд жилд 40 000 орчим машин нэмэгддэг.

Замын хөдөлгөөнөө яаж зохицуулах, хууль, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар ажлын хэсэг байнга хэлэлцэж байна. Энэ онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Замын цагдаагийн баруун урд уулзварт гүүрэн гарц, Зүүн дөрвөн замд давхар гүүрэн гарц барих юм. Эдгээрийг барихын тулд дугаарын хязгаарлалт, зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болсон.

Долоо хоногийн эхний дөрвөн өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондойгоор, баасан, бямба, ням гаригт хязгаарлахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах юм. Харин баасан гаригт “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг томоохон захыг хаах бодолтой байна. Дугаарын хязгаарлалтын талаар хоёр хувилбар гаргаад, иргэдээс санал авч, дэмжигдсэнийг нь хэрэгжүүлэх юм. Ингэж байж л бид тодорхой хугацааны дотор түгжрэлийг сааруулах боломжтой.

-ЗЦА-ны ойр хавьд амьдардаг хүмүүс хотын төв рүү орж ирэхэд хүндрэл учрах нь. Хаагуур, яаж явах вэ?

-Нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээврийг саадгүй, цаг хугацаандаа зорчих боломжоор хангана. Зам дээр цаг хугацаа, шатахуунаа үрээд зогсох уу, тодорхой зохицуулалтад орж, ажлаа амжуулах уу гэдэг сонголт бий.

Мөн томоохон аж ахуйн нэгж, байгууллага, захуудыг түгээлтээ шөнө хийх, том оврын тээврийн хэрэгсэл, барилга, цутгалтын машиныг оройн цагаар явуулахаар зохион байгуулна.

Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотойгоор найман газар түр зам гаргах юм. 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эдгээр замыг тавина.

-Гүүрэн гарц барих хугацаа урт биш үү?

-Гүүрэн гарц барих хугацаа 2.5 жил. Бид БНХАУ-ын компанитай харилцан ойлголцсоны дүнд 1.6 жилд багтаан бариулах болсон. Ирэх оны намар гэхэд дуусгах юм.

-Хотын захиргааг төвөөс нүүлгэнэ гэж олон жил ярилаа. Яармаг руу хэзээ нүүлгэх вэ?

-Томоохон хотын туршлагаас харахад шинэ төв бий болгосноор замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулдаг. Энэ утгаараа нийслэлийн үе үеийн удирдлага ийм шийдвэр гаргадаг байх. Улаанбаатар хот найман дэд төвтэй болох юм. Тэрний нэг нь Яармаг. Улаанбаатар хотын бизнес, санхүүгийн шинэ төв болох бололцоотой.

Одоогоор тэнд суурьшлын бүс байхгүй, дэд бүтэц нь шийдэгдсэн. Дэд бүтцэд хөрөнгө зарахгүйгээр шууд байрших боломжтой. Түгжрэлийг сааруулахын тулд өнгөрсөн оноос хотын захиргааны бүх албан хаагч нэг өдөр нийтийн тээврээр зорчиж эхэлсэн.

-Хотын захиргаа гэдэгт ЗДТГ, 33 агентлаг бүгд орох байх. Бүгдээрээ нүүх үү. Одоогийн байраа ямар зориулалтаар ашиглах вэ?

-Хотын төвд “Дүнжингарав”, “Мишээл” зэрэг үйлчилгээний хэдэн төв үлдэж, удирдлагын чиг үүрэгтэй байгууллагууд нь бүгд нүүнэ. Бид “Хангарьд”, хуучин Улаанбаатар банкны барилга гэсэн хоёр байранд байрлаж байна. Эдгээр байраа ИТХ-аас зөвшөөрөл авч, арилжааны байгууллагад худалдаж, тэр орлогоороо шинэ байраа барих юм.

