-Та “Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо”-ны даргаар ажиллаж байсан, томоохон төсөл хөтөлбөрүүдийн нарийн ширийн асуудлыг мэдэх хүн. Монгол улс өнөөг хүртэл хойд хөршөөсөө Эрчим хүчний хараат байгаад зогсохгүй, саяхан ТЭЦ-4 цахилгаан станцад саатал гарч хот бүхэлдээ тоггүй боллоо. Энэ нь бидэнд ямар сануулгыг өгч байна вэ?
-1990-ээд онд Улаанбаатар хотод үйлдвэр цөөн, хүн ам орлого багатай, ядуурлын хувь бараг 43 хувьд хүрсэн, цахилгааны хэрэглээ ч багатай байлаа. Гэтэл 2000 оны эхэн үеэс манай улсын хөгжил хурдасч, хүн ам ч өссөн. Олон барилгууд, үйлдвэрүүд баригдаж, төвлөрөл нэмэгдэн, цахилгааны хэрэгцээ үсрэнгүй нэмэгдсэн. Харин бид хуучин дөрвөн станц, хөдөө орон нутгийн хэдэн станцтайгаа, ганц ч шинэ станц бариагүй ОХУ-аас цахилгаан импортолдог хэвээр байна.
2010 оны үед Монгол улсад хоёр том цахилгаан станц барих шаардлагатай гэдэг тооцоо судалгааг мэргэжлийн яам нь хийсэн. Тэгээд Азийн хөгжлийн банк, Монгол талаас “Ньюком” компани хамтран ТЭЦ-5 гэдэг том цахилгаан станц барих бололцоог судалсан нь нэг хүний ч юм уу нэг компанийн ажил байгаагүй юм. Тухайн үед Азийн хөгжлийн банк хөрөнгө гаргаж, одоогийн ханшаар бараг хоёр тэрбум төгрөг зарцуулж судалгаа хийгээд, станц байгуулах хэрэгтэй, боломжтой. Гэхдээ үнэ өртөг нь бараг л 1 тэрбум гаруй доллар болох нь гэдэг мэдээллийг өгсөн, улс ч энэ цахилгаан станцыг барих нь зөв гэж үзээд холбогдох ажил нь эхэлчихсэн явж байлаа.
Түүнчлэн хоёр дахь том цахилгаан станцыг Оюу толгойн бүсэд барих шаардлагатай гэж үзсэн. Яагаад гэвэл эрчим хүчний салбарт хамгийн том хэрэглэгч нь баяжуулах үйлдвэрүүд байдаг. Жишээлбэл, манайд Эрдэнэт үйлдвэр хамгийн том хэрэглэгч байсаар ирсэн. Тэгвэл дараагийн бүр том хэрэглэгч нь Оюутолгой. Зарим хүн цахилгааныг гадаадаас авч болно гэж үздэг байх. Гэтэл Монгол улс эрчим хүчний маш их нүүрстэй, нүүрс нь хямд, түүнийгээ станцад шатаагаад боловсруулаад, цахилгаан гаргаж, дотоодын эх үүсвэрээс өөрийнхөө хэрэгцээг хангах нь зөв ш дээ. Түүнээс биш гадагшаа мөнгөө урсгаад баймааргүй байна.
-Манай улс жилд ямар хэмжээний мөнгөөр гаднаас эрчим хүч авдаг юм бол?
-Одоо жилд 150 сая долларын төлбөр хийгдэж байгаа гэсэн тооцоо байдаг.
ТЭЦ-5-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮЛЭЭЖ ЗАЛХААД, ТӨСЛИЙГ ОРХИСОН
-Бүх судалгаа, тооцоолол нь гарчихсан хоёр станцыг барих ажил яг ямар учир шалтгааны улмаас зогсчихсон юм бэ?
