Монголын кино урлагын “Оскар” хэмээн нэрлэгддэг “Академи авардс” наадам Зайсан хилл цогцолборт болж өнгөрлөө. Монголын үе үеийн кино уран бүтээлчид “Академи авардс”-ын танхимд нэгэн үдэш цуглаж, шилдгүүдээ тодруулсан юм. Энэхүү нэр хүндтэй наадмын тэргүүн бүтээлээр “Фантастик” продакшны бүтээл “Байтаг богд” кино шалгарав. Уг киноны найруулагч, МУГЖ О.Бат-Өлзийтэй ярилцлаа.
-Таны хүүтэйгээ хамтран найруулсан “Байтаг богд” кино “Академи авардс”-ын долоон номинацид түрүүлээд зогсохгүй “Шилдэг бүтээл”-ийн шагнал хүртлээ. Хүүтэйгээ хамт нэгэн тайзнаа шагнал гардахад сэтгэл хэр их хөдөлж байв?
-“Хүү том болж байна даа. Одоо л эрийн цээнд хүрчээ” гэж бодогдсон. Бид бол гурван үеийн уран бүтээлчид. Миний аав Монгол Улсын гавъяат жүжигчин Улаанхүүгийн Осор гэж хүн байсныг мэдэх хүмүүс нь мэдэх байх аа. Театр, киноны олон сайхан дүр бүтээж, орчуулгын киноны урлагт насаараа зүтгэсэн хүн бий. Энэ хүний үргэлжлэл болж яваагаараа хүү бид хоёр үргэлж бахархаж, басхүү хичээж явдаг. Тиймээс сайн уран бүтээл, чанартай зүйл хийхийг эрмэлздэг. “Маш нууц” төслийн хоёр дахь уран бүтээл болох “Байтаг богд” бол энэ л хүсэл эрмэлзлийн үндсэн дээр бий болсон бид бүгдийн хамтын бүтээл.
-“Маш нууц” төсөл бол инээдмийн ч юм уу, эсвэл ямар нэгэн хөнгөн жанрын киноноос өөр төрлөөр үзэгчдийг дэлгэцийн өмнө “цуглуулж” болохыг нотолсон цөөхөн бүтээлийн нэг гэж боддог. Киноныхоо санааг анх хэрхэн олсон бэ?
-Үзэгчдийг насных нь хувьд ангилж үзвэл кино театрт 18-25 насны залуус түлхүү очиж байна. Энэ залууст арай өөр зүйл үзүүлэх хэн нэгэн байх ёстой. Кино урлагаар дамжуулж эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. Түүний нэг хэсэг нь бид байж болох юм гэж бодсон учраас “Маш нууц” төслийг эхлүүлсэн юм.
Уран бүтээлч хүмүүс үзэгчид кино урлагаас юу хүсээд байна вэ гэдгийг маш сайн анхаарч, анзаарч байх ёстой. Үзэгчид кино урлагаас үлгэрлэн дуурайх, бахархах дүрээ олж авдаг учраас болгоомжтой ч хандах ёстой. Жишээ нь, бид хүүхэд байхдаа “Чапаев” киног үзээд Чапаев шиг болохыг хүсдэг л байсан. Одоо үеийнхэн ч үлгэрлэн дууриах хэн нэгнийг эрэлхийлж л байгаа.
-“Марвел”-ийн супер баатруудын нэг шиг үү?
-Супер баатар гэхээсээ бахархаж, үлгэрлэн дуурайх хүн үгүйлэгдээд байгаа нь анзаарагддаг. Яахав орчин үеийн кинонд сайхан бие, дүр төрхтэй дурлалын баатрууд олон бий л дээ. Тэд бол өөр үзэгдэл, өөр өгөгдөл. Залуусын хүсээд байгаа, бидний өгөхийг хүсээд байгаа тэр үлгэрлэл бол “Байтаг богд” киноны дүрүүд шиг эгэл жирийн мөртлөө эх орныхоо төлөө амь биеэ ч үл хайрлах зүрх сэтгэл, чин зоригтой хүмүүс юм. Тийм баатруудаараа хойч үеийнхэн минь бахархаж, түүгээр дамжуулан эх орноо хайрлаж хамгаалж явах ёстой юм.