Хотын захиргаа нүүх нь үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Улаанбаатар хотод, тэр дундаа Бага тойруу орчимд Монгол Улсын бүх засаг захиргааны төв байгууллага төвлөрч байна. Аливаа эрсдэл, байгалийн гамшгийн үед бүгд нэг дороо байрлах нь аюултай.

-Хотын статус анхаарал татаж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад удлаа. Энэ хууль гацаж буй шалтгааныг та юу гэж харж байна вэ.

Магадгүй хотын дарга хэтэрхий их эрх мэдэлтэй болох нь гэж улстөрчид хардаж болох юм.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 23 жилийн өмнө баталсан. Тэр үед нийслэл 400 000 гаруй хүн амтай засаг захиргааны нэгж байлаа. Одоо хотод 1.3 сая гаруй хүн амьдарч байна. Улсын ДНБ-ий 63 орчим хувийг үйлдвэрлэж буй эдийн засгийн нөлөө бүхий засаг захиргааны нэгжид онцгой статус хэрэгтэй.

Батболд гэдэг хүний эрх мэдлийн асуудал ер биш. Хот ямар эрх мэдэлтэй байх зэргийг тодорхойлох үүднээс энэ хуулийг санаачилж, боловсруулсан. Гацсан юм байхгүй. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тавдугаарт бичигдсэн, баталж өгнө гэж итгэж байгаа. Энэ хуулийг санаачлаагүй, оролцоогүй хүмүүс хэлэлцээд эхэлсэн чинь бүгд хот мэддэг болж харагдах гэж ядаж байна.

Хотод хайртай хүн болж, гоё болгох гэж байна гээд УИХ дээр битгий унагаачихаасай гэж санаа зовж сууна. Үндсэн хуулийн хүрээнд л үүнийг боловсруулсан. Ингэснээр нийслэлийн иргэдэд ашигтай.

-Хотын дарга болонгуутаа эрх мэдлээ нэмэгдүүлэх санал, санаачилга гаргалаа гэж таныг хараад байна. Жишээлбэл, хотын даргын эрх, үүрийг нэлээд нэмэгдүүлж, Засгийн газрын сайдын хэмжээний эрх мэдэлтэй болох нь гэсэн хардлага бий.

-Би УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайдаар ажиллаж, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн байсан. Багагүй хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, Үндсэн хуультай холбоотой асуудлаар ярьж, хэлж, судалж, зэрэг, цол хамгаалсан. Энэ утгаараа нийслэлийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх ёстой гэсэн ойлголтод хүрсэн.

УИХ-д өргөн барьсан хуульд “Сайд болгоод өгөөч” гэсэн санаа огт байхгүй. Нийслэлийн асуудлыг Засгийн газрын хэмжээнд өөрөө танилцуулдаг болох санаа бол бий. Тухайлбал, асуудал шийдүүлэхийн тулд гэр хорооллын дахин төлөвлөлт гэхээр барилга хариуцсан, агаарын бохирдол гэхээр БОАЖ-ын сайдаар дамжуулж, Засгийн газрын хуралдаанд оруулдаг.

Дэлхийн бусад хотын эрх зүйн байдлыг харахад дарга нь өөрөө асуудлаа танилцуулдаг. Өмнөх тогтолцооны үед хотын дарга Сайд нарын зөвлөлд асуудлаа танилцуулдаг байж.

-Нийслэл бусад хот шиг бонд гаргаж, төсөвтэй байхаар ярьж байна. Хотын төсөв хэр зэрэг биеэ даасан бэ?

-Хот эрх зүйн статусын хувьд бие даасан байх, Засгийн газар юм уу, УИХ-д асуудлаа оруулах, эдийн засгийн хувьд яаж бие даах вэ гэсэн асуудал ярьж байна. 2016 он хүртэл хот бонд гаргах, олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авах, концессын гэрээ хийх зэрэг эрхтэй байсан.