-2012 онд сонгууль болсон. Тэр үед аль аль станцынх нь зураг төсөл бэлэн болчихсон байтал дараагийн Засгийн газар гарч ирээд энэ ажил зогссон. Хэрэв тэр үед энэ төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бол таван жилийн дотор хоёр станц баригдчихсан, өдийд бид цоо шинэ хоёр цахилгаан станцтай, Оюутолгойг өөрийнхөө нөөцөөр хангадаг, хотыг дулаан, цахилгаанаар бүрэн дүүрэн хангадаг болсон байх байлаа. Харамсалтай нь 2012 онд засаг солигдоход бодлого нь бас солигдчихсон. Жишээлбэл, ТЭЦ-5-ыг анх төлөвлөсөн байршлаас нь “өөр байршилд байгуулна” гээд дахиад судалгаа юм хийх болсон. Энэ чинь ямар ч үр ашиггүй бөөн зардал шүү дээ. Тавантолгой станцын төслийг ч мөн адил тухайн үед М.Энхсайханы засгийн газарт танилцуулж байсан. Мөн барихад бэлэн төсөл байсан. Харамсалтай нь аль аль нь яваагүй.
“Дулааны цахилгаан станц 5” төслийн макет
-Бид эрчим хүчний хангалтаараа хараат бус байх нь улсын нийтлэг эрх ашигт чухал нөлөөтэй. Гэтэл энд хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхол үйлчлээд байдаг уу гэх хардлага төрж байна. Та юу гэж боддог вэ?
-Харамсалтай нь манайд нэг гажуудал байна. Улс орны хувьд маш чухал төсөл хөтөлбөрт нэг, хоёр компани ажил хийнэ гэхээр хардлага сэрдлэг үүсч, бусад хүмүүс түүнд нь туслахаасаа илүү саад болдог. Эсвэл өөрийнхөө төслийг шахах гэж оролддог үзэгдэл уг салбарт гараад ирсэн. Тиймээс бүтээн байгуулалтын ажил, цахилгаан станц барих гэдэг нь ашгаас салангид баймаар байна. Тэгэхгүй бол энэ салбар өөрөө ашигтай харагдаад, ямар нэгэн компани баяжих нь гэж ойлгогдоод байдаг нь хэцүү. Ямартаа ч хоёр төсөл хоёулаа ингээд л зогссон. ТЭЦ-5-ын хувьд ажил нэлээд ахицтай сайн явж байсан гэдгийг түрүүн хэлсэн. Засаг солигдмогц, шинэ байршил сонгон хотын зүүн талд барих юм болсон. Гэтэл нөгөө газар нь өөр компанийн эзэмшил учраас түр саатаад, эзэмшлийн асуудлыг нь шийдчих л юм бол боллоо гэж яригдаж байх үе буюу 2015 онд Засгийн газартай эцсийн байдлаар гэрээ байгуулах ажил үлдсэн байсан. Гэтэл мөн л гэрээ үзэглэгдээгүй. Ингээд хугацаа өнгөрөх тусам хөрөнгө оруулагчид болох Франц, Солонгосын компаниудын итгэл алдарч, хүлээлтээс залхаад орхисон. Аргагүй ш дээ, 7-8 жил хүлээгээд, нэг сайд шинээр гарах бүрт хамаг юм нь өөрчилдөг. Өмнө нь үлэмж их зардал гаргачихаад, төсөл хэрэгжүүлэхгүй л юм бол хойшид дахин мөнгө үрээд байх ямар хэрэгцээтэй юм гэсэн ойлголтод хүрсэн байсан. Харин одоо Солонгосын хөрөнгө оруулагч Казакстанд асар том цахилгаан станц бариад эхэлсэн байна.
-Үүнийг зов гольдролд оруулах арга зам бий юу. Хууль эрх зүйн талаас ямар нэгэн хөшүүрэг байна уу?
