Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Сангийн сайд, Уул уурхайн сайд, УИХ-ын дарга хүртэл Тавантолгой хөдөлж эхэллээ гэдэг мэдэгдэл хийж, сошиалаар нэлээд шуугисан. 2010 онд Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдуулж авах арга хэмжээг тогтоон УИХ-аас бас 39 дүгээр тогтоол гаргаж, М.Энхсайхан тухайн үед Тавантолгойн хөдөлгөх хувилбар боловсруулж, УИХ-д оруулж ирээд дэмжигдээгүй, зогссон. Саяын баталсан тогтоол өмнөх 39 дүгээр тогтоолоосоо юугаар ялгаатай болов?
-Агуулга нь бол зарчмын хувьд бараг хэвээрээ. 2010 онд УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эхний ээлжинд хувьцааны 10 хувийг нийт иргэддээ адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй, 10 хувийг нь бүртгэлтэй, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, гэхдээ нэг бүрийг нь 933 төгрөг буюу нэрлэсэн үнээр нь худалдах ажиллагааг хэрэгжүүлсэн. Иргэд эзэмшсэн нь ч зарим нь Хүний хөгжил сангийн хүрээнд авах мөнгөндөө суутган тооцсон, аж ахуй нэгжүүд төрд буцааж өгсөн. 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос ажлын хэсэг гарч энэ бүхний тооцоог цэгцэлсэн.
Хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахыг Засгийн газарт тухайн үед үүрэг болгосон байдаг ч 2012 оны хоёрдугаар сард УИХ 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, иргэдэд эзэмшүүлэхийг 20 хүртэл, аж ахуйн нэгжийнхийг 10 хүртэл болгож, биржээр арилжаалах хэмжээг 20 хүртэл гэж бууруулсан.
Өнгөрсөн долоо хоногт баталсан шинэ тогтоолоор дотоод, гадаадын биржээр арилжаалах хувийг 20 хүртэл байсныг 30 хүртэл болгож, эдгээр хувьцааг бирж дээр нээлттэй арилжаалах (IPO) чиглэл өгөв.
Тээвэр, борлуулалттай холбоотой дэд бүтцийг бий болгох ажлуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой консорцийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хийлгүүлэх даалгаврын дагуу М.Энхсайхан 'Эрдэнэс Тавантолгой'-г ашиглах хувилбар боловсруулсан ч УИХ-ын дэмжлэг авч чадаагүй, зогсонги байдалд орсон. Одоо Д.Сумьяабазар сайд “хөдөлгөж” чадах эсэх нь нэгдүгээрт IPO хэр амжилттай болохоос хамаарна. IPO амжилттай болж, шаардлагатай хөрөнгийг босгож чадвал дараа дараагийн бүтээн байгуулалтын ажлууд эхлэх боломжтой бүрдэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, хувьцааны үнэлгээ, хэрэгжүүлэх төслийн үр шим, бусад нөхцөлийн талаар түүний танилцуулах эцсийн хувилбарыг МАН- ын 32, 32 бүлэг нэгдмэл байдлаар дэмжиж, УИХ зөвшөөрөх эсэхээс хамаарна гэж харж байна.
-Иргэд, аж ахуйн нэгжүүдийн 1072 тэгэхээр яах вэ? Давуу эрхийн нэг ширхэг хувьцаа бас байгаа?
-Өнөөдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж хувьцааны 14.06 хувийг эзэмшиж байгаа хэдий ч УИХ-ын 57 дугаар тогтоол болон Засгийн газрын шийдвэрээр хувьцаагаа өөр хоорондоо арилжаалж, шилжүүлэхийг хориглосон тул хоёрдогч арилжаанд орох боломжгүй байгаа. Нэг ч удаа ногдол ашиг хуваарилагдаагүй шүү дээ. IPO-ноос дотоодын бирж дээр арилжаалагдах хувьцааг иргэд нэмж худалдаж авах нь нээлттэй. Компани нээлттэй ХК болж, СЗХ-нд бүртгүүлснээр өмнөх 1072 ч мөн хоёрдогч арилжаанд орох эрх зүйн үндэс нээгдэнэ. Энэ талаас иргэд хувьцааг нэмж худалдан авч, илүү үр шим хүртэл боломжтой болж байгаа мэт боловч нөгөө талаас иргэдийн ашиг өгөөж хүртэх эрх хуулиар баталгаажихгүй бол иргэд богино хугацаанд зарах сонирхолд хөтлөгдөж, хувьцаа хэдхэн эзэмшигч дээр төвлөрөх эрсдэл өндөр байгааг бодолцох хэрэгтэй. Практик дээр манай бирж дээр арилжаалагдаж байх ёстой бүртгэлтэй нийт хувьцааны нэг хүрэхгүй хувийг иргэд эзэмшдэг. Иймээс энэ байдлыг харгалзан иргэдэд толгой компани болох 'Эрдэнэс Монгол' ХХК-ийн энгийн хувьцааны хяналтын багцаас доошгүй хэсгийг эзэмшүүлж болох эсэхийг судлах чиглэлийг Засгийн газарт хүргүүлье гэж бодсон.
-Хувьцааны ногдол ашиг өгөх гэдэг хүний хөгжлийн сангаас шууд мөнгө тарааж өгөхөөс ямар ялгаатай юм, иргэд тарааж авахгүй, дэд бүтцээ барья гэж байхад танайхан 'Эрдэнэс Тавантолгой' төдийгүй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн энгийн хувьцааны 34-өөс доошгүйг иргэдэд нэмж эзэмшүүлье гээд байгааг популимз гэж шүүмжлэх хүмүүс байна?