Харамсалтай нь, 2017 оны есдүгээр сард энэ бүх эрхийг хуулиар үгүй болгосон. Одоо хот зөвхөн төсвийн мөнгө л зарах эрхтэй. Хог хаягдлын үйлдвэр байгуулах, ундны усны эх үүсвэр, бохирын асуудлыг шийдэх гэрээ хэлцэл хийх эрхгүй. Энэ эрхийг сэргээж өгөөч гэсэн санал тавьж буй. Хот төсвийн хувьд 20 орчим сая ам.долларын зээл аваад 4-5 жилд эргэн төлөх чадалтай болсон.

“Засаг дарга аа, ийм асуудал шийдээч ээ” гэж Засгийн газар, иргэд шаарддаг. Санхүүгийн эрх мэдэл хэрэгтэй. Үүнийг олгохгүйгээр төсвийн хэдэн төгрөгөөр шийд гэвэл бололцоогүй.

-Хотын төсөвт татварын орлогоос гадна нийслэлийн татвар орж байгаа шүү дээ.

-Хотын төсвийн эх үүсвэр нь хүн амын орлогын албан татвар. Зочид буудал, архи, тамхи, шар айраг борлуулсны орлогоос долоон тэрбум орчим төгрөг ордог. Хот өөрийн гэсэн татвартай байж энэ их бүтээн байгуулалтыг авч явна.

-Зочид буудал, архи, тамхинаас авч буй нэг хувийн татварыг бүх бараанаас авах ёстой гэж та хэлэх гээд байна уу?

-Улаанбаатарт амьдарч буй хүн татвар төлөх ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх, таны амьдарч буй орчныг зүлэгжүүлэх, услахад өртөг ордог. Том хотод амьдрахын тулд мөнгө төлдөг, хот өөрийн татвартай байх ёстой.

Хот үнэлэмжгүй учраас бүгд нэг доор бөөгнөрч буй. Улаанбаатар хот, захын тосгонд амьдрах хоёр бараг л адилхан өртөгтэй байна. Хотын үйлчилгээ авъя гэвэл татвар төлөх ёстой.

-Жилд хэчнээн хүн Улаанбаатар хотод шилжин ирж байна вэ?

-1990 оноос хойш шилжиж ирсэн хүний тоо жилд хамгийн дээд тал нь 60 мянгад хүрсэн бол өнгөрсөн онд хамгийн цөөн буюу 9000 хүн суурьшсан. Шилжиж ирсэн хүн нь орон нутаг руу явсан иргэдээс цөөн байсан.

-Одоогийн байдлаар 21 аймгаас гурав нь л төсвөө бие дааж бүрдүүлдэг, бусдад нь хот цуглуулсан төсвөөсөө тарааж байна гэж ойлгож болох уу?

-Энэ жил нийслэл 208 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Тэр мөнгө хотын төсөвт үлдвэл бидэнд шийдэх олон асуудал байгаа. Олсон орлогоо хотынхоо асуудлыг шийдэхэд зарцуулдаг байя, хуулиа өөрчилж өгөөч гэсэн санал тавиад буй.

-Жил бүр төсөвт тэдэн сургууль, цэцэрлэг барина гээд тусгачихдаг. Түүнийхээ газрыг шийдэж чадахгүй байсаар Засгийн газар төсөвлөсөн мөнгөө буцаагаад авчихдаг асуудал байх шиг харагддаг?

-Үгүй ээ. Газрын асуудлаас болж нэг ч удаа төсөв татагдаагүй. Манай намын болон нийслэлийн Засаг дарга миний мөрийн хөтөлбөрт 2020 он гэхэд Улаанбаатар хотын сургуулийг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ, цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэнэ гэсэн заалт бий.

Үүнийг Засгийн газар дэмжээд, шинээр барих бүх сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэх шийдвэр гаргаж, төсөвт тусгасан. 50 гаруй сургууль баригдахаас 17-гийнх нь газрыг шийдэж амжаагүй. Үүнийг шийдэж болно. Бүх газрыг хувийн өмчлөлд өгчихсөн учраас газар чөлөөлөхтэй холбоотой асуудал бий. Айлын газрыг худалдаж авахаас өөр аргагүй. Үүнд 25 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл нийслэл энэ оны төсөвтөө газар чөлөөлөлтөд 15-хан тэрбум төгрөг тавьсан.