-Үүнийг шийдэхийн тулд 2015 онд хоёр том алхам хийгдсэн. Нэгдүгээрт, Монгол улсыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлаад, дараа нь “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль”-ийг гаргасан. Тэгэхээр одоо бид 2030 он хүртэл бодлоготой, хуулиар баталгаажсан эрх зүйн баримт бичигтэй болох эх үүсвэртэй болсон.
Мөн сонгуулиар нэр дэвшигчид элдэв юм амладаг учраас түүнийг хязгаарлахын тулд Сонгуулийн тухай хуулинд ч өөрчлөлт оруулсан. Энэ нь “Аливаа нам сонгуулийн үеэр амлалт өгөхдөө урьд өмнө батлагдсан “Хөгжлийн бодлого”-ыг аль болох хэрэгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгана гээд зааж өгсөн. Энэ маягаар сонгуулийн үед улс орны хувь заяатай холбоотой бодлогууд огцом өөрчлөгддөг савлагааг багасгахгүй бол энэ улс чинь өөрөө нурах гээд байгаа нь тодорхой байсан. Тэрхүү тогтвортой хөгжлийн бодлогод эдгээр цахилгаан станцын асуудлууд ч байж л байгаа. Тиймээс одоо аль хэдийнэ судалгаа нь хийгдчихсэн, гэрээгээ төлөвлөчихсөн бэлэн төслүүд дээрээ Засгийн газар маань хөрөнгө оруулагчтай дахин хэлэлцээр хийхэд буруудах юм огт байхгүй гэж боддог. Мэдээж зарим талаар хөрөнгө оруулагчтай санал нийлэхгүй байж болно, байдаг л асуудал. Гэхдээ аль аль тал нь шийдэлд хүрэхийн тулд хичээх хэрэгтэй. Жишээлбэл, хувийн хөрөнгө оруулагчийн тариф нь өндөр байна гэвэл хэлэлцээрээр танай талаас тарифаа буулгачих, бид баталгаа гаргаж өгье гэдэг ч юм уу. Төслөө хэрэгжүүлэхдээ зардлыг нь жаахан багасгачих гэдэг хэлэлцээр хийж яагаад болохгүй гэж. Огт хэлэлцээр хийгдэхгүйгээр төслүүд шууд зогссон. Энэ нь эргээд ямар харамсал дагуулдаг вэ гэхээр цаг хугацааны хувьд асар хохиролтой. Том төслийг эхлэхэд судалгааны ажилд 2-3 жил шаардагддаг.
САЙД НАРЫН ДУРААРАА ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН АЧААГ АРД ТҮМЭН ҮҮРДЭГ
-Одоо эргээд тэдгээр хөрөнгө оруулагчидтай хэлэлцэх ёстой гэж үү?
-Заавал тэд нар энэ төсдийг хэрэгжүүлэх ёстой гэсэн үг биш ч аливаа төслийг зогсоож байгаа бол оронд нь өөр төсөл судлах ёстой, 2-3 тэрбум төгрөгийн судалгааны ажил хийгдэнэ л гэсэн үг. Тэр төсвийг нь улс гаргахгүй, хувийн хөрөнгө оруулагч төсөв гаргалаа гэхэд тэр өртөг нь цахилгааний тариф дээр нэмэгдэж л гарна. Тэр ачааг ард түмэн нуруундаа үүрнэ гэсэн үг. Энэ мэтээр манай улс төрийн тогтворгүй байдал, сайд нар дур мэдэн төслүүдийг зогсоодог, гацаадаг, эхлүүлдгийн үр дагавар өндөр үнээр төлөгдөх болж байгаа юм. Улсын хувьд өнөөг хүртэл шинэ цахилгаан станц байхгүйгээс манайх ОХУ-аас, БНХАУ-аас ч цахилгаан авч байгаа. Бид арчаагүйдээ Оюутолгойг цахилгаанаар хангаж чадахгүй байгаа учраас урдаас цахилгаан авдаг. ОХУ-аас өдрийн тариф буюу өндөр үнээр цахилгаан аваад шөнө илүүдэл тогоо ОХУ-д бараг үнэгүй өгчихдөг. Үүнийг гадны хүн сонсох юм бол үнэхээр солиотой нөхцөл. Өмнөх бүх жилүүдэд ч ингэж явж ирсэн.
