МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганаар хамгийн түрүүнд 2019 оны улсын төсвийг хэлэлцэнэ. Ингэхдээ ирэх оны төсөвт “Ирээдүйн өв сан” байгуулж, энэ санд 553 тэрбум, цаашид жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөж байгаа тухай Засгийн газар мэдээлсэн?
-Сүүлийн хоёр жил манай татварын орлого хоёр их наядаар давсан. Өнөөдрийн байдлаар манай бүх татварын орлого биелчихсэн. Одоо ирэх дөрвөн сард нэг их наядаар илүү татварын орлоготой байх нь. Энэ чинь НӨАТ-ын системийн гавьяа шүү дээ. Өөр юу гэж. Төрд хэн байх нь хамаагүй. Төрд маш их орлогын эх үүсвэрийг бий болгож өгч байна. Одоо зарцуулалтаа хийж чадахгүй бол дахиад асуудалд орно. Төсөв батлахаас эхлээд бүх асуудал үүснэ. Төсвийг ашигтай болгодог механизмыг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хийсэн том ажил л даа. Дараагийн нөхдүүд нь үүний учрыг одоо л дөнгөж олж эхэлж байна. Харин энэ системийг дараагийн шатанд нь гаргах бололцоог одоохондоо олгохгүй байна. Яагаад гэвэл, үүнийг хийсэн залуучуудыг ажлаас нь халчихсан. Оронд нь наманцарууд очоод суучихсан. Татвар төлөгчийн хувьд би энэ илүү орлогоо төрд өгөх сонирхолгүй байна. Өмнө нь Баялгийн сан гэж байсан шүү дээ. Энэ сан луу бид оруулах ёстой.
-Одоо энэ сан байгаа юм уу?
-Дөрвөн жил болгоод унагачихсан. Манай засаг чинь залгамжгүй учраас нэгнийхээ хийсэн сайн, муу ажлыг бүгдийг нь баллуурдах гэж оролддог. Одоо илүү гарсан орлогоо энэ санд төвлөрүүлэх ёстой. Үүнийг татвар төлөгчид буцаагаад ашиглах ёстой. Энэ ажлыг хийх сонирхол байдаггүй. Яагаад гэвэл, манай аль ч эрх баригч мөнгө их цуглуулах сонирхолтой. Мөнгө их байх тусам өөрийн эрх мэдлээ ашиглан түүнийг тараах гэсэн тачаангуй хүсэлтэй байдаг юм. Харин үүнийхээ оронд илүү гарсан болгоноо энэ санд цуглуулах ёстой. Цуглуул. Гэхдээ энэ нь Ирээдүйн өв сан байна уу, Баялгийн сан байна уу, хамаагүй. Үүнийг Засгийн газраас ангид хийх механизмыг одоо оруулж ирэх ёстой. Ингэхгүйгээр буцаагаад төсөвтөө хийгээд баахан үргүй зардал болговол хэцүү. Бид одоо өмнөх Засгийн газрын нөхдийн хийсэн алдаанаас болж таван тэрбум ам.долларын өрийг төлөх гээд л явж байна шүү дээ. Энэ болгонд валют гарч байгаа. Үүнийг өнөөдөр Сангийн яам, Монголбанк хоорондоо маш сайн ярилцах ёстой. Гэтэл өнөөдөр тус тусдаа л бодлоготой яваа. Уулздаггүй ч байж магадгүй. Энэ нь өөрөө асуудал байхгүй юу.
-Манай улсын эдийн засгийн бодлогыг ОУВС барьж байгааг та юу гэж боддог вэ?