Энэ мөнгийг зөвхөн сургуулийн газарт зориулахгүй, зам, талбай гээд бүх бүтээн байгуулалтад хуваан зарцуулах ёстой. Сургууль, цэцэрлэгийн барилга барих мөнгийг төсөвт суулгахдаа газрынх нь үнийг хамт шийдэхгүй бол асуудал үүсээд байна. Үүнд зориулж улсын төсөвт хөрөнгө суулгаач ээ гэсэн саналаа Засгийн газарт тавьсан.

-Авто зогсоол, ногоон байгууламжийг эмнэлэг, сургууль бүрт байгуулъя гэж байна. Энэ нь утаатай тэмцэх нэг оролдлого уу?

-Улаанбаатар ногоон байгууламж муутай хотын тоонд ордог. Тиймээс бид боломжтой бүх газрыг ногоон байгууламжтай болгож, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэж байгаа. Энэ онд л гэхэд 12 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хэнд ч сөөм газар ч өгөхгүй.

Хэн нэг хүн сайн дураараа сайхан юм хийе, хүүхдийн парк байгуулъя гэсэн ч тэр. Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр тэнд байгаа. Тиймээс тэнд цэцэрлэгт хүрээлэн л байна. Үнэхээр хүүхдийн тоглоомын төв байгуулъя гэж байгаа бол өөр өчнөөн газар Монголд бий.

Би Төв аймаг руу яриад газар олоод өгсөн ч болно. Улаанбаатарчуудын уушги болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар руу л битгий шунаач.

-Туулын бургасыг тайраад барилга барьж эхэлсэн гэсэн мэдээлэл байна?

-Харамсалтай нь, Туул голын сав газар, Богд уулын ам манай харьяанд биш БОАЖ-ын сайдын мэдэлд байдаг. Тэнд ямар төлөвлөлт хийж, хэн газар авч, яаж ажиллаад байгааг мэдэхгүй. Хотын даргын хувьд миний зүрх шимширдэг. Богд ууланд барилга барихдаа яагаад ухаад байгаа юм бэ. Яагаад иргэдийг тийш нь оруулахгүй хашчихаад байгаа юм бэ.

Хувийн өмч биш, Монгол Улсын дархан цаазтай уул шүү дээ. Энэ газрын тодорхой хэсэг нь иргэдийн амарч зугаалдаг бүс байх ёстой. Гэтэл хувийн орон сууцаар дүүргэж, амыг нь хашчихаад, одоо Туул голын бургасыг хядан барилга барьж байна. Зайсангийн төлөвлөлт нийслэлд хамаагүй. БОАЖЯ газрыг нь өгдөг, асуудал гарахаар хотын даргад ханддаг.

Цэвэр, бохир, хог хаягдлаас эхлээд олон асуудал тэнд бий. Газрыг нь өгөөд дууссан бол одоо хотын мэдэлд өгчих гэж би Засгийн газарт хэлсэн. Туул голын сав, Богд уулын амны газрыг хотын мэдэлд өгчих юм бол би 30 хувийг нь иргэдэд зориулна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт хэл ам дагуулаад байна. Компаниуд хашааны газрыг нь авчихаад барилгаа барьж чадахгүй, иргэд орох оронгүй, түрээсийн байр дамжиж явна. Энэ асуудал Таны чихэнд ч хүрсэн байх.

-Гэр хорооллыг орчин үеийн байшин хороолол болгох асуудал нийслэлийн үе үеийн Засаг даргын толгойны өвчин болж ирсэн. Хэн нэг нь гэр хорооллыг барилгажуулах ажлыг санаачилсан, гэр хороололд хайртай, үгүй тухай асуудал энд байхгүй. Харин гэр хорооллыг барилгажуулах ажлыг санаачилж явсан хүн одоо дахин төлөвлөлтийг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийгээд явааг ойлгохгүй юм.