Хэрэв тэр хоёр цахилгаан станцын төсөл хэрэгжсэн бол өдийд ажил эхлээд явж байх байлаа. Ажил эхэлнэ гэдэг нь өөрөө эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой. ТЭЦ-5 баригдаж эхэлсэн бол өдийд бид 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалттай, барилгажилт, зам засварын ажлууд, шугам хоолой тавих гээд өчнөөн олон хүн ажлын байраар хангагдана. Тэр олон компани, хүмүүсээс улс татвараа авчихна. Мөн Засгийн газар гаднаас мөнгө зээлэх ямар ч шаардлагагүй. Өр нь нэмэгдэхгүй байх боломж байсан гэсэн үг.
-Сая Ерөнхийлөгч ОХУ-д айлчиллаа. Бид зээлээс зээлийн хооронд амьдарсаар. Хуучин станцуудаа засаад сэлбээд л явах бололтой юм...
-ОХУ-аас бараг 400 сая ам.доллар зээлээд түүгээрээ хуучин станцуудаа өргөтгөнө гэж ярьж байна. Засвар хийх нь технологийн хувьд, эдийн засаг талаасаа зөв шийдвэр гэж тайлбарлах ч бодит байдал дээр 1970-аад онд баригдсан хуучирсан станцууд бидэнд байна. Гэхэл ОХУ өөрөө 50-иас дээш жил ажилласан станцыг хуучирсан, норм нь гүйцсэн, орчин үеийн технологид нийцэхгүй гэж үзээд байхад л манайх засаад явна гэж яриад байж болох уу? Хуучирсан станц эвдрэл их. Үүнээс болоод цахилгаан үйлдвэрлэлийн үнэ өртөг нэмэгдэж, үр ашиг нь буурдаг. Тиймээс цахилгааны үнэ өсөөд байна гэсэн үг.
-Яг энэ хуучин станцаа засах, өргөтгөх үйл явц дээр мөнгө угаах ажиллагаа явагддаг юм уу гэсэн хардлага олон нийтэд байдаг?
-Энийг би шууд мөнгө угаах үйл явц гэж хэлж чадахгүй. Яг хэлэлцээр нь нарийндаа яаж хийгдэж байгааг мэдэхгүй. Эдийн засгийн ерөнхий зарчмыг нь харахад улс өөр дээрээ өр авч хуучин станцуудыг заслаа гэж бодоход жил бүр эвдрэл гарна. Техникийн элэгдэл нь тулчихсан гэдгийг надаас илүү инженер техникийн ажилтнууд нь мэдэж л байгаа. Мөн өчнөөн их зээл тусламж авч өргөтгөлөө ч одоо байгаа хэрэгцээгээ хангахгүй байна. Хэрэв хангаж байсан бол бид ОХУ-аас цахилгаан импортлож яах юм бэ. Гэтэл хойшид Улаанбаатар хот тэлнэ. Шинэ Нисэх рүү хорооллууд баригдана. Гэр хороололд барилгажилт явагдана. 60 мянган айл орон сууцанд орсон, дахиад 60 мянган айлын 300, 300 мянган хүний хэрэглээ гэдэг үсрэнгүй өснө гэсэн үг. Ийм үед тог улам их хэрэгцээтэй болно. Хэрэв бид шинэ станц барихгүй л бол ОХУ-аас авч буй цахилгааны импорт улам өснө. Одоо байгаа станцуудаа өргөтгөлөө өргөтгөлөө гэхэд ирээдүйтэй ажил биш. Тиймээс ОХУ-аас зээл авах асуудлаа эргээд эдийн засаг талаасаа сайн судлаасай.
Нөгөө талаас бэлэн төслүүдийнхээ талаар хөрөнгө оруулагчидтай дахиад уулзалт хийгээсэй. Түүнээс биш мөнгө зээлээд л цахилгаан хангамжийн асуудлаа шийдчихнэ гэсэн амар шийдвэр бүү гаргаасай гэж хүсч байна. 300-400 сая долларын хүү нь хэд болох билээ. Бид түүнийг эргэж төлөх болно. Оронд нь орж ирж байгаа технологи нь орчин үеийн сайн технологи мөн үү, үгүй юу гээд бидэнд анхаарах олон асуудал байна. 50 жилийн өмнөх аппаратыг сольж өргөтгөх технологи нь хуучин байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Иймд зарчмын хувьд дараагийн шийдэл рүү гарах, өөрөөр хэлбэл бид зүгээр сууж болохгүй. Ямар нэгэн юм хийх, хичээх ёстой. Ингэхгүй л бол манай цахилгаан дулааны систем, ТЭЦ-4-ийн ач холбогдол эмзэг болсон. Эмзэг гэдэг нь эдийн засгийн утгаараа маш эрсдэлтэй. Хэзээ эвдрээд нам зогсохыг нь хэн ч мэдэхгүй, норм хэдийнээ хэтэрчихсэн.
МОНГОЛ УЛС ОХУ-ААС ЖИЛ БҮР 150 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЦАХИЛГААН ХУДАЛДАН АВДАГ
-Түүний үр дагаварыг бид хэдхэн хоногийн өмнө хүртлээ. Гэтэл уг асуудлын ард шийдлийн тухай ярих бус хариуцлагыг ийш тийш шидэлсэн нөхцөл байдалтай байгаа нь харамсалтай?
-Харамсалтай. Мэдээж салбар бүр толгойтой. Тэнд ажилладаг хүн бүр цалин аваад сууж л байгаа. Салбар хариуцсан хүмүүс ард иргэдийг тоггүй, халаалтгүй болсных нь төлөө ядаад уучлалт гуйчихаж болно оо доо. Яагаад гэвэл нэг өдөр цахилгаан өгсөнгүй гээд цахилгааны тариф өөрчлөгдөхгүй, хэрэглэгчдээс төлбөрийг нь бүтэн авч, бид ч төлдгөөрөө төлнө. Түүнчлэн өвлийн улиралд маш олон газар халаалт хүрэлцдэггүй, хүмүүс даарсаар байдаг ч түүний хохирлыг хэн ч ярьдаггүй. Тэгэхээр салбар салбар дээр л үүнийг ярих, хариуцлагын асуудлыг сөхөх, эрсдэлийг хамгаалах тогтолцоогоо сайжруулах хэрэгцээ зайлшгүй шаардлагатай. Хэзээ нэгэн цагт хуучин станц эвдрэхэд “Би мэдэхгүй, ямар ч байсан дэлбэрээгүй” гээд сууж байж болохгүй биз дээ. Тувад 2-3 жилийн өмнө өвлийн хүйтэнд хуучин станц нь эвдрээд, аврах ажиллагаа гэж нүсэр үйл явц болсон. Ийм юм бидэнд тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс эрсдэлийн тогтолцоо, эдийн засгийн тусгаар тогтнолтой асар хамаатай асуудал бол цахилгаан хангамжийн систем.
-Эгийн голын усан цахилгаан станц гэж том төсөл эхлээд явж байлаа. Гэтэл үүнийг бас л зогсоочихсон. Анзаарахад ОХУ-аас Байгаль нуурийн эко системд сөрөг нөлөө үзүүлэх гээд байна гэсэн мэдээлэл түлхүү явсан санагддаг. Хэрэв энэ станц ашиглалтад орсон бол бид цахилгааны хараат байдлаас бага ч атугай хөнгөрөх байсан уу?