-“Маш нууц” төслийн хоёр бүтээл хоёулаа л хорин хэдхэн настай цэрэг эрсийн тухай өгүүлдэг. Нэг нь харийн дайсны эсрэг тэмцэж байгаад амь насаа алддаг бол нөгөө нь харгис төрийн хайчинд өртөж амиа алддаг. Сайн кино хийхийн тулд сайн зохиол хэрэгтэй. Зохиолыг нь хэн бичсэн бэ?
-“Маш нууц” киноны зохиол анх “Олонд бүү хүргэ” нэртэй байсан. Төмөр-Очир зохиолчийн энэ зохиол олон найруулагчийн гар дамжсаар над дээр ирсэн л дээ. Зохиолч маань олон хүнд үзүүлсэн боловч нааштай хүлээж аваагүй юм билээ. Уншаад үзтэл сэртхийгээд нэг юм ороод ирсэн. Би өөрөө цэргийн алба хаасан учраас цэргийн амьдралыг мэднэ. Дэг гэж юу байдаг юм, дөрөв дэх ондоо орсон цэрэг яадгийг мэднэ. Өөрөөр хэлбэл, сэтгэлзүйг нь мэднэ гэсэн үг.
1960-аад оны гурван жилийн цэргийн алба гэдэг чанга “хоол”. Гурван жил яс албаа хаачихсан залуус халагдах өдрөө хоног тоолон хүлээж байгааг төсөөлөөд үз дээ. Аав, ээждээ, амраг ханьдаа очино гээд догдолж байгаа залууст “Хугацааг нь сунгасан” гэх мэдээ ямар хүнд цохилт болж очих билээ. Тэр залуус эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуульд заасан хугацаагаа гүйцээчихсэн байсан. Тиймээс эрхээ л эдлэхийг хүссэн гэнэн томоогүй залуусын тэмцэл “Маш нууц” кинонд өрнөдөг. Тухайн үеийн эрх баригчид нам дарсан л болохоос залуус өөрсдийнхөө эрхийн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн л хэрэг шүү дээ. Ингээд л “Байтаг богд” буюу баруун хил дээр болсон тулгаралтын сэдвийг барьж авсан юм. Уран бүтээлээрээ дамжуулан өнөөгийн залууст эх орон, газар шороо чинь ямар их үнэ цэнээр ирсэн юм бэ гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Үнэ цэнийг нь мэдрүүлэхийг хүссэн.
-Энэ зорилгодоо ч хүрсэн байх?
-70 жилийн өмнө цэрэг эрсийнхээ амиа өргөсөн яг тэр газарт нь очиж, болсон үйл явдлын тухай ярихад кино багийн залуусын маань нүдэнд нь нулимс цийлэгнэж, самсаа нь шархирч байсан. Кино зураг авалт эхлэхэд тэд аль хэдийнэ бэлэн болчихсон байсан. Хэрэв бид Улаанбаатар хотын ойролцоо аль нэг уул хадтай газар киноныхоо зургийг авсан бол тэд зүрх сэтгэлээсээ үүнийг мэдэрч чадах байсан эсэх нь эргэлзээтэй. Нөгөө талаас үзэгчдээ хуурч болохгүй шүү дээ. Тэрэлжийн тэр уул харагдаж байна гээд үзэгчид хоорондоо яриад сууж байвал утгагүй биз дээ. Үйл явдал болсон газарт нь очоод халуунд халж, хүйтэнд хөрч, хүнд зэвсэг, техникүүдийг халуун нар шороо, тоосон дундуур зөөж, уул хадтай газар дайн байлдааны зураг авч их хөлс хүчээ шавхсаны үр дүнд кино маань ч амжилттай болсон. Залуусаараа ч бахархсан. Хүн бүхний нүдэнд гал цог гэрэлтэж, зүрхэнд нь гал асч байгааг харах сайхан байсан. Бүгд үнэхээр мундаг байсан. Ганцхан жишээ дурдахад жүжигчин Ц.Алдармаа маань “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал авсан. Хотоос 2000 гаруй км газарт очиж, зураг авалтаа дуусгасных нь дараа хот руу буцаах гэтэл “Зураг авалт дуустал та нартайгаа байна” гээд гал тогоонд ажиллаж, тогооч нарт тусалсан. Тэр олон эрчүүдийн хоол ундыг бэлтгэхэд хүн хүч үнэхээр дутаж байсан л даа. Ингэж л бид дэм дэмэндээ ажлаа дуусгасан даа. Уран бүтээлч эмэгтэйн мөн чанар нь ийм юм. Бид өмнө нь БНСУ-ын “Хязгаар” гэдэг кинонд Сү Жүн гэдэг Солонгосын “Од” эмэгтэйтэй хамтран ажиллаж байсан. Бүхээгтэй машинд өдөржин агааржуулагч асаагаад кофе уугаад суучихдаг. Зураг авалт болоход гарч ирчихээд л буцаад орчихдог байсан. Тийм хүнд Монгол, Солонгос гэлтгүй л таагүй ханддаг юм билээ. Ц.Алдармааг би тэр эмэгтэйтэй харьцуулж бодоод үнэхээр бахархсан. Халуунд халж, хүйтэнд хөрөхдөө ер ажраагүй. Бусдыгаа урамшуулж, цай хоолыг нь бариад гүйж байгааг хараад үнэхээр бахархсан.
-Өвөөгийнхөө дүрд зээ нь тоглосон, 70 настай ахмадаар тэсрэлт, дэлбэрэлтийн зураг авалтыг удирдуулсан гээд сонирхолтой тохиолдол цөөнгүй гарсан гэж сонссон. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Амьд үлдсэн дөрвийн нэг Чойжингийн дүрийг бүтээсэн Төгөлдөр гэж залуу бий. КУДС-ийн төгсөгч. Зээ хүү нь байж таарсан л даа. Ээжээс нь Чойжин гуайн талаархи материалыг авч уншиж, судалгаа хийсэн л дээ. “Академи авардс”-аас “Шилдэг зураглаач”-ийн шагнал хүртсэн Гүенбаатар гээд өсч яваа туршлагатай, сайн залуу бий. Уран бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжилдээ эзэн болсон өсч яваа ирээдүйтэй залуу ажилласан. Мөн манай киноны пиротехникчээр 70 гаруй настай Цолмон ах маань ажилласан юм. “Монгол кино үйлдвэр”-т насаараа ажилласан, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”-гоос эхлүүлээд олон арван кинонд ажилласан энэ хүн “Байтаг богд” киноны пиротехникчээр ажилласанд маш их талархаж баярлаж байгаа. Энэ өндөр настай хүн тэсэрч, дэлбэрэх бодис, сум зэвсэгтэй харьцаад, жүжигчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг үнэхээр бишрэхгүй байхын аргагүй байлаа. Пиротехникч мэргэжил Монголд ховор л доо.
-Дараагийн шинэ бүтээлийн тань талаар асуух нь зүйтэй байх. “Маш нууц” төсөл үргэлжлэх үү?
-Бүтээл хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Чанартай л бүтээл хийхийг үргэлж эрмэлзэж, энэ зарчмыг баримталж ажилладгаа түрүүн хэлсэн. Түүнээс биш шагнал гардахдаа гол нь биш. Ер нь бол залуусынхаа урмыг сэргээж, дараагийн уран бүтээлд нь хөглөхийн тулд энэ наадамд оролцсон. “Фантастик”-ийн залуучууд маань “Академи авардс”-т анх удаагаа оролцчихоод л сериалынхаа зураг авалтад гарчихсан. Өөрөөр хэлбэл, уран бүтээл маань тасралтгүй үргэлжлээд явж байна. Харин “Маш нууц” төслийн хувьд бол төслийн бүрэн эрхийг хүүдээ хариуцуулаад өгчихсөн байгаа. Хүү мэдэг. Залуус юу сэдэж, санаачлахыг харъя. Мэдээж бид зөвлөөд түшээд тулаад явах нь ойлгомжтой. “Маш нууц-III” юу ч байж болно. Монголын түүх баялаг шүү дээ.
Х.Түвшин “Ардчилал таймс” сонин