Засаг даргаар ажиллаж байсан хүн өөрөө зовлонг нь мэдэх учиртай. Асуултад дурдсан алдааг гаргасан хүн нь Э.Бат-Үүл дарга шүү дээ. Сэтгэлийн хөөрлөөр хандаж, маш олон байршилд компаниудыг оруулж, тэдний нуруун дээр санхүүгийн асуудлыг нь үүрүүлээд орхичихсон. Компаниудын буруу биш. Үүний ард компани, иргэд, улсын төсөв гээд олон асуудал байгаа.

-Хотоос төсвөөр дэмжихгүй юү?

-Мэдээж дэмжинэ. Бид гэр хороололд гурван бодлого барьж буй. Хотын төвийн төлөвлөлтөд орсон, инженерийн шугам сүлжээ татчихсан гэр хорооллыг өндөр давхрын орон сууц болгоно. Улсын төсвөөр шугам сүлжээ татчихаад ашиглахгүй байж болохгүй. Иргэд хашаа байшингаа үнэлж, зараад нүүнэ гэсэн үг.

Дундын бүсийн гэр хороолол гэж бий. Дэд бүтэц татаагүй. Энэ бүсэд нүүрс хориглож, эко, утаагүй, сайжруулсан түлш хэрэглэх нөхцөлөөр хангана. Дундын бүсийн 200-300 айлын дунд “Сервис центр” дэд бүтцийн төв байгуулах төслийг эхлүүлсэн. Энэ жил Чингэлтэй дүүргийн VII, Сүхбаатарын XVIII хороонд хэрэгжүүлж, иргэдэд үлгэрлэн харуулна. Иргэд хүсэлтээ гаргаад нэгдэх учраас энэ төсөл хэрэгжих бүрэн бололцоотой.

Гурав дахь нь болох алсын гэр хорооллыг бие даасан бохирын системтэй болгохоор төлөвлөж буй. Улаанбаатарын гэр хороололд амьдарч буй 202 000 айлын асуудлыг ингэж шийдэх юм.

-2019 оны дөрөв, тавдугаар сараас түүхий нүүрс түлэхийг хориглосон. Нүүрсийг орлох түлшээ бэлдэж амжих уу. Үйлдвэр нь бий юү. Бүтээгдэхүүн нь иргэдийн худалдан авах чадварт нийцэх үү?

-Үүнийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Улаанбаатар хотод 1.2 сая тонн нүүрс жилд хэрэглэдэг. Үүнийг 600 000 тонн сайжруулсан түлшээр солих учиртай. Сайжруулсан түлш бий болгож, татаас өгөх замаар шийдэхээр ажлын хэсэг гаргасан. 2019 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгох шаардлагатай. Энэ чиглэлээр судалгаа хийж буй.

Түлшний татаасанд 70 орчим тэрбум төгрөг шаардагдах болов уу. Хотын даргын хувьд би цэвэр агаараар амьсгалахад энэ мөнгө тийм ч их биш гэж боддог. Нийтийн тээвэрт гэхэд л хот 58 тэрбум төгрөгийн татаас өгч байна. Тиймээс цэвэр агаартай байхын тулд энэ хэмжээний татаас олгож, сайжруулсан түлшийг нүүрсний үнээр борлуулж болно гэж бодож байгаа.

Стандартын хувьд нэг кг нүүрс, 0.5 кг шахмал түлш шатаахад гаргах илчлэг тэнцэх ёстой. Таван тонн нүүрс түлдэг айл 2.5 тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэсэн үг.

-70 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт дарамт учруулах байх даа?

-Улсын төсвөөс л өгөөсэй гэж бодож байгаа.

-Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулахад нийслэлээс 3.2 тэрбум төгрөг гаргасан гэж сонссон. Үр дүнтэй зарцуулж чадсан уу?

