Согтууруулах ундаа таныг коронавирусийн халдвараас хамгаалахгүй. Харин ч дархлааг сулруулж халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг НЭМҮТ-өөс анхааруулж байна.
Түүнчлэн архи, согтууруулах ундааны хэрэглээнд жилд нэг иргэн 364,000-10,400,000 төгрөгийг зарцуулдаг судалгааны дүн гарчээ.
Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж хэрэглээг сараар, нийтлэг савлагааны хэмжээгээр тооцвол, 2018 онд насанд хүрсэн нэг хүн сард дунджаар архи 2 шил (0.5лтэй), шар айраг 6 лааз (0.5л-тэй), харин 100 мл дарс хэрэглэжээ. Энэ нь 2008 оноос 1 шил архи, 3 лааз шар айргаар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Согтууруулах ундааны төрлөөр авч үзвэл, сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ 2 дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн бол дарсны хэрэглээ 6 хувиар буурсан болохыг ҮСХ-ноос 2019 онд гаргасан судалгаанд дурдсан байдаг.