-Сүүлийн 10 жилээр нь харахад эдийн засгийн том хямрал 2012-2016 онд дөрвөн жил үргэлжилсэн. Манай нөхцөлд макро эдийн засгийн хамгийн том тоглогч нь Монголбанк, Засгийн газар. Манай тоглогчид макро эдийн засагт тоглолт хийдэг есөн гол параметрийг мэдэхгүй байна. Энэ бол аль ч намд хамаатай. Тэгээд макро эдийн засгийн алдаанаас болж өнөөдөр аж ахуйн нэгж, иргэд маань бүгд зовж, төлбөрийг нь төлж байгаа юм. Та нэг дарга гарч ирээд, таван төгрөг төлж байгааг харсан уу. Төрийн албан хаагчид аль нь ч ялгаагүй, ямар ч хариуцлагагүй байна. Яагаад гэвэл, сүүлийн 12 жил энэ хоёр том нам хамтарч төр барьсан. Аргаа бараад сүүлдээ ОУВС-ийн хөтөлбөрт орлоо шүү дээ. ОУВС-аар макро эдийн засгийн загвар буюу бодлогоо бариулж байна. Одоо макро эдийн засгийн жолоон дээр нь сууж байгаа хүмүүс суралцмаар байна. Үүнд бэлтгэлтэй хүмүүсийг оруулж ирмээр байна. Өнөөдөр Ч.Хүрэлбаатар тэдэнтэй хамтарч ажиллаад гайгүй үр дүн гаргаж байгаа. Гэхдээ дараагийн асуудал нь аль хэдийнэ эхэлчихсэн. Өнөөдөр зах зээлд мөнгө дутагдаад эхэлчихсэн байгаа. Уг нь үүнийг хэлж, судалж байх ёстой газрууд нь их сургуулиуд, хүрээлэнгүүд. Улстөрч хүн бол алдаж болно шүү дээ. Тэднийг хэт туйлширсан шийдвэр гаргуулахгүйн тулд энэ том их сургууль, хүрээлэнгүүд ажлаа яс хийж байх ёстой.
-Мөнгө дутагдаж, асуудал үүснэ гэдгийг ойлгочихлоо?
-Гэхдээ мөнгө илүү байгаа шүү дээ. Хоёр жишээ харьцуулъя. 2013, 2014 онд бол улс мөнгөгүй байсан. Түүхий эдийн үнэ уначихсан. Тэгээд ерөнхийдөө мөнгө хэвлэх, бонд гаргах механизм явагдаж байсан юм. Харин одоо бол өөр. Өнөөдөр 2018 онд нүүрсний мөнгө 2.2 их наяд, алтны мөнгө 1.8 их наяд гэхээр дөрвөн их наяд, дээрээс нь татварын орлого давж биелж байгаа. Өнөөдөр ийм том том тоонуудтай, цаг сайн байгаа үед мөнгө хомсдоно гэдэг нь асуудал. 2013, 2014 онд ийм боломжгүй байсан. Нүүрсний үнэ гэхэд тав дахин уначихсан, татварын орлого ч тасарч байлаа. Тэр үед эрх барьж байсан хүмүүс бас ч гэж янз бүрээр маневрласан байна. Харин өнөөдрийн эрх баригчид уучлаарай, та нарт бүх орлого байгаа шүү. Үүнийгээ зөв маневрлаж, макро эдийн засгаа тогтвортой байлгаач. Энэ чинь шал өөр хоёр асуудал байгаа биз. Нэг нь ямар ч орлогогүй байсан. Харин нөгөөдөх нь орлогодоо бялуурчихаад “Өр төлж байна” гэдгээр бүгдийг лаахайдаж хаах санаатай. Ийм байж болохгүй.
-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашгийг ирэх онд тараана гэсэн шүү дээ?