-Засгийн газартай хэлэлцсэний дагуу дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад бүх мөнгөө зарцуулсан. Улаанбаатар хотын бүх эмнэлгийн хүүхдийн тасгууд, бүх сургууль, цэцэрлэг дотоод орчны агаарын чанарыг сайжруулах төхөөрөмжтэй болсон. Энэ бол маш том ахиц.

Төхөөрөмжийн шүүлтүүрийг сар тутам солих зардлыг ирэх жилийн төсөвт суулгана. Хүүхэд ангидаа өдрийн гуравны нэгийг өнгөрөөж байгаа учраас анги танхим нь цэвэр агаартай байх ёстой. Бидний ажлын үр дүнд дотоод орчны агаарын чанар сайжирсан. Одоо бид гадаад орчныг нь сайжруулах ёстой.

-Тулгамдсан олон асуудлыг зэрэг шийдвэрлэхийн тулд маш шуурхай, шат дамжлагагүй ажиллах шаардлага тулгарна. Та саналаа нийслэлийн ИТХ-д оруулж, шийдвэрлүүлнэ. Гэтэл нийслэлийн ИТХ буюу хотын парламент сүүлийн үед хуралдаж чадахгүй байна.

Энэ нь асуудлыг шийдэхэд хүндрэл учруулдаг уу?

-ИТХ-ын дотоод ажилд би оролцох боломжгүй. Хоёр өөр институц. Хэзээ хуралдах, ямар асуудал хэлэлцэх зэрэг дотоод асуудлаа өөрөө шийдэх ёстой. Одоохондоо ИТХ-аас шалтгаалаад саатсан ажил байхгүй.

Хуралддаг цагтаа хуралдаад, ажлаа шийдэж байгаа. Ирц хүрээгүй шалтгаанаар хурал хойшлох нь байдаг л зүйл. Би үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байна.

-Хотын парламент дахь МАН-ын бүлгийн гишүүд талцаж, нэг хэсэг нь С.Амарсайхан даргыгаа шүүхэд өгнө гээд бичиг бариад явсан.

-Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн жилээс авахуулаад, манай ИТХ дотор талцал үүсэж, дарга нь өргөдөл гаргаад, ажлаа өгсөн. Би хотын намын хорооны даргын хувьд талцал байх ёсгүй, бидэнд зөвхөн иргэдийн өмнө хүлээсэн үүрэг л бий, жижиг сажиг хэрүүл, хов живээ больцгоо л гэдэг.

Зарим нэг зүйл дээр санал зөрөлгүй яах вэ. Тэр зөрөлдөөнийг ажил хэргийн хувьд хэвийн зүйл гэж ойлгох ёстой. Хувь хүмүүсийн асуудал ажил хэрэгтэй хутгалдах учиргүй.

-Түгжрэлийг сааруулах нэг алхам нь томоохон авто худалдааны төвүүдийг хотоос гаргах. Энэ ажил нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. Зуун айл дахь барилгын материалын захыг ч хотоос гаргана гэсэн.

Та бүрэн эрхийнхээ хугацаанд энэ төлөвлөгөөгөө биелүүлж чадах уу?

-Бид автомашины худалдааг хотын төвөөс гаргах ажилд багагүй амжилт олсон. Авто худалдааны цогцолборт 1100 гаруй автомашин тогтмол зарагдаж буй. Жижиг сажиг, энд тэндгүй машин зарж байсан бүх хүн тийшээ очсон. Одоо зөвхөн “Да хүрээ” зах үлдлээ. Тус захыг нүүлгэнэ гэсэн шаардлага тавьж буй.

