x

Л.Мөнхбаатар: ТҮЦ машин завсрын шийдэл байсан

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулганаар бүртгэлийн багц хуулийг баталлаа. Уг хуулийг дагаад өмнөх Засгийн газрын үед хийгдсэн хамгийн дэвшилттэй ажлын нэг гэж үзэж байсан ТҮЦ машинуудыг хураахаар боллоо гэдэг яриа гарч байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Үүнийг ярихын тулд, ТҮЦ машинаас өмнө юу болсон талаар товч мэдээлэл өгөх нь зөв байх. 2008-2012 онд буюу намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед улсын бүртгэлийн шинэчлэл хийж, бүртгэлийн мэдээллийн цахим санг бүрдүүлсэн. Ингэснээр ТҮЦ машин гэх мэт технологийн шийдлийг ашиглах боломжтой болсон юм. ТҮЦ машин цахим үйлчилгээний нэг төрөл боловч, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, цахимжуулах асуудлыг бүрэн шийдэж чадахгүй.

Учир ТҮЦ-ээс иргэн биечлэн очиж шаардлагатай мэдээлэл аваад, өөрийн үйлчилгээ авах газраа аваачиж өгнө, нөгөө мэдээллийн үнэн зөвд тухайлбал, хувийн байгууллагууд, банк итгэж, үйлчилгээндээ ашиглахгүй тохиолдол байна. Түүнчлэн ТҮЦ машинд байгаа мэдээллүүд уг мэдээллүүдийг оруулж байгаа байгууллага тус бүрийн мэдээллийн сантай байнга холбоотой байх, ТҮЦ машин бүрийн интернетийн сүлжээ, цахилгаан болон техникийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалж байдаг.

Өөрөөр хэлбэл, ТҮЦ машин бол завсрын шийдэл бөгөөд бидний үндсэн зорилгыг хангаж чадахгүй байгаа. Иймд бид “Хур” төрийн мэдээллийн нэгдсэн сангийн системээс төрийн байгууллагууд болон иргэд ихээр үйлчлүүлдэг банк, үүрэн утасны оператор гэх мэт, хувийн хэвшлийн компаниуд бүртгэлийн мэдээллийг хуульд заасан нөхцөлийг дагуу авах боломжийг бүрдүүлсэн учраас ТҮЦ машины хэрэглээ байхгүй болсон.

-Тэгвэл улсын бүртгэлийн багц хуулиудыг шинэчлэн баталснаар өмнөх хуулиудаасаа юугаараа илүү ач холбогдолтой болж байгаа юм бэ?

-Төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийт үйлчилгээний 70 орчим хувь нь улсын бүртгэлийн үйлчилгээ байдаг. Тэгэхээр төрийн үйлчилгээг иргэдэд аль болох боломжоороо хялбар хүргэх шинэ шийдлүүдийг хуульд тусгах замаар улсын бүртгэлийн хуулиудыг шинэчилж байх нь зөв. Энэ удаагийн хуулийн өөрчлөлт ч мөн үүнд хамаарна.

Эдгээр хууль батлагдсаны гол ач холбогдлыг ерөнхий агуулгаар нь хэлбэл, нэгдүгээрт, улсын бүртгэлийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдийн хувьд төдийгүй бүртгэлийн байгууллагын хувьд хөнгөвчилж байгаа. Хоёрдугаарт, төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд ч улсын бүртгэлийн мэдээллийг иргэнээс аль болох шаардахгүй байх боломжийг бүрдүүлэхийг зорьсон. Гуравдугаарт, төрийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж, хурдыг нэмэгдүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлдээ дэвшил гарна гэж үзэж байгаа. Дөрөвдүгээрт, бүртгэлийг цахим хэлбэрээр хийх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн.
 
-Улсын бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа гэж хэллээ. Тухайлбал, яаж хөнгөвчилж байгаа вэ?

-Үүнийг улсын бүртгэл тус бүрээр яривал илүү ойлгомжтой болно. Тухайлбал, иргэний бүртгэлийн хувьд дараах өөрчлөлтүүд орж байгаа. Иргэний 13 төрлийн бүртгэлээс есөн бүртгэлийг харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгалаа. Тухайлбал, Хөвсгөл аймгаас Улаанбаатарт сурч байгаа оюутан иргэний үнэмлэхээ гээгээд дахин авах бол Хөвсгөл аймагт очиж, үнэмлэх дахин авах хүсэлтээ биечлэн гаргах бөгөөд Хөвсгөл аймгийн улсын бүртгэгч иргэний үнэмлэхийг дахин олгуулах захиалгыг Улаанбаатар уруу явуулна, Улаанбаатарт үнэмлэхийг хэвлэн тодорхой хугацааны дараа Хөвсгөл аймаг руу явуулах бөгөөд тэр хооронд хотод буцаж ирсэн оюутан эргээд Хөвсгөл рүү буцан очиж иргэний үнэмлэхээ авдаг зохицуулалт байсан.

Үүнийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй бүртгэхээр буюу иргэний үнэмлэхийн болон бусад найман төрлийн бүртгэлийн үйлчилгээг зөвхөн өөрийн харьяалагдах засаг захиргааны нэгжээс биш өөрийн байгаа газрын бүртгэлийн байгууллагаас авах боломжтой болсон. Мөн бүртгэлийн зургаан төрлийн гэрчилгээ өгдөг байсныг гурав болгож багасгасан. Тухайлбал, гэрлэлт цуцалсны гэрчилгээ иргэнд өгөх шаардлагагүй, улсын бүртгэлд бүртгээд, иргэн шаардлагатай бол лавлагаа авах боломжтой гэж үзсэн.

Дараагийн нэг асуудал бол, насанд хүрсэн иргэний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг нэг болон таван жилээр олгож, паспортын хуудас нь ижил байхад хүчинтэй хугацаанаас шалтгаалан ялгаатай үнэ тогтоож, сунгалт хийж байсныг өөрчилж, 10 жилийн хугацаагаар, сунгалтгүй олгохоор болсон. Харин паспортын хуудасны тоог нэмэгдүүлэх, сонголттой байх ёстой бөгөөд үүнийг Засгийн газар паспортын загварыг батлахдаа анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн иргэн өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очиход нь ч бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээлэл буюу иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ гэх мэт баримт бичгийг шаарддаг байсныг иргэнийг өөрөө мөн гэдгийг хурууны хээгээр таних боломжтой тохиолдолд улсын бүртгэгч өөрт байгаа есөн төрлийн мэдээллийг шаардахгүй байхаар зохицуулсан. Гэх мэтчилэн иргэний бүртгэлийн төрөл бүрээр нарийвчлан яривал, иргэнд хялбарчлах төрлийн зохицуулалтууд туссан. 

-Бүртгэлийн үйлчилгээг цахимаар авдаг болох талаар ямар үйл ажиллагаа хийгдэж байна вэ?

-Бүртгэлийн цахим үйлчилгээг явуулах эрх зүйн үндсийг хуульд тусгасан. Одоо бүртгэлийн үндсэн үйл ажиллагаа цаасан суурьтай явагдаж байгаа. Хууль хүчин төгөлдөр болсноор улсын бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр хийнэ. Ингэснээр эхний ээлжинд зарим бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байгаа. Гэхдээ цахим бүртгэлийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний зохион байгуулалтын ажлууд болон хөрөнгө оруулалтын арга хэмжээ шаардлагатай.

Нэгдүгээрт, өмнө хийгдсэн улсын бүртгэлийн бүх мэдээллийг цахим хэлбэрт бүрэн оруулах шаардлагатай. Одоогийн байдлаар ойролцоогоор иргэний болон эд хөрөнгийнх 100 хувь, хуулийн этгээдийнх 66 хувь мэдээлэл цахим хэлбэрт орсон.

Хоёрдугаарт, улсын бүртгэлийг анхан шатандаа Монгол Улсын бүх сумд, хороо, цаашлаад, аймаг, нийслэл, дүүрэг болон Ерөнхий газартаа хийдэг. Тэгэхээр улсын бүртгэл хийгдэж байгаа нэгж бүр интернетэд холбогдсон байх шаардлагатай. Одоотойн байдлаар 330 сумаас 28 сум өндөр хурдны шилэн кабельд холбогдоогүй. Энэ жилдээ 4-5 сум шинээр холбоно. Гуравдугаарт, интернетэд холбогдсон бүртгэлийн нэгжүүд нь улсын бүртгэлийн мэдээллийн системд нэвтрэх техникийн нөхцөлийг хангах ёстой. 

Ийм гурван нөхцөл бүртгэлийн нэгж бүрд хангагдсанаар хуульд заасан хүрээнд цахим бүртгэл хийх асуудал бүрэн утгаар хэрэгжих боломжтой болно. Иймд төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдөл хамгаалах, цахим засгийг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй асуудлыг судлан, шийдвэрлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. 

-“Хур” системээр улсын бүртгэлийн мэдээллийг авах боломжтой талаар дурдсан. Ямар байгууллага, яаж энэ мэдээллийг авах вэ?

-Энэ бол төрийн цахим мэдээллийн нэгдсэн систем бөгөөд уг системд 40 гаруй байгууллага мэдээлэл оруулах ёстойгоос одоогийн байдлаар 27 байгууллага мэдээллээ байршуулсан байна. Улсын бүртгэлийн байгууллага нь энэ системийн нэг мэдээлэл нийлүүлэгч бөгөөд бүртгэлийн мэдээлэл мэдээллийн нэгдсэн системд байршсан.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нээлттэй, хаалттай, иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр авч болох, хязгаартайгаар нотариатчаар дамжуулан авч болох улсын бүртгэлийн мэдээллийн төрлийг нарийвчлан зааж өгсөн. Энэ хуулийн хүрээнд мэдээлэл “Хур” системд орсон байх ёстой. Одоогийн байдлаар туршилтын журмаар зарим банк, үүрэн утасны операторууд “Хур” системд хандан бүртгэлийн мэдээлэл авч, үйлчилгээндээ ашиглаж байгаа. Цаашдаа улам өргөжүүлнэ.