-Энэ 1072 хувьцаа чинь газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч гэдэг хуулийн заалтаар өмчийн эзэн хувьцаатай байх ёстой гээд холбож өгсөн механизм. Гэтэл одоо Тавантолгойг сорчлоод дуусч байна. Нүүрсээ дахин боловсруулах хэрэгтэй. Нүүрснээс бордоо, цахилгаан, газ гаргаж байгаа. Өчнөөн олон зүйл хийж болно. Үүнд мөнгө хэрэгтэй. Тийм учраас одоо жаахан мөнгө цугларч байгаа дээр төвлөрүүлж дараагийн хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Өнөөдөр хувьцаатай 2.4 сая хүн байна. Ногдол ашиг тараавал нэг хүнд 6000-7000 төгрөг л очно. Үүгээр юу хийх вэ, дөрвөн талх аваад дуусна. Харин энэ төвлөрсөн 400-500 тэрбум төгрөг кассанд байгаа юм бол түүгээрээ 500 МВт-ын цахилгаан станцаа барь, үгүй бол нүүрсээ угаагаатах. Мөнгө нь байгаа юм бол таван уурхай нийлж байгаад нүүрсээ угаагаад метанаа гаргаатах л даа. Бидэнд одоо юм бүтээхэд мөнгө хэрэгтэй. Цугларсан мөнгөө талаар нэг тараавал ямар ч эдийн засаг хүч чадалтай болохгүй гэдгийг бид ойлгосон шүү дээ. Тэгээд ч орчин үед улстөрчийг нийтийн мөнгийг яаж зарцуулсан бэ гэдэг шалгуураар хэмждэг. Манайд даанч эсрэгээрээ. Нийтийн мөнгөнөөс яаж хувьдаа буюу өөрийнхөө хамааралтай хүмүүст авч өгч, хэсэг хүмүүсийг баяжуулах вэ гэдгээр манай улстөрчид уралддаг. Энэ дампуу чөтгөрийн тойргоосоо одоо салах хэрэгтэй. Үүнд нам хамаагүй. Бүгдэд нь хамаатай асуудал.
-Чуулганы нээлттэй зэрэгцээд иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа ч идэвхжиж байна. Оюутолгой одоо бараг авах юмаа аваад дуусч байна гэдэг мэдээллийг зарим иргэний хөдөлгөөн гаргаж байгаа шүү дээ?
-Гадаадад ч бай, дотоодод ч бай капиталист нийгэм хөрөнгө оруулалтгүй явна гэж байдаггүй. Монголын төр сүүлийн 30 жилд хийсэн хамгийн том гэрээ нь энэ Оюутолгойн гэрээ. Оюутолгой одоо 10 мянган хүн ажиллуулаад төсөвт Ашгийн татвараас бусад бүх татвараа өгөөд явж байна. Технологийн хувьд ч уул уурхайн салбартаа мундаг зүйлийг хийж байгаа. Гэтэл гэнэт өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ гэрээнд оролцсон хүмүүсийг бүгдийг нь барьж аваад шоронд хийчихсэн. Одоо дараагийн хөрөнгө оруулагчид юунд итгэж наашаа ирэх юм бэ. Тийм учраас л буруутай, үгүйг нь хурдан шийдэх хэрэгтэй. Монголын төр дандаа алдаж байгаагүй. Бидний өмнө нь ЗХУ-тай хийсэн төмөр замын гэрээ өнөөдрийг хүртэл хүчинтэй л байна. Тухайн үеийн ЗХУ байхгүй болсон ч ОХУ-тай энэ гэрээ үргэлжлээд явж байна. “Эрдэнэт” үйлдвэр байна. 1976 онд байгуулагдсан цагаасаа хойш 40 гаруй жил гэрээндээ үнэнч явж болж байна. Гэтэл өнөөдөр Оюутолгой ямар нөхцөл байдалд байгаа билээ. Нэг компанид нэг татварын байцаагч ороход ажил маш их үймүүлдэг. Гэтэл 360 байцаагч орчихсон газар ямар юм нь гоё байх вэ дээ. Оюутолгойн гүний үйлдвэр 2021 онд ашиглалтад орно. Тэр үед бидэнд барьц бий. Би тэр болгоныг одоо хэлж болохгүй байна л даа. Товчхондоо, Оюутолгой дээр дахин авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ Оюутолгойг хаяад явах магадлал бас бий. Урд талын хөршид маань 20, 30 тэрбумаар өгчихөөд яваад өгвөл хэн араас нь явж, ямар технологи орж ирэх вэ?
-Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй гэж хэлэх гээд байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Ойрхон зүгийн нэг хүнд зарчихаад яваад өгвөл бид юу ч хэлж чадахгүй шүү дээ. Ийм учраас бид энэ том асуудал дээр их бодолтой хандах ёстой. Цөмөөрөө судалгаатай, алсын хараатай байцгаая. Түүнээс биш нэг удаагийн цээж дэлдэлтээр, эсвэл эмоциороо хандаж болохгүй.
-Гүний уурхайн ухсан нүхэнд Атомын цахилгаан станц барина гэж та сонссон уу. Та үүнд итгэж байна уу?
-Атомын цахилгаан станц барих гэж байгаа тухай би мэдэхгүй юм байна. Санаж байгаа бол, 2013 онд би ураны асуудлыг хөндөж байсан. Бид цөмийн хог хаягдлыг оруулж ирэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1994 оны чухал тогтоолоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед сулруулчихсан. Ингэхдээ цөмийн хог хаягдлыг ашиглахаар заалт оруулсан. Харин дараа нь Японд айхтар осол болоод тэр бүх ажиллагаа зогссон байхгүй юу. Одоо манай зарим органик хуулиудын өөрчлөлтийг харахад заавал ч үгүй хойноос нь судалгаа хийж байх ёстой гэж бодогддог. Ямар лоббигоор яаж хийв, дараа нь юу орж ирэв гээд. Бид одоо капиталист нийгэмд яваа. Энэ бол эрх зүйн дүрмээр тоглодог онолтой нийгэм. Тэгэхдээ энэ дүрмээ бидэнд 10-20 жилийн өмнө оруулаад өгчихсөн байдаг. Дараа нь бид тэр дүрмээр нь тоглоод дандаа хожигддог. Тиймээс энэ өөрчлөлтүүдийг бид өөрсдөө анхнаасаа гардаж, философитой хандах ёстой.
Их сонин шүү дээ. Ажиглавал, манайд Нидерландад, оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд их орж ирдэг. Гэтэл манайд анх Нидерландаас л тахь орж ирсэн шүү дээ. Тахийг оруулж ирэхийн тулд давхар татварын гэрээг анх хийсэн, Нидерланд улстай. Дараа нь түүгээр дамжиж манайд бүх уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт орж ирсэн. Эхлээд хүмүүнлэгийн ажил хийгээд араас нь тэрхүү нээгдсэн эрхзүйн корридороор өөр зүйл орж ирдэг. Бизнес хийж буй хүмүүс хаана таатай орчин байна, тэр нөхцөл, тоглоомын дүрмийг л ашиглаж өөрт таатайгаараа л явна шүү дээ. Гэхдээ бид бас үүнийг урьдчилж харж байх ёстой.
-Зарим нь Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг хорьсон шиг хорьсонгүй. БНХАУ шиг авилга авсан нөхөдтэй хатуу хариуцлага тооцож, төр төмөр нүүрээ харуулах ёстой гэдэг хандлагатай байна?
-Ер нь Оюутолгойн гэрээг ярихын тулд зөвхөн 2009 оны хямралтай үед гэрээ хийсэн гэдгийг биш бүр 1989 оноос хойшхи үйл явцыг ярих ёстой. Бид Оюутолгойг нээсэн гайхалтай сайхан геологич С.Авирмэд агсанаас их зүйл сонсох ёстой байсан. Үүнийг бараг институцийн хэмжээнд судлах ёстой. Яагаад өнөөдөр Оюутолгойн гэрээнд оролцсон төрийн түшээд муу нэртэй, ихэнх нь шоронгоор яваад дуусч байна вэ? Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх тэнд нэг асуудалд орсон. Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Баяр, үүнээс өмнө С.Зориг сайд, Ш.Отгонбилэг гээд энэ асуудлыг мэдэх хүмүүс бие барсан. Сүүлд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, С.Баярцогт хоёрын мэтгэлцээн болж, дараа нь хэн хэнийг нь шороотой хутгах ажиллагаа явагдсан шүү дээ. Оюутолгойн гэрээнд гаднаас ч бай, дотроос ч бай оролцсон бүх хүнийг байхгүй болгох үйл явц явж байгаа юм биш байгаа гэж би харддаг. Тэр түүхийг, тэр зовлон, жаргалыг мэдэх хүмүүс байхгүй тусмаа нэг хэсэгт хүмүүст ашигтай байж магадгүй.