-2010 онд Улсын их хурлаас усны талаарх баримтлах бодлогыг баталсан. Ус бол Монгол улсын хувьд амин чухал нөөц байх ёстой. Мөн олон улсын хуулиар тухайн улсаас гарч байгаа усны 10-20 хувийг улс өөртөө үлдээн, хэрэгцээндээ зарцуулж болно гэж үздэг.Тиймээс бид үерийн усыг тогтоон ашиглах, нөөцөнд байгаа усаа ч тодорхой хэмжээгээр дотооддоо ашиглаад хилээр гаргах эрхтэй. Усаа ашиглан бид цахилгаан станцын трубинээр дамжуулж цахилгаан гаргаж хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй. Усан цахилгаан станцуудын төслүүд хосолсон үүрэгтэй байдаг. Тэгэхээр усан цахилгаан станц бол манай эдийн засгийн хөгжлийн чухал нөөц. Тэрийгээ бий болгох хэрэгтэй. Гэтэл ОХУ өөрөө Байгаль нуур дээр 4-5 том цахилгаан станц барьчихсан, нуурын усаа маш их хэмжээгээр байнга асгадаг. Бүр Засгийн газраасаа “Тэдэн метрийн өндрөөс усыг асгаж болно” гээд хэмжээг нь заачихсан атлаа “Байгаль нуур ширгэж байгаа нь Монгол талын үйлдлээс боллоо” гэж ярьж болохгүй шүү дээ. Тэндээ асгаж байгаа нь асар их учраас гаднаас буруутан хайж, Монголыг “Та нар манайх руу оруулж байгаа усаа яг тэр хэмжээнд барина шүү” гэж загнаад, цахилгаан станц барьж болохгүй гэх нь маш утгагүй. Харамсалтай нь манайхан тэр аргументийг нь хүлээж авах гээд байх шиг.
-Тэгэхээр энэ ажилд хойд хөрш нөлөөлсөн болж таарах нь ээ?
-Эгийн гол, Шүрэнгийн голын усан цахилгаан станц аль аль нь гадаадын эх үүсвэрээс, Дэлхийн банк, нөгөөх нь урд хөршийн компаниудаас хөрөнгө оруулалт татах байсан. Гэтэл ОХУ-аас тэдэн рүү шахалт үзүүлээд, “Та нар Монголын энэ төсөл дээр ажиллаж болохгүй” гэж нөлөөлсөн. Тэр ч бүү хэл ОХУ-ын экологийн байгууллагууд гэх газрууд нь өөрсдийнхөө ажлыг ярихгүй, ганц Монголын усан цахилгаан станцын тухай л байнга дурдаад, Монгол руу өдөр бүр захидал бичиж, “Монголд жагсаал боллоо” гэсэн хуурамч зураг хүртэл цацаж байсан шүү дээ. Мэдээж хойд хөрш жилд 150 сая ам.долларын цахилгаан худалдан авч байгаа газарт энэ борлуулалтаа хойшид ч хийсээр байхыг хүсэх нь ойлгомжтой.
Мөн “Танайх цахилгаан станц барих шаардлагагүй. Бид та нарыг бүр хямдхан цахилгаанаар хангаад өгье” гэдэг санал өгч байгаа. Энэ маягаар бол манай тал ОХУ-аас улам л эдийн засгийн хараат болно уу гэхээс биш асуудлаа шийдэхгүй. Бид яваандаа өөрсдийн нүүрсний, усны нөөцөөс цахилгаан үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадагшаа экспортлох зорилт тавихаас бус өөр улсаас улам ихээр худалдаж аваад байж болох уу?!
Саяхан эрчим хүчний сайд Оюутолгойтой хийсэн өмнөх хэлэлцээрүүд нь бараг хүчингүй, Оюутолгой өөрөө цахилгаан станц барьсан нь дээр гэх шиг боллоо. Үнэн хэрэг дээрээ Оюутолгой өөртөө цахилгаан станц барих нь дээр үү, аль нэг монгол компани цахилгаанаар хангаад явах нь дээр үү гэдэг дээр зарчмын хувьд ялгаагүй боловч л ямар ч байсан бид дотоодоо цахилгаан үйлдвэрлэх ёстой. Одоо хэлэлцээр яаж явж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ өмнө нь яригдаж байсанчлан Тавантолгой дээр цахилгаан станц бариад тэндээс Оюутолгойг хангана гэдэг нь минийхээр бол логикийн хувьд хамгийн зөв.
САЛБАРУУДЫГ ЗАНГИДАХ ТАЛААСАА МАНАЙ УЛС ХЯМРАЛЫН БАЙДАЛ РУУ ОРЖ ЭХЭЛСЭН
-Нар, салхи, усан цахилгаан станц Монголд чухал юм уу. Эсвэл бид нүүрстэй юм чинь гээд нүүрсээ шатаагаад байя гэж үзэх нь зөв үү?
-Тогтвортой хөгжлийн бодлогод “2030 он хүртэл нийт цахилгаан үйлдвэрдлэлийн 30 хувийг байгальд ээлтэй нөхөн сэргээгдэх эрчим хүчээр хангана” гэсэн зорилт тусгагдсан. Үүний хүрээнд бид нар, салхины хэд хэдэн цахилгаан станцыг байгуулсан, саяхан гэхэд Замын-Үүдийнх ашиглалтад орлоо. Гэхдээ тэд дулаан гаргахгүй, бас өндөр үнэтэй. Учир нь сэргээгдэх эрчим хүчийг байгальд ээлтэй эко технологи учраас үнийн хувьд дэмжихээр болсон. Гэхдээ өндөр өртөгтэй цахилгаанаар нийтийн хэрэгцээг хангаж чадахгүй. Иймд манайд нүүрсний эрчим хүчээс л хамгийн хямд цахилгаан гарна. Ашиглахдаа ТЭЦ-5 шиг том станц барих, нөгөө нь Ерөнхийлөгчийн ярьдаг гадагшаа цахилгаан гаргах том төслүүдээ явуулах нь чухал.
-Бидний ярианд засаг солигдох бүрт аливаа бүтээн байгуулалтын төсөл гацаанд ордог тухай нэлээд дурдагдлаа. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд тавиад аль нам байхаас үл хамааран ажлуудаа урагшлуудаг баймаар байна. Үүнийг манай “томчууд” яаж үздэг юм бол?
-Энэ бол тогтолцоотой холбоотой маш том асуулт. Би улс төр судлаач биш учраас тэр талаас нь тайлбарлах хэцүү. Гэхдээ манайд аль нэг нам засгийн эрхэнд гарахаараа сайд нарын дунд салбаруудаа хуваарилдаг. Манай тогтолцоогоор тухайн салбарыг хариуцсан сайд нь шийдвэр гаргадаг, хамгийн дээд цэг нь болчихож. Хүмүүс Ерөнхий сайд шийдвэр гаргадаг л гэж боддог, угтаа бол тийм биш. Ерөнхий сайд зохицуулалт хийдэг, менежер маягийн ажилтай хүн. Болохгүй бол заримыг нь гуйна, заримыг нь үүрэгдэнэ, заримдаа загнана. Тиймээс манайд сайн Ерөнхий сайд хэн бэ гэдгийг ямар ч л байсан ажлыг явуулдаг хүн. Сул ерөнхий сайд хэн бэ гэвэл салбарын сайд нараа захирч чадахгүй хүн гэж хардаг болсон. 2000 оны үед бид хүчтэй Ерөнхий сайдуудтай байж. Харин 2012 оноос хойшхи нөхцөл байдлыг харахаар холимог, эвслийн засгийн газартай, Ерөнхий сайд нь нэг намынх, нөгөө сайд нь өөр намынх байх жишээтэй. Тэгэхээр захирах ямар ч боломж байхгүй. Бараг л салбарын сайд нь Ерөнхий сайдынхаа ажлыг нураачихвал намын талаас нь дотроо зөв ч юм ханддаг байх жишээтэй. Тэгэхээр салбаруудыг зангидах талаасаа манай улс ерөнхийдөө хямралын байдал руу орж эхэлсэн. Ажлууд нь зогссон гэж би хэлэхгүй л дээ. Гэхдээ энэ тогтолцооноос болж аливаа ажлыг цогцоор нь харахад маш хэцүү болж байна.
-Томоохон хөрөнгө оруулалтын чуулганууд ар араасаа зохион байгуулагдлаа. Хөрөнгө оруулагчид манай улсаас хууль эрх зүйн тогтвортой орчин, татварын таатай нөхцөл зэргийг л хүлээдэг бололтой. Танд юу анзаарагддаг вэ?
-Энэ жилийнхэд би оролцоогүй. Хөрөнгө оруулагчдын дурдаад байгаа хууль эрх зүйн орчин, татварын таатай нөхцөл зэрэг асуудлууд зөвхөн энэ жил ярьж байгаа шинэ сэдэв биш. Манайд явж явж аливаа хөрөнгө оруулалтын ажил салбарын сайд дээр л очдог. Тэр нь солигдохоор өмнөх хүний амласан амлалт, бодлогын баримт бичиг, судалгаа шинжилгээ, ТЭЗҮ бүх юм хэрэггүй мэт болчихдог. Би хөрөнгө оруулагч, хөрөнгөө гаргаад судалгаа хийн, төсөл хэрэгжихэд бэлэн болоод байтал нөгөө сайд яваад, оронд нь өөр сайд гарчихсан, наад асуудлыг чинь би мэдэхгүй шүү, надад хамаагүй гээд сууж байвал миний зарсан 1 сая ам.долларыг хэн гаргаж өгөх юм бэ. Энэ мэтээс жишээлэн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн талаар сүүлийн хэдэн жил нэлээд бодлоо. Зөвхөн нэг засгийн газар гэлтгүй олон засгийн газар том төслүүдийг хэрэгжүүлж чадахгүйгээр буулаа. Ганц эрчим хүчний салбар биш шүү. Маш олон салбарт ийм асуудал үүссэн. Юунаас болоод байна вэ гэхээр бодлого төлөвлөлтөөс байж болох юм. Буруу төлөвлөлт хийсэн энэ тэр асуудал байж магад. Гэсэн ч эцсийн бүлэгтээ салбарын эрх мэдлийг нэг сайд дээр төвлөрүүлдэг нь л буруу юм шиг байна. Өөрөөр хэлбэл улс орны хувьд маш чухал бүтээн байгуулалтын асуудлыг ганц хүний эрх мэдэлд өгөөд, чи шийд гэдэг буруу. Тэр хүн нэгдүгээрт мэргэжлийн бус байж болно, хоёрдугаарт, ашиг сонирхолын зөрчилтэй байж болно. Гуравдугаарт, шал өөр зорилготой ч байж мэднэ шүү дээ. Тэгвэл шалгуурыг хэрхэн тавих вэ? Тиймээс явж явж манай улс парламентын засаглалтай улс учраас том төслүүдийг ямар ч салбараас үл хамааран Улсын их хурал баталдаг байвал зүгээр юм. Оюутолгой дээр сайн муу гэрээ байгуулсан гэдгээс үл хамааран ерөөсөө энэ төслийн гэрээ байгуулагдаад явж чадсаны нууц нь гэрээг нь УИХ баталсанд байгаа. Манай талаас төсөл дээр нэг салбарын бус гурван салбарын хүн зэрэг сууж ажилласан. Тэгэхэээр нэг хүнээс эрх мэдлийг салгаж Их хуралд төвлөрүүлэх нь дээр байж магадгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: livetv.mn
Сэтгэгдэл (2)