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар ямар дэвшилтэт асуудал хуульд тусгагдсан бэ?

-Мэдээж бүртгэлийн үйлчилгээг хөнгөвчлөх асуудал тусгагдсан. Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага газрын харилцааны байгууллагатай дундын мэдээллийн сан үүсгэх замаар хоорондоо мэдээлэл солилцох, ингэснээр иргэд хоёр төрийн байгууллагад давхар бүртгүүлэхгүй болно. Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглах эрхийн мэдээллийг нээлттэй болгож байгаа.

Дараагийн нэг том, зарчмын шинжтэй, дэвшилтэт асуудал бол төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд шинээр тусгасан. Ингэснээр төрийн өмчийн асуудлыг илүү тодорхой, ил тод болгох боломжтой.

-Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоог хэвтээ болгох эсэх талаар УИХ санал хурааж, шийдвэрлэсэн. Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа энэ асуудлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоог хэвтээ болгох буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн даргыг Засаг дарга томилдог болох, эдгээр дарга нь бүртгэгч нараа томилдог байх агуулгатай хуулийн төсөл хэлэлцэгдсэн. Үнэхээр бодит байдал дээр, сумын хувьд суманд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй эмнэлэг, сургуулийн барилгаас эхлээд бусад өмч хөрөнгө нь аймгийн тайлан балансад бүртгэлтэй, ажиллаж байгаа багш, эмч ажилтнууд нь төрийн албанд хамаардаг, төсөв мөнгө нь салбарын сайдын багцад байдаг. Сумын удирдлагын мэдэлд иргэд нь л үлдсэн байна.

Ийм эрх мэдэлтэй сумын удирдлага юу шийдэж, иргэдийнхээ ашиг сонирхлыг яаж хамгаалах нь ойлгомжтой. Иймээс орон нутагт, ялангуяа суманд тодорхой төсөв хөрөнгө, удирдлагад нь ядаж сумандаа ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг томилох бүрэн эрх нь байх ёстой гэж үздэг. Гэхдээ улсын бүртгэлийн байгууллага бол үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага бөгөөд нэгдсэн удирдлага, тогтолцоотойгоор улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн байр сууриа нэгдсэн хуралдаанд илэрхийлсэн. УИХ ч улсын бүртгэлийг байгууллагыг босоо тогтолцоо байлгах шийдвэр гаргасан.

-Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын болон хөрөнгө оруулалтын, түүнчлэн хууль эрх зүйн хүрээний зэрэг олон ажлууд хийгдэх ёстой юм байна гэж ойлголоо. Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

 -Үнэхээр олон ажлууд шаардлагатай байгаа. Гэхдээ үүнийг удаашруулж болохгүй, Улсын бүртгэлийн багц хуулиуд энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэ хооронд одоогийн дүрэм, журмуудаа хуульд нийцүүлэн өөрчлөн батлах, зарим зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах, боломжтой техникийн шийдлүүдийг хийх зэрэг ажлуудаа дуусгах байх.

Мэдээжийн хэрэг хууль батлагдаад л шууд бүх асуудал нэг доор шийдэгдэх боломжгүй. Нөгөөтээгүүр хуулиас үл хамаарах зарим зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна. Тухайлбал, одоо иргэний цахим үнэмлэх хэвлэж байгаа өндөр хүчин чадалтай, нарийвчлал сайтай хоёр машин байдаг. Нэг машин нь цагт 1,000-1,500 үнэмлэх буюу карт хэвлэх хүчин чадалтай. Жилд дунджаар 40,000 иргэний цахим үнэмлэх хэвлэгдлээ гэж үзэхэд нэг л хэвлэлийн машиныг бид долоон хувь л ашиглаж, 93 хувь нь ашиглахгүй алдаж байна.

Гэтэл жилд гадаад иргэний цахим карт, жолооны үнэмлэх зэрэг төрөөс олгодог картууд хэдэн мянгаараа хэвлэгдэж байна. Түүнчлэн нийт 170 гаруй мянган төрийн албан хаагчийн ажлын үнэмлэх нэгдсэн загвар, стандартгүйгээс байгууллага бүр дур дураараа л загвар, дизайнаа гаргаж, янз бүрийн газраар л хийлгэж байна Эдгээрийг бүгдийг нь одоо бидэнд байгаа хэвлэлийн машинаараа хэвлэвэл илүү эдийн засгийн үр ашигтай, нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдлыг илүү хангах боломжтой болно.

Нөгөөтээгүүр төрийн албан хаагчийн тооны хувьд нийгмийн даатгалын, статистикийн, төрийн албаны зөвлөлийн гээд салбар бүрээр л бараг тоо бүртгэл нь зөрдөг бөгөөд нэг эх үүсвэртэй карттай болсноор төрийн албан хаагчдын  нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх, хяналт тавихад илүү хялбар болно гэж үзэж байгаа.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 54 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 16 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 57 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 7 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 14 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 43 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 55 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 9 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 16 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 22 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 43 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 45 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top