-Тэр нь яг хэн юм бэ? Шууд нэрлэчихэж болдоггүй юм уу?
-Нэг хэсэг хүмүүс гэдэг маань энэ гэрээг явуулахын тулд дараагийн үе буюу өөр хүмүүс хэрэгтэй байж болно. Нэг их зовлон, жаргал мэддэг хүн ч байх хэрэггүй. Би хэлээд байна шүү дээ. Яагаад тэр гэрээнд оролцсон хүмүүсийг нийгмийн хог шаар болгох үйл явц их өрнүүн явагдаад байна вэ? Өнөөдөр Оюутолгойн гэрээг сайжруулахаар боллоо гэхэд сая миний нэр дурдсан хүмүүсээс илүү гарах хүн байхгүй ч байж мэднэ. Яахав, дараагийн үе нь гадаад хэлтэй, цэвэрхэн сайхан залуучууд байж болно. Гэхдээ тэр яриад байгаа нөхөд чинь эд нараасаа ч эвгүй зүйл хийж магадгүй шүү. Тиймээс бид их бодолтой байх ёстой. Энэ бол цэвэр төрийн хар хайрцагны бодлогоор явах ёстой зүйл. Наад зах нь Ашигт малтмалын 29, 30 дугаар заалтыг яагаад хүчингүй болгов гэдгийг хүртэл их нарийн харах хэрэгтэй. Би энэ талаар цааш нь ярьмааргүй байна.
-Таны тэргүүлдэг “Үндэсний Соёмбо” хөдөлгөөн Оюутолгойн асуудал дээр нэлээд чанга дуугардаг байснаа сүүлийн үед чимээгүй болчихжээ?
-Энэ бол өөр асуудал. Анх 2006 онд Ц.Батбаяр гуайг хотын дарга байх үед тээврийн хөлсний үнэ нэмэгдсэн. Автобусны билет 100 төгрөг байснаа 200 төгрөг болсон юм. Үүнийг эсэргүүцэж анх С.Ганбаатар Сүхбаатарын талбай дээр гарч ирсэн. Тэр үед бид танилцаад, тухайн үеийн эрх баригчдад энэ асуудлыг тавихын тулд МАХН-ын байрыг эзэлж байлаа. Үүнээс хойш үйл явц маш хурдан өөрчлөгдөж, нэг сарын дараа л уул уурхайн асуудлууд яригдаж эхэлсэн. Учир шалтгаан ч байсан. Яагаад гэвэл, Оюутолгой 2002 онд нээгдсэн. Бид 1997 онд маш их эрх чөлөөтэй, нэг тийм либерал Ашигт малтмалын хуультай болчихсон байсан юм. Ингээд маш том орд нээчихсэн. Дараа нь 2004 онд Н.Энхбаяр гуай Ерөнхий сайд байхдаа ашиглалтын лицензийг нь өгсөн. Тэр үед ОХУ-ын өрийг төлөх гэж 50 сая ам.доллар түр зээлж авсан юм. Гэх мэтчилэнгээр бид ашиглалтын лицензээ өгчихсөн. Ашиглалтын лиценз авсан бол 1997 оны хуулиар Тогтвортой байдлын гэрээ хийхээр байсан юм. Хэрэв энэ гэрээг хийсэн бол Оюутолгой шууд “Бороо гоулд-2” болох байсан. Бид 1997 оны хуулийн дагуу “Бороо гоулд”-тай 2000 онд Тогтвортой байдлын гэрээ хийгээд 40 гаруй тонн алтаа ямар ч татвар авч чадалгүй