-34 гэдэг хяналтын багцаас доошгүй хувь гэсэн үг. Ирээдүйн өв сан бол татварын дараах ашгаас бус роялти буюу хуулиар заасан хувь хэмжээгээр борлуулалтын орлогоос нь төлж байгаа АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Энэ мөнгө Хүний хөгжлийн санг бүрдүүлж байсан, одоо ч Ирээдүйн өв санг бүрдүүлэх хуулийн заалттай. 2010, 2011 онд 'Хүний хөгжлийн сан'-гаас сонгуулийн амлалт нэг их наяд гаруй мөнгийг тарааснаас сан бүрдэж чадаагүй, одоо хүртэл төсөвт өртэй, сангийн олох ёстой орлогоос суутгагдаж явдаг. Хувьцааны ногдол ашиг бол жилийн эцэст компани ашигтай ажилласан тохиолдолд цэвэр ашгаас эзэмшиж байгаа хувьцаанд нь ногдох хэмжээгээр тооцож, хуваарилагдах мөнгөн хөрөнгө.
-'Эрдэнэс Тавантолгой'-г нээлттэй ХК болгох цаг хугацаа мөн үү?
-Бэлтгэл ажлын явцад хийх судалгаа тооцоолол, дагалдаж хийгдэх олон ажлын үр дүн үүнд хариулт өгнө. АН-ын хувьд одоогийн зах зээлийн таатай байдал нь нүүрсний олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх шалтаг шалтгаан мөн хэдий ч нэмэгдүүлэхийн тулд барих төмөр зам, баяжуулах үйлдвэр, бусад дэд бүтцэд хэрэгтэй хөрөнгийг заавал IPO хийж биш, өөр хэлбэрээр олох боломж байна гэж үздэг. Тодорхой хугацаанд хаалттай хэвээр нь байлгаж, энэ хугацаанд компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, засаглал, санхүүгийн ил тод, хараат бус болгож, жижиг хувьцаа эзэмшигчдийн хяналт, оролцоог бий болгож, улс төр, найз нөхөд, бүлэг этгээдийн шахаас, дарамтыг байхгүй болгох зэрэг олон ажлыг эхлээд хийвэл хувьцаа үнэ цэнээ алдахгүй гэж боддог. Энэ концепцид суурилж, Ерөнхийлөгч хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн байсан. Гэвч Засгийн газар шууд нээлттэй зах руу гарах саналыг оруулснаар УИХ шийдвэрээ гаргалаа.
- УИХ-ын 39 дүгээр тогтоол дээр “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн талаар ямар заалт байсныг сая байхгүй болгочихов. Чуулганы үеэр уг заалтыг авч үлдэх гэж багагүй зүтгэсэн ч олонх эцсийн мөчид хүч түрээд унгачихсан. Та энэ талаар тайлбарлаж өгөөч?
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн заалтыг тогтоолоос хассан.
“Эрдэнэс Монгол” ХХК нь 'Эрдэнэс Тавантолгой' ХК-ийн толгой компаниас гадна Монгол Улсын иргэн бүр нь давуу эрхийн нэг ширхэг хувьцааг нь эзэмших УИХ-ын тогтоолтой. Одоогоор давуу эрхийн хувьцааг бүртгээгүй, иргэд үр шимийг нь хүртээгүй байгаа нь энэ компанийн үйл ажиллагаанаас хамааралтай. Нэг үгээр ямар ч үнэ цэнэгүй цаасан компани болчихоод байгаа. Охин компаниудынаа төрийн мэдлийн хувьцааг өөр дээрээ бүртгэдэг хэдий ч орд, нөөцийг нь үнэлж, баланс тайландаа тусгадаггүй, Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн авто замыг ашиглалтыг хариуцдаг жижигхэн зам арчилгааны компани болсон. Монголын Самрук-Казына буюу Темасек загварын хөрөнгө удирдлагын мэргэшсэн компани болж хөгжих шаардлага тавигдаж байна. Баялгийн удирдлагыг цэгтэй, бодлоготой удирдах мэргэжлийн институт болгох зорилгоор тусгай хуулиар зохицуулж, чиг үүргийг нь зааж өгөх хэрэгтэй байна.
-Таны зарчмын энэ саналыг олонхийн бүлэг дэмжээгүй?
-Тэглээ. Стратегийн 16 орд “Эрдэнэс Монгол” компанийн охин компани. Манай нэгдмэл бодлого байхгүй тул энэ компаниуд өөр өөрийн хэмжээнд л ажилладаг. Босгож байгаа хөрөнгө нь ихэвчлэн банкны зээл. Ихэнх нь төрд байгаа атлаа засаглал муу, алдагдал, өр зээл ихтэй. Гэтэл Казахстан улсын Үндэсний баялгийн сан байна. Казахстаны аж үйлдвэрийн болон санхүүгийн салбарын 404 гаруй хараат, охин компаниудыг нэг дээвэр дор нэгтгэж, манайхаар “Эрдэнэс Монгол” компани шиг “Самрук-Казына” гэдэг том компани байгуулж, үүгээр дамжуулан компаниудыг үнэ цэнэтэй, ашигтай томоохон компаниуд болоход нь дэмжиж ирснээр үндэсний баялгийн санд хуримтлуулах орлогыг эрх нэмэгдүүлж ажилладаг олон туршлага байна. Шинэ зарчмаар хуулиа боловсруулж судлаад ир гэхээр яг өнөөдөр хувьчлах шийдвэр гаргуулахаар оруулж ирсэн мэт хэт улс төрийн өнцгөөс хараад байгаа нь эргэлзээ төрүүлсэн. Тэр тусмаа иргэдийн эзэмшиж болох доод хэмжээг мушгиж, иргэдээсээ харамлаж байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл (2)