Энэ жил Үндэсний их баяр наадмаар улс даяар ес хоног амарна.
Үүнтэй холбоотойгоор аялал, зугаалга, амралтын өдрийн эрүүл мэндийн зөвлөмжийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өглөө.
Тэрбээр “Юун түрүүнд, халдварын өндөр эрсдэлтэй энэ үед иргэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай.
Аялж зугаалахдаа:
- Хоол хүнсний баталгаат байдлыг анхаарах,
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Суудлын бүсээ байнга зүүх,
- Үер усны аюул болон наршилтаас сэргийлэх нь хамгийн чухал.
Автомашины хурдыг нэг километр цагаар бууруулахад осол гарах эрсдэл 4-5 хувиар буурдаг тул хурдаа тохируулан зорчих шаардлагатайг сануулж байна.
Мөн гол усны ойролцоо амрахдаа бага насны хүүхдээ байнга хараа хяналттай байлгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. Учир нь сэлж чаддаггүй хүн болон хүүхэд усанд ердөө 20-60 секундийн дотор живдэг гэдгийг анхаарахыг хүсье.
Түүнээс гадна, наадмын гурав дахь өдрөөс эхлэн хоолны хордлогын дуудлага зэргээс болж эрүүл мэндийн ажилтнуудын ачаалал их үүсдэг. Тиймээс хоол хүнс, согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг анхааруулъя.
Ялангуяа хорхог идсэний дараа газтай ундаа ууж болохгүйг сануулж байна. Мөн өндөгтэй болон майонезтой хоолыг халуун наранд байлгах нь хордлого үүсэх шалтгаан болдог.
Түүнчлэн хэт халалтын улмаас наршиж болзошгүй эрсдэлийг тооцож, аль болох шингэн зүйл сайн ууж, сүүдэр газар байх, малгай өмсөхийг зөвлөж байна. Мөн аялж зугаалах явцдаа галын аюулаас сэргийлэх шаардлагатай” хэмээн хэллээ.