Монгол улсад коронавирусийн шинэ хувилбар Омикроны тохиолдол бүртгэгдээд буй. Омикрон хувилбар нь дельта хувилбарыг бодвол хүндрэл багатай ч халдварлах чадвар өндөр байгаа юм.
Тэгвэл ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл Омикрон хувилбарын талаар ийн бичжээ.
Тэрээр "Омикроныг хөнгөн гэж хуумгай бодож болохгүй. Тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богинохон 2-2,5 өдөр, яг л хүндхэн ханиад хүрсэн юм шиг шинж илэрнэ. Урьд нь Ковид -19 -оор өвдсөн хүн дахин өвдөнө. Бага насны хүүхдэд ларингит өгч хүндрэх эрсдэлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд ер нь хэн хэнгүй л хатгаагаар амархан хүндэрнэ. Одоо бол томуу гэхээсээ илүү Омикрон л байгаа. Амны хаалтаа тогтмол зүүх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, хүн хоорондын зайгаа сайтар баримтлах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, хоорондоо зайнаас харилцах нь их чухал болоод байна. Цагаан сараа өнжвөл яасан юм бэ" гэжээ.