Зөвхөн мэргэжлийн салонууд л үлдэнэ. Хот баруун тийшээ тэлж байгаа гэж би дээр хэлсэн. Авто худалдааны цогцолборт томоохон хөрөнгө оруулж, баруун аймгуудын автовокзалыг төвлөрүүлнэ. Тэнд маш том экспо гаргадаг үзэсгэлэнгийн танхим байгуулах юм. Хотын хөгжлийн дагуу захуудыг нүүлгэнэ. 20 жилийн өмнө “Нарантуул”-ыг зах руу гаргалаа гэсэн чинь өдгөө хотын төв болчихож. Тиймээс нэлээд алсыг харсан шийдвэр гаргах ёстой.

Гэхдээ энэ ажил амар бүтэхгүй. ИТХ-аас Зуун айлын барилгын захыг нүүлгэх шийдвэр гаргасныг би дэмжиж байгаа. Гэхдээ С.Батболд гэдэг хүн захирамж гаргаад, шууд хөөж болохгүй. Олон шат дамжлага, нэлээд урт хугацаа шаардана. Хэн нэгэн дарга хүсэнгүүт шийдэгдчих зүйл биш.

Би бүрэн эрхийнхээ хугацаанд амжуулна гэж хэлж чадахгүй. Дөрвөн жил гэдэг нүдээ аниад нээхтэй адил богино хугацаа. Энэ хугацаанд зөв голдиролд нь оруулж эхлүүлнэ.

-Хотын дарга нарыг газрын маргаан тойрдоггүй. Та нийслэлийн төвийн газрыг хоёр жилийн хугацаанд худалдаагүй гэсэн. Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэх бол?

-Олгохгүй байж болоод л байна. Олгочихсон газрыг эзэмшиж буй хүмүүст өндөр шаардлага тавьж буй. Авсан газар дээрээ барилга барь, үгүй бол буцаагаад өг гэж шаарддаг. Дутуу барьсан барилгуудыг дуусгахыг шаардаж байна. Одоо газрыг дуудлага худалдаагаар олгодог болсон учраас би нөлөөлөх ч боломжгүй. Надад ч амар байна.

-Та Уяачдын холбооны тэргүүлэгч. “Дүнжингарав” уралдааныг заавал харуй бүрий болсон үеэр зохион байгуулж, хүүхдүүдийг эрсдэлд оруулах шаардлага байсан уу?

-Аав минь Монгол Улсын нэртэй уяач байсан. Би өөрөө ч морины уралдаан сонирхдог. Монголын соёлын маш том өв шүү дээ. Үүнийг зөв голдирлоор нь хөгжүүлж, хойч үедээ үлдээх ёстой гэсэн чин сэтгэл надад бий. Би Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооны дарга.

Монгол хүн, ялангуяа төр, нийгэмд зүтгэж буй улстөрчийн хувьд би ямар алба ажил хашиж байгаагаас үл хамааран Монголын өв, соёлыг тээж, түгээх ёстой. Уяач ч, иргэд ч үндэснийхээ өв уламжлалыг зөв зүйтэй авч яваасай.

-Та өвөл, харуй бүрийгээр уралдаж байсан уу?

-Өвөл уралдаж байсан. Саяын уралдааны хувьд зохион байгуулалтын алдаа гарсан гэж үзэж байна. Шөнө уралдуулж болохгүй шүү дээ.

-Хууль, дүрэм зөрчсөн уяачдад 100 000 төгрөгийн торгууль ногдуулах нь чамлалттай биш үү?

-Засгийн газрын тогтоолоор арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны хаврын тэргүүн сарын шинийн 3 хүртэл морь уралдуулахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, хавар морь уралдуулж болно гэсэн үг. Гэхдээ бүсийн уралдаан зохион байгуулахад Засгийн газрын тогтоол гаргадаг. Сая энэ тогтоолыг хараахан гаргаагүй байсан. Тэр торгууль, шийтгэлийнх нь талаар мэдэхгүй юм. Эрх бүхий хүмүүс шийдэх биз ээ.

Эх сурвалж: “MN-25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэг

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 26 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 29 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 40 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 46 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 15 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 27 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 41 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 54 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 15 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 17 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top