Хүмүүс хол замын салхиар цангасан, хөдөө ч явж чадахгүй байгаа хоёр дахь ковидтой зун. Нутгийн минь тэнгэр дагаж явдаг гэж онгирдог би азаар Берлиний тэнгэрт нар яаж улаарч жаргадгийг ширтэнгээ энийг бичиж сууна.
Улаанбаатараас Будапешт чиглэлийн тусгай үүргийн анхны нислэгээр зуу орчим монгол хүүхдүүдтэйгээ хорин оны есөн сард нутгаасаа гарсан би тухайн үед олны хөл дагаад тэнд ч очиж ачаагаа жинлүүлээд, төнд ч очиж биеэ нэгжүүлээд хүмүүс босоод алхмагц дагаж алхаад, нэг газар ороод суувал бас дахиад дагаж суусаар хил гаталчихсан юм.
Харин яг хол ганцаараа явах болоход онгоцны том том буудал дээр төөрөх, юу нь хаана билээ гэж гайхах, хоцорчихвол яанаа гэсэн айдас дагаад байдаг юм байна. Хүн гэхдээ гадарлачихаар арай нэг гайгүй тайван, мэдээд байдаг болохоор өөр хамаагүй ганц ч гэсэн хүнд хэрэг болоосой гэсэн дээ энгийн энэ зөвлөгөөг бичиж сууна.
Аль ч орны онгоцны ямар ч том жижиг буудал байлаа гэсэн дараалал бол ойлгомжтой юм байна. Эхлээд онгоцны буудал дээр хангалттай эрт ирнэ, дараа нь check-in буюу бичиг баримтаа шалгуулж чи энэ онгоцоор нисэх эрхтэй гэдгээ баталгаажуулна.
Одоо чинь ихэнх юм цаасан гэхээсээ илүү цахим болчихсон болохоор ухаалаг утсан дээр эсвэл цаасаар нислэгийн тийзийн QR кодтой билет, бас гадаад пасспорт эхний ээлжинд хэрэг болно. Тэгээд дараа нь security check буюу хянан шалгуулахаар дамжин өнгөрнө. Энийг бол хүмүүс сайн мэднэ дээ. Нүцгэлэх нь холгүй би хориотой эд зүйл тээвэрлээгүй гэдгээ батлах гол агуулгатай үйл явц. 100 мл дээш хэмжээтэй шингэн зүйл байвал зөвшөөрөгдөхгүй хураагдчих аюултай, үл бүтэх ачаа авч явбал бас хил дээр саатуулагдах магадлалтай энэ тэр гээд бусад зүйлийг нуршихаа болъё.
За тэрний дараа чамайг авч нисэх онгоцныхоо хаалгыг олно. Миний одоо сууж байгаа Берлиний Бранденбург нисэх онгоцны буудал гэхэд А, В, С гээд гурван талдаа зэрэг онгоц буулгах хүчин чадалтай зөвхөн В тал нь гэхэд 45 үүд, хаалгаар онгоц руу оруулж гаргадаг гэхээр танд хэр томын төсөөлөл буух байх. Тиймээс энэ хэсэгт өөрийнхөө онгоцны хаалгыг үсэг болон тоон тэмдэг ашиглаад үтэр түргэн олох хэрэгтэй байдаг юм байна. За ингээд төгсгөлд нь дахин нэг удаа нислэгийн тийз, гадаад пасспортоо шалгуулснаар онгоцондоо ордог байх нь ээ. Check-in, security check, тэд дугаартай gate, тэгээд тэнд очоод immigration. За ийм дараалал мэдэж байхад давгүй тэгээд сайхан нисэхэд бэлэн.
Тэгээд хамгийн гол нь яарч болохгүй. Аль болох бүх зүйлийг өөрийн хяналтанд байлгахыг хичээгээрэй. Ер нь яарвал даардаггүй, яарвал мартдаг байгаа шүү. Яарвал даарна гэдэг үг яарч байгаад аль нэг хувцсаа мартаад гарсан хүний даарахдаа хэлсэн үг байх нь л дээ, одоо л ойлголоо.
Сая сүрхий “... нисэхэд бэлэн” гэдэг үгээ бичиж дуусгаад онгоц руу гаа яараад гүйсэн замдаа сүүлийн пасспорт, билет шалгуулсан хэсэг буюу immigration дээр Ipad-аа орхиод балрах шахлаа. Нутгийн тэнгэр нь дагаж явдаг гэж үнэн шүү, яг ашгүй хөөрөхөөсөө өмнө санаад одоо тэгээд онгоцон дотор энэ бичвэрээ дуусгах гээд сууж байна. За ингээд энэ хүрээд бичвэр өндөрлөнө, та бүхэнд удахгүй хөлөг хөлөглөөд аялахын ерөөл өргөе.
Тэр болтол халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиарай.
А.Долгор