БСШУС-ын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг сургуульд, хамрагдалт, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сүүлийн үед сошиал орчинд иргэд, эцэг эхчүүдийн дунд өргөн хэлэлцүүлэг, мэтгэлцээний сэдэв болоод буй сурагчийн дүрэмт хувцас өмсөх эсэх, мөн дүрэмт хувцасны чанарын асуудлыг хөндөж БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас асуулт асууж, тодруулж, байр сууриа илэрхийллээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сурагчийн дүрэмт хувцсанд яамны оролцоо байхгүй. Төрөөс нэг ч төгрөг гаргадаггүй, хувийн хэвшлийн зохицуулалтаар явдаг. Сурагчид дүрэмт хувцас өмсөх ёстой. Ковидын жилд өрхийн орлого буурсан учраас энэ хичээлийн жилд сурагчид заавал цоо шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй. Дүрэмт хувцасны үнэд судалгаа хийхэд хосоороо худалдан авахад их үнэтэй байна. Тэгэхээр хосоор нь авах хэрэггүй, өөрт байхгүй аль нэгийг нь л ав гэсэн шаардлага тавьж байгаа. Хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхэддээ зарцуул, эцэг эхчүүд ээ. Сард 100 мянган төгрөг, жилд 1.2 сая төгрөг авч байгаа шүү дээ" гэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "ЕБС-д дүрэмт хувцсаа өмсөх нь хамгийн зөв шийдэл. Дүрэмт хувцас өмсөх нь хүүхдийн сэтгэл зүй, сурах сэдэлд эерэгээр нөлөөлдөг болох нь сурган хүмүүжүүлэх практикаар шалгагдсан.
- Хүүхэд дүрэмт хувцсаа өмсөхөөр сурах үйл ажиллагаанд сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэнэ
- Дүрэмт хувцастай хүүхэд биеэ хянан захирах, анхаарал төвлөрөх, дүрэм журмыг илүүтэй дагаж мөрдөнө
- Дүрэмт хувцасны нэг том давуу тал бол үе тэнгийнхний дунд хөрөнгө мөнгөний ялгаа, өрхийн орлогын ялгаанаас үүдэлтэй дээрэлхэлт, ялгарлыг багасгаж, “Хүүхэд бүр адил тэгш” гэдэг зарчмыг илэрхийлдэг
- Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хүүхдийг хувцсаа ариг гамтай өмсөхөд сургадаг.
ЕБС-ийн багш нар болон сурган хүмүүжүүлэхийн эрдэмтэд 100 хувь санал нэгтэйгээр дүрэмт хувцсыг дэмжиж байр сууриа илэрхийлж байгаа нь харагдаж байна.
Харин дүрэмт хувцасны чанарын хувьд анхаарах асуудал байгааг хэлэх нь зүйтэй. Дүрэмт хувцасны даавуу хурдан шааригладаг, оёдол муутай, даргар материалтай, хүүхдийн биед эвтэй бус гэдгийг олон эцэг эхчүүд шүүмжилдэгтэй санал нэг байна.
Манай дотоодын дүрэмт хувцас үйлдвэрлэж буй оёдлын үйлдвэрүүд материалын чанарт анхаарах хэрэгтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл (1)