Өмнөд Солонгос улсын дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг доод ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш хүлж байгаад зодсон ноцтой хэрэг гарсан талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Тэгвэл Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар дараах мэдээллийг өглөө.
"БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн оройн 20:00 цагаас эхлэн гарсан Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан нэр бүхий дунд сургуулийн нэгдүгээр анги буюу манай улсын боловсролын системээр бол долдугаар ангийн сурагчийг сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.
БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08:00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав.
Үүнд:
Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021 оны долдугаар сарын 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан ба түүний хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр хоёр хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна.
Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийнхний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм" гэсэн байна.