алдсан. Энэ нь монголчуудад маш том сургамж болж үлдсэн. Гэтэл Оюутолгойн зөвхөн алт нь гэхэд 1800 тонн, зэс 45 сая тонн гээд бүр харьцуулшгүй байсан. Гэхдээ л тэд шууд ашиглалтын лиценз өгсөн. Ийм учраас л манай улс Уул уурхайн хуулиа солих хэрэгтэй болсон юм. Ингээд 2006 оны нэгдүгээр сард болсон бидний бослого, дараа нь нийгмийн тэр давхцлыг ашиглаж Ашигт малтмалын хуулиа 2006 оны зургадугаар сард сольсон. Тэр үед стратегийн ордууд 34 хувь гэдэг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын мэдлийн 29, 30 дугаар заалтууд орж ирсэн. Энэ бол нийгмийн гадна, дотор байсан хүчийг ашиглаж тэрхүү анхны өөрчлөлтийг хийж, үүнийхээ дагуу 2007 онд анхны гэрээг хийх гэсэн оролдлого байсан юм. Тэр үед үүнийг би эсэргүүцэж байлаа. Цагдаа нар намайг барьж авах гээд би машин дээрээ гарч байсан чинь 2007 оны долдугаар сарын 20-нд шүү дээ. Ингээд тэр гэрээ хойшилсон. Дараа нь С.Баярын Засгийн газар орж ирж байлаа. Гэрээ 2009 оны 10 дугаар сарын долоонд хийгдсэн.
-Зарим хүмүүс өнөөдөр ч энэ гэрээг эрхзүйн чадамжгүй гэрээ гэж үздэг юм билээ?
-Яг тэр гэрээг зурж байх явцад Ж.Самбуу гуайн хөшөөний дор есхөн хүн зогсч байсан. Энэ гэрээнд дутуу зүйл бий. ТЭЗҮ нь гараагүй, хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх болоогүй гэдгийг есхөн хүн л ярьж байсан. Уучлаарай, тэр үед тэр есөн хүний ард хэн ч байгаагүй юм шүү. Манай том том эрдэмтэд, уул уурхайн мэргэжилтнүүд бидэнд зөвлөгөө өгч байсан уу гэвэл үгүй. Гэрээ ч зурагдсан. Тэр үед яахав, уул уурхайн бүх түүхий эдийн үнэ шалан дээр уначихсан, 2009 оны эдийн засгийн хямрал эхэлчихсэн, Эрдэнэтийн зэсээ бид хагас жил үнэгүй ачаад өгчихсөн, яагаад гэвэл 2008 оны сонгуулийн дараа бүх мөнгөө урьдчилаад авчихсан, бүх зүйл төвөгтэй байдалд байсан юм. Ингээд тэр үед энэ гэрээнд гарын үсэг зурсан. Дараа нь 2010 оны дөрөвдүгээр сард Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан шүү дээ. Бид үүнийг эсэргүүцэж, 2010 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өлсгөлөн зарлаж байлаа. Тэгсэн ч Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан. Ингээд би бизнесмэн хүнийхээ хувьд 2010 оноос хойш энэ талаар дуугараагүй.
-Яагаад?
-Тэр үед төр засаг, эрдэмтэн мэргэд бүгдээрээ энэ гэрээнд оролцож гарын үсэг зурсан. Бизнес бол цаашаа явах ёстой. Ингээд би 2010 оноос хойш нэг л зүйлийг хэлж байгаа. Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг төрийн өмч гэж заасан хэдий ч бид энэ өмчөө хамгаалсан хуулийг 27 жил гаргаагүй байна гэдгийг. Одоо би Төрийн нийтийн өмчийн хамгаалалтын хуулиа гаргаач гэдэг ганцхан зүйлийг л хэлдэг болсон. Бид одоо төрийнхөө өмчийг хуулиар хамгаалах ёстой. Энэ өмчийг хамгаалсан хуулийн заалт байхгүй. Иргэн болон Эрүүгийн хуулийн өмчийн эрхийг хамгаалдаг заалтанд ч байхгүй. Өнөөдөр бидний хамгийн том өмч эрхзүйн хамгаалалтгүй байгаа. Энэ асуудлыг би үе үеийн эрх барьж буй нөхдөд байнга тавьдаг. 2011 онд Э.Мөнх-Очир гишүүнээр хуулийн төсөл санаачлуулан УИХ-д өгсөн. Одоо УИХ-ын архивт байгаа. “Иргэний Соёмбо” хөдөлгөөн тодорхой хэмжээний судалгаануудыг ч хийсэн. Төрийн нийтийн өмчийн хамгаалалтын хууль байхгүйгээс болоод манай өнөөдрийн бүх дампуурал эхэлсэн юм. Оюунтолгойн гэрээ 2009 оны эдийн засгийн хямралын хүнд үед зурагдсан. Дараа нь эдийн засаг сэргэсэн ч эргээд дөрвөн жилийн хямрал боллоо шүү дээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн хувьд үүн дээр илүү дуу хоолойгоо гаргаж, бизнесийн орчны эрхзүйг хамгаалах, татварын хуулиудыг бий болгох, Ил тодын хууль гаргах гээд энэ механизмыг солих чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа. Өнөөдөр манай төсвийн бүх татварын орлого биелчихсэн байгаа. Энэ жилийн төсөв бараг их наядаар давж биелнэ. Энэ нь бидний бий болгосон систем. НӨАТ-ын системээр энэ бүх орлогыг бий болгосон шүү дээ. Өнөөдөр улсын бүх зарлагыг хянадаг, орлогыг нь цуглуулдаг болсон. Одоо хяналт тавьдаг болж байна. Энэ үйл явц тасралтгүй явж байна.
-Төрийн нийтийн өмчийн хамгаалалтын хуулийг гаргах сонирхол үе үеийн УИХ, Засгийн газарт байхгүй юм биш үү?
-Байхгүй. Яагаад гэвэл, ийм хуульгүй байлгаснаар л төрийн өмчийн эрх мэдлийн оройд очсон хүмүүс янз бүрийн гэрээ хэлцэлд оролцож, өөртөө наах юмаа л хийдэг. Уг нь бизнест нэг зарчим байдаг. Гэрээ хийсэн бол гэрээгээ биелүүлэх үүргийг аль аль тал нь хүлээдэг. Энэ бол Оюутолгой ч бай, ТҮЦ-т ч ялгаагүй болдог үйл явц. Гэтэл манай үе үеийн эрх мэдэлтнүүд Оюутолгой гэж жаахан хашгирч байгаад өөрсдөө дотор нь орж суугаад эсвэл нэг жаахан юм өөрчлөхөд оролцоод таг мартдаг. Ингэхээр чинь гэрээ биш болчихож байгаа юм. Нөгөө нэг асуудал нь өнөөдөр олон юм яриад байгаа эрдэмтэд тэр үед хаана байсан юм бэ. Ний нуугүй хэлэхэд, бидэнд тал цаасан дээр юм бичээд өгөх хүн олдоогүй шүү. Манай мундаг хуульчид бүгдээрээ л маш өндөр хөлстэйгөөр нөгөө талд буюу Айвенхой майнз, Рио Тинтогийн талд ажилласан шүү дээ. Хамгийн зовлонтой нь энэ асуудлыг тасралтгүй авч явах төр засаг, гүйцэтгэх засаглал манайд байхгүй. Үүнээс хойш есөн жил өнгөрлөө. Бараг есөн Засгийн газар солигдлоо. УИХ ч хэд солигдлоо.
Г.Ганчимэг. “Ардчилал